Хадгаламж зээлийн хоршоо дагасан залилангийн жим
Энэ бол зарим гэнэн нэгнээс мөнгийг нь саах сайхан боломж. Юун 90 саяын Гансүх, Банкны Цолмон, сүлжээний бизнес. Мөнгө мөрөөдөж толгойгоо гашилгахын хэрэггүй. Тэднээс илүү ихийг богино хугацаанд олоод гадаадад гарцгаая. Ойр дотныхноо зовох юмгүй хоолтой нь залгуулчих нь. Би яах вэ, баригдвал сайндаа л хэдэн жил нарсанд сууна биз. Хоригдох тийм ч муу зүйл биш шүү хэмээн залилагчид шинэ төлөвлөгөөндөө хорхойсон сууна. Зарим нь аль хэдийнэ энэ аргаа хэрэгжүүлээд эхэлчихсэн.
Мөнгөгүй нь хадгаламж зээлийн хоршоод хийгээд иргэдийндунд зуучлах болов. Ухаантай, боловсролтой байрын дэгжин залууст иргэд амархан итгэж өөрсдөө мөнгөө бариад гүйж эхэлдэг гэнэ. Ид цэцэглэж буй залилангийн хавханд олон хүн хоосрохоо мэдэхгүй шунаж явна. Харин зээлийн хоршоод зуучлагчдынхаа олж ирсэн мөнгөнийх нь 20-30 хувийг нь өгөх гэрээ хийчихээд додигор сууцгаана. хүний гараар могой бариулж суугаа хүмүүс үүнээс өөр яах ч билээ. Хуулийнхан эл залилангийн хэргийг нь мэдчихвэл тэдний хариуцлагыг үүрээд гарах эзэн бий. Тэгэхээр нэг их санаа зовохгүй. Хохирогчид хадгаламж зээлийн хоршоодоос бус гэрээ хийж авч өгөлцсөн хүмүүсээсээ мөнгөө нэхнэ. Харин хоршоодын эздэд гэрээ хийсэн бичиг баримт байхгүй, бид мэдэхгүй юм байна гээд суухад хангалттай. Ингэхийн тулд л овжин нэгнь тэдэнд ус агаар мэт эрэлт хэрэгцээтэй байна. Зуучлагчид хууль, цагдаагийнханд баригдлаа гэхэд аргалж чадвал тэр л биз. Аргалж чадахгүй бол шоронд сууна.
Нэг хэсэг банкны өр барагдуулах албанд зүтгэн хөөрхөн ашиг олж байсан рецедив хэрэгтнүүдийн зарим нэг нь эл зээлийн хоршоодын хөл гар болсон сураг ч дуулдав. Энэ хооронд шинээр зээлийн хоршоод төрж, дампуурлаа зарлах нь зарласаар.
Хууль зүй, дотоод хэргийн яам зөвшөөрлийг урьдын адил олгосоор. Харин энэ дунд зарим иргэд хоосорч, орон гэргүй болж, хадмындаа, дүүгийндээ, ахындаа толгой хавчуулан амьдарч буй хүн ч бишгүй нэг байна.
17 хоршоотой холбоотой залилагч
Хадгаламж, зээлийн 17 хоршоотой холбоотой залилагч ч байдаг гэнэ. Тэрбээр иргэдээс мөнгө авч хоршоодод өгөн өөрөө тодорхой хувийг нь алдаг аж. Энэ хэргийг одоо Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Иргэдийн гомдлын дагуу 10 гаруй хадгаламж, зээлийн хоршоодын эздэд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тэднийг хэрэгтний ширээнд суулгах магадлал тун бага аж. Дээрх аж ахуйн нэгжүүдтэй хийсэн иргэдийн бичиг баримт байхгүй, эсвэл дутуу учир нотлох баримт хангалтгүй байгаатай холбоотой гэнэ.
