Электрон засаглал цаг хугацаанаас өрсөн улам ихийг амлаж байна
Одоохондоо өргөн олонд танин мэдүүлэх зорилгоор ихэвчлэн ярьж байгаа ч тус салбарынхан түрүүчээсээ олон улсын зах зээлд гарах хүртлээ боловсорч, үйл ажиллагаагаа хэлбэржүүлснийг энд хэлэх хэрэгтэй. МАХН, Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн хамтарсан хуралдааны шитйдвэрт Мэдээлэл харилцааны технологийн хөгжлийг эрчимжүүлэх хэмээн цоо шинээр тусгалаа. Энэ удаад Мэдээлэл технологийн үндэсний паркийн Мэдээллийн технологийн бизнесийг дэмжих газрын төсөл хөтөлбөр хариуцсан ахлах менежер Ж.Билэгсайхантай хамтран Электрон засаглал сэдвээр мэдээлэл бэлтгэлээ.
Авилга, хүнд сурталгүй, түргэн шуурхай мэдээллийн ертөнцөд морилогтун
E-goүernment буюу Электрон засаглал нь төрийн бүх мэдээллийг электрон хэлбэрээр ашиглах, субьектууд компьютерийн болон интернэтийн сүлжээ-орчноор дамжаад бие биетэйгээ харилцан холбогдох явдал. Сүлжээний тусламжтайгаар бүхий л мэдээллийг цаас ашиглахгүй, цаг, зардал үрэхгүйгээр өргөн олон нийтэд хүртээмжтэй, нээлттэйгээр мэдээлэх, төр засгийн мэдээллийг иргэд нь чөлөөтэй авч ашиглах боломжийг бүрдүүлсэн засаг бий болгохыг хэлээд байгаа юм. Өргөн утгаар илэрхийлбэл, ерөөсөө нийгэмд маань орчин үеийн компьютерийн техник, технологийн тусламжтайгаар мэдээлэл солилцож, амьдрал, үйлдвэрлэлээ явуулах арга хэлбэр гэж болно.
Электрон засаглалыг явуулахын тулд сүлжээний технологид суурилагдсан мэдээллийн том том баазуудыг эхлээд бүрдүүлэх шаардлагатай. Жишээ нь, эрдэмтэд, оюутнууд, иргэд адил тэгшээр ашиглах боломжтой, мэдээллийн олон сангаас бүрдсэн Шинжлэх ухааны, технологийн мэдээллийн гэх мэт төрөлжсөн сан баазууд байх ёстой л доо. Мэдээллийн бааз нь нийтэд хүртээлтэй, нээлттэй нь дийлэнх байх ёстой ч мэдээжээр хаалттай, төрийн ажилд ашиглагддаг нь байж бас болно. Төр, засаг электрон мэдээллээ ашиглаад, харьяасалбар, системийн байгууллагууд нь сүлжээгээрээ дамжаад мэдээллийн өргөн урсгалыг маш өндөр хурдтайгаар солилцож байгаа хэрэг. Ажлаа явуулахын тулд машинд суугаад ийш тийш давхиад байхгүй, утасдаж ядаад байх юмгүй, мэдээллийн нүсэр бүтцэд хоромхон зуур хандаад, хэрэгтэй зүйлсээ олоод ашиглачихна гэсэн үг. Байгууллагын дотоодод бол E-office системээр Электрон Тамгын газар байгуулдаг. Ийм л ерөнхий зарчимтай. Сүүлийн үед кабелийн телевизийн сувгийг ашиглаад интернэтэд хэд дахин хямд үнээр нэвтрэх боломжтой технологи ч буй болсон. Биднээс гадуур хөгжил улам хурдасч, боломж нь улам бүр л нэмэгдэж байна аа даа. Монголд удахгүй нэвтрэх биз дээ.
2004.10.07, Бизнесийн мэдээ