Компанидаа хэн нэгэнд нь л өгчихгүй юу
Үргэлж гаж юм ярьж, бусдын дургүйг хүргэхийн төлөө төрсөн юм шиг байдаг түүний өвөрмөц имидж нь хэтрүүлж хэлэхэд зэрлэг, бүдүүлэг маягийн гангстер стиль. Төрийн ордонд, нэгдсэн чуулган дээр хүртэл хээв нэг бохь зажилж суудаг энэ ноёнтон хэсэг хугацаанд ордноор үзэгдэж харагдахгүй байж байгаад зөвшилцөл гацаанаас гарч, байнгын хороод хурлаа бөөндсөн өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн ирсэн.
Бусдын нэгэн адил ганзгын наймаагаар бизнест хөл тавьсан түүний бизнес өдгөө ноолуурын буюу үйлдвэрийн бизнес болтлоо өргөжсөн билээ. Япон улсын Марубени корпорациас авсан зээлээрээ барьж, босгосон Буян үйлдвэр нь одоо өрийн барьцаанд байгаа, Жагаагийн өмч биш гэх мэт дэл сул яриа байдаг ч 800-гаад ажилчинтай тус үйлдвэр өнөөдөр ажилласаар л байна. Түүнээс хуулийн дагуу компанийн удирдах ажлаа хэнд шилжүүлсэн тухайг нь сонирхоход Ядах юу байсан юм. компанидаа ажиллаж байсан нэгэнд нь л өгчихгүй юу. Бусдыг нь өөрсдөө олоод мэдчихгүй юу хэмээн хэдэрлэсэн.
Үнэхээр ч компаниа хэн нэгэнд шилжүүлэх нь түүний хувьд ядах юмгүй байсан биз. Учир нь түүний төрсөн дүү Б.Батсайхан гэгч эр Буян холдинг-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Ноён Б.Жаргалсайхан ерөнхий захирал нэртэй л болохоос ажилчдаа ээлж дараалан дуудаж загнахаас өөр ажил хийдэггүй агаад компанийн бүхий л ажлыг хөшигний ардах ноён Б.Батсайхан хийж, гүйцэтгэдэг байсан гэдэг. Ахыгаа бодвол даруухан, ан авд хорхойтой Б.Батсайхан одоо тус компанийг удирдаж байна.
Тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй, АНУ-д мэргэжлээ дээшлүүлсэн өндөр боловсролтой нэгэн. Дашрамд сонирхуулахад Б.Батсайхан Булган аймгийн 11-р тойрогт одоогийн УИХ-ын гишүүн Цэнгэлтэй сонгуульд өрсөлдөх гэж байгаад нэрээ татсан билээ. Тэгэхээр ахынхаа нэгэн адил улс төрд хүчээ үзэж, нэгэн цагт төрийн түшээ болохыг үгүйсгэх аргагүй. Юутай ч алдарт Марубени-ийн өрөнд явчихгүй бол манай урдаа барьдаг ноолуурын хувийн компани Буян холдинг найдвартай хүний гарт очлоо.
2004.10.07, Бизнесийн мэдээ