Тус хэлтсийн нэгэн мөрдөн байцаагч ярихдаа, Зах зээлийн нийгэмд шилжих үеэс залилангийн гэмт хэргийн хөрс суурь манай оронд соёлж эхэлсэн. Хадгаламж, зээлийн хоршоо нэртэй баталгаатай, баталгаагүй олон аж ахуйн нэгж бий болсноос хойш эл хэрэг улам хүчээ авч байна. Урьд нь залилангийн шинжтэй олон хэрэг гарч байсан. Зээлийн хоршоодтой харьцуулах юм бол юу ч биш. Судлаад, мөрдөөд ирэхээр олон хүн оролцсон байх юм. Ах, дүү хамаатан садан, эсвэл гэр бүлээрээ ийм хэрэг үйлдсэн хүмүүс олон. Бид заавал шалгаад мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээд байх албагүй. Иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Манай улсад залилангийн хэрэг тоймоо алдсан болохоор шалгахаас аргагүй болоод байна. Хэрэгт холбогдож буй хүмүүсийн дийлэнх нь шүүхээр шийтгүүлж байсан байх юм. 17 аж ахуйн нэгжтэй холбоотой ажилладаг нэгэн сэжигтнийг саяхан илрүүлсэн. Тэр ах дүү, хамаатан садантайгаа хамтраад 20 хүнээс 200 гаруй сая төгрөг залилчихаж. Тэгэхээр зөвхөн нэг сарын дотор гээд боддоо. Хохирогч нарын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай хэмээсэн юм.
Зохиомол ядуурал
Хадгаламж зээлийн хоршоодын эл луйвраас болж олон иргэн амиа хорлоход хүрээд байна. Охиноо хадамд гаргахаар зэхэж байсан мөнгө, хүүгээ гадаадад сурахад ньзарцуулах ёстой валют гээд цөөн бус хүн гар дээрээ байсан хэдэн бороо өсгөх гэж хоршоонд өгчээ. Хадгаламжийн хүү өндөр учраас итгэсэн хэрэг. харин нэг л өдөр дампуурсан зээлийн хоршоодын дунд найдвартай гээд байсан түншийнх нь нэр байдаг байгаа. Нэг хоршоо дампуурснаас болоод хэд хэдэн гэр бүл ядууралд орж, үр хүүхэд нь гудамжинд гарахад хүрчээ.
С.Отгонбаяр хэмээх нүдэнд дулаахан, 40 орчим насны бүсгүй. Хүнтэй эелдэгхэн харилцана. Хэн ч түүнд итгэхгүй байхын аргагүй уран цэцэн үгтэй. тэрбээр ихэвчлэн амьжиргааны төвшин доогуур амьдралтай хүмүүсийн байрыг барьцаалан хоршоодоос зээл олж өгдөг. Түүний ов залинд өнөөдрийн байдлаар 21 хүн өртөж нийт 150 гаруй сая төгрөгөөр хохирчээ.
Түүнд залилуулсан хохиогчдын дийлэнх нь ямар нэгэн осолд өртөж, тахир дутуу болсон буюу хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс. Нэг бол олон хүүхэдтэй өрх байх аж. С.Отгонбаярт залилуулсан нэгэн хохирогч ийн ярьсан юм.
