Чанву, Юү Жин шиг л…
Моод Монголоор дуусдаг хэмээн ярих дуртай бид энд тэндхийн аль л аятайхан гэснийг шилж өмссөөр хэн гэдэг нь мэдэгдэхгүй эрлийз болж орхих шиг. Үдэш бүр цэнхэр дэлгэцээр бидэнтэй уулздаг савангийн дуурийнхны үйл хөдлөл, үг яриа бүр нь охид хөвгүүдийн маань үзэл бодол, хэв маягт шингэж байна. Нэг хэсэг барууны моодыг дуурайдаг байсан манай залуус сүүлийн үед Ази тал руугаа хошуурах болсон нь нэг бодлцн ололт ч юм шиг санагдана. Ингвж наашилсаар үндэснийхээ хэв маягийг сонирхох ч юм бил үү. Хаана дэлгүүр тааралдана, тэндхийн бүх лангууг солонгос бараа чимдэг болж. Хөвгүүд Чанвугийнх шиг ороолт, Ян Жэгийн үс засалтыг сонирхож, харин охид Юү Жинийн пальтогоор гангарсаар…
Солонгосын савангийн дуурийг тухалж үздэг хумүүс эдгээр жүжигчин, тэдний кинонд тоглохдоо өмссөн хувцсыг андахгүй.
Жил бүр зохиогддог хувцас загварын шилдгийг тодруулдаг Гоёл наадмыг тэсч ядан хүлээдэг үзэгч олон бий. Өвлийн дунд сарын гуравхан үдшийг л бид үндэсний хувцас, ур дүйгээ гайхуулан уралдах монгол загвар зохион бүтээгчдээрээ бахархан өнгөрүүлдэг билээ. Энд шалгарсан шилдэг загваруудаас худалдаж авдаг хүмүүс цөөнгүй бий гэсэн.
Өндөр үнэтэй эдгээр бүтээлийг өмсөөд явж байх хумүүс ховор байх нь ч аргагүй юм. Гэсэн ч бид дэмжих хэрэгтэй. Дэмжиж байна гээд хонхны баяр, шинэ жил мэт хэдхэн өдөр л дээлээр гангараад өнгөрөх нь утгагүй.
Тэгээд бид дээл өмсөөд гудамжаар явж байх хэрэг үү гэж Та асууж байна уу? Дээл, хантаазыг л үндэснийхээ хэв маяг гэж бодвол эндүүрэл. Өөрсдийн гэсэн монгол имижииг илтгэх өвөрмөц шийдэлтэй хувцас бүтээх хэрэгтэй юм. Өсвөр насны охид хөвгүүд, залуусын сэтгэхүй, тэдний мэдрэмжид хэн хамгийн их нөлөөлдөг вэ? Тэдэнд хамгийн ойрхон нь хамтлаг дуучид, киноны одууд. Гэтэл манай залуу хамтлаг дуучид тэр чигээрээ гаднын хуулбарууд байдгийг та мэдэж байгаа. Үнэнч фэнүүддээ үлгэр дуурайл болох дуучид маань ч гэсэн монгол гэсэн хэв маяг, хувцасны моодыг үзэгчдийнхээ дунд дэлгэрүүлэхэд нөлөөлдөг болоосой.
Тэгвэл залуус маань монгол хувцсаараа гангарч өөрийн гэсэн хэв маяг, донжийг илтгэсэн моодны ертөнцийг Азийн тавцанд гаргах болно. Монгол үсний засалт, монгол хэв маягийг агуулсан хүрмээр гангарсан залуус хотын гудмаар алхах цаг тун удахгүй ирэх биз. Гаднын бус монгол хувцсаа моод болгон өмсч үндэсний хэв маягаараа амьсгалцгаая.
(Өнөөдөр 2004.10.07 234)