БЗХӨ гэж юу вэ?
БЗХӨ гэж юу вэ?
Хуучнаар арьс өнгөний өвчин гэх, манайд эрт дээр үеээс л элбэг байсан, нэгэн үе монгол үндэстнийг мөхлийн ирмэгт аваачсан гэдэг/тэмбүү/. Одоо зөвхөн хэлбэр төрлийн хувьд өөр боловч БЗХӨ мөн элбэг хэвээр гэж болно. Харин ч улам ихсэх хандлагатай. БЗХӨ гэж бэлгийн хавьтлаар /үтрээгээр, амаар, хошногоор г.м/ дамжин халдварлагддаг хэсэг бүлэг өвчнүүдийн ерөнхий нэр юм. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүнд халдварлагдах олон янзын нян, вирусаар үүсгэгддэг 20 гаруй нэр төрлийн өвчнүүдийг хэлнэ. Зарим нь бүрэн эмчлэгдэнэ, зарим нь бүх насаар үлдэнэ. Тухайн хүний бие, сэтгэл санаа, дадал зуршил гээд бүх зүйлд нөлөөлдөг. Ер нь аливаа БЗХӨ туссан үед ДОХ-ыг үүсгэх ХДХВирус авах эрсдэл мөн өндөр. Орчин үед БЗХӨ-ий талаар арвин судалгаа, мэдлэг мэдээлэлтэй болсон тул урьдчилан сэргийлэлт, эмчилгээ оношлогооны асуудалд эрс өөрчлөлт гарсан юм.
Эмэгтэйчүүдийн хувьд бол БЗХӨ тусчихаад ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг, ялангуяа өвчний эхний үед. Ингэснээр өвчнийг хундрүүлж хожуу эмчилгээ эхлэх явдал гардаг. Эрт эмчилгээ хийгээгүйгээс болж бага аарцгын эрхтний үрэвсэл, үргүйдэлт зэрэг хүндрэлүүд үүснэ. Зарим нэг БЗХӨ нь жирэмсний эсвэл төрөх үед эхээс хүүхдэд дамжин халдварлагдаж болдог. Ийм ч учраас эмэгтэйчүүд БЗХӨ-ий талаар онцгой мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатай байдаг.
Манайд БЗХӨ хэдийнээс их байсан гэж хэлсэнчилэн эрүүл мэндийн газрууд, эмч нар цонхилон тохиолддог тэмбүү, заг