-Манайх Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны Цэргийн хотхоны 9-р байранд амьдардаг. Отгонбаяр миний эртний танил Оюунтай манайд ирж Архангай аймагт микроавтобусаар зорчигч тээврийн үйлчилгээ хийж богино хугацаанд ашиг олох бүрэн боломжтой. Иймд чиний байрыг барьцаанд тавиад таван сая төгрөгийг сарын хүү, торгуулийн хамт би өөрөө төлнө. Чамд ямар ч эрсдэл байхгүй хэмээн байрных нь гэрчилгээг аваад явжээ. Үүнээс хойш өнөөдөр, өглөө, үдээс хойш, маргааш өгнө гэх мэтээр хуурч зугтах болсон байна. Эцэст нь хоёр өрөө байраа Европын хөгжил хадгаламж зээлийн хоршооны шахалтад орж заран, үндсэн зээл таван сая төгрөг, хүү, торгуулийн хамт бүгд 6260000 төгрөгийг төлж орон байргүй болсон. Энэ хугацаанд С.Отгонбаяраас өрөө нэхэж хэд хэдэн удаа уулзаад явж байхад түүнээс өр нэхсэн олон хүнтэй таарсан. Европын хөгжил хадгаламж, зээлийн хоршоонд С.Отгонбаяр хөрөнгө оруулсан хамтран эзэмшигч юм билээ. Тэр зээлдэгчээсээ зээлээ эргэж төлөх ямар ч тооцоо судалгаа шаарддаггүй. тус хоршоо нь С.Отгонбаярын барьж орсон миний болон хүмүүсийн байрны өмчлөлийн гэрээг хараад л мөнгө олгодог. Тэдэн төгрөгөөр тохирлоо, одоо ороод мөнгөө аваад гараад ир гэж зуучлагч хэлдэг. Зээлийн хоршооны эзэн А.Уранцэцэг нь хүмүүсийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах ямар ч алхам хийдэггүй. Зөвхөн С.Отгонбаярын зуучилснаар 1-р хорооллын олон айлын орон байрыг тавьж байна гэж мэдсээр байж таслан зогсоох арга хэмжээ авдаггүй юм билээ. Ер нь тэд залилан хийж байгаа нь илт. Одоогоор тэрбээр гэр бүлийнхээ хүнтэй хамт орон гэрээсээ дайжаад олдохгүй байна. Цагдаа нарт баригдахгүй байгаа. Нэг удаа түүнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст барьж өгсөн боловч, суллаад явуулчихсан байсан. Тийм болохоор хэрэг шийдэгдэхгүй нь янзтай. Залилан мэхлэгч нар өөрийн гэсэн ов мэхтэй байдаг бололтой. Эсвэл биднээс авсан мөнгөөрөө байцаагчаа хахуульддаг ч байж болох юм гэв.
С.Отгонбаярыг цагдаагийнхан баривчилбал бидний мөнгө олдохгүй гэж хохиогчид нь үздэг аж. иймд нэгэн хохирогч түүнээс өрөө авах нэрийдлээр гэртээ гурав хоног хорьжээ. С.Отгонбаяр, Би танайд хоригдоод байвал мөнгийг чинь олж өгсөн юм байхгүй,б айгаад л байна. Би юу ч гэсэн гадуур гарч хүн, амьтантай уулзъя гэжээ. Хохирогч Чи, яаж миний мөнгийг өгөх юм бэ. Тэгвэл надаас яаж байрыг минь авсан түүгээрээ олж өг. Бусдыг залилж байрыг нь ав хэмээсэн гэнэ.
Эл хэргийг мөрдөж буй мөрдөн байцаагч хохирогчоос Хаана байгааг нь таамаглаж байна уу гэхээр мэдэхгүй гэж хариулсан аж. Харин дараа нь тэрбээр залилагчийг нууж байсан нь илэрсэн тухай мөрдөн байцаагч ярьж байсан. Бусдад мөнгөө алдчихаад бүр болохгүй болохоор нь өөр нэгнийг залилаад олоод өг гэсэн нь аргаа барсан хүний амнаас гарсан үг байсан биз.
Хууль сахиулах байгууллага нь хадгаламж, зээлийн хоршоо ажиллуулах зөвшөөрлийг өндөр шалгуураар олгосон бол зарим иргэ д ингэтлээ хоосроход хүрээ ч үү, үгүй ч үү. Ядаж хоршооны үндсэн хөрөнгө 100 сая байсан бол эрхийг нь аваад нэгнийгээ мэхлэх нь ховор байхсан. Хэдийгээр өнөөдөр иргэдийн гар дээр мөнгө төвлөрч буй ч 100 саяыг амархан гаргаад зээлийн хоршоо байгуулчих хүн байхгүй л байсан болов уу.
2004.10.07, Өнөөдөр