Богд хайрхан уулын төрийн тахилгын ёслол боллоо

Төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын Засгийн газрын шадар сайд Ч.Улаан, УИХ, Засгийн газрын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга Б.Батхишиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд ерөнхий менежер Т.Мөнхбаяр болон нийслэлийн төр захиргааны удирдах ажилтнууд, Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлон хийдийн хамба лам Д.Дамбажав нарын хүмүүс оролцлоо.
Тахилгын ёслол морин цагт Монгол Улсын Төрийн тэргүүн Н.Багабанди Богд хайрхан уулын тахилгын овоонд хүндэтгэл узүүлж, ёсолсноор эхэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Н.Багабанди хуран цугласан лам хувраг, ард иргэддээ хандан үг хэлэв.
Үүний дараа Богдхан хайрхан уулын тэнгэрт хандсан зарлигийн айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав уншин сонордуулав.
Зарлигийн айлтгалыг уншиж дуусангуут ёслолд оролцогч бүх хүмүүс сөгдөн тэнгэрт мөргөн, Ерөнхийлөгчийн зарлигийн айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг бэлэгшээн хурайлцгааж монгол төрийн тэргүүн Н.Багабанди зарлигийн айлтгал, хүж, хөх цэнхэр торго тэргүүтнийг галд өргөж тэнгэрт илгээлээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди тэнгэрт өргөх сумыг хуяг дуулга бүхий мөргөн харваачид өгч тэнгэр сумны дуу сонсгох ёсыг үйлдэж, хөлөгчийн авчирсан бүгээн зүсмийн хурдан удамт адууг сэтэрлэснээр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол эртний ёслол хүндэтгэл, дэг жаягийн дзгуу сайхан болж өнгерлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан халдун уул, Богд хан хайрхан уул, Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, Дарьгангын Дарь овоог дөрвөн жилд нэг удаан тайн тахидаг билээ гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
( өдрийн сонин 2004.10.08 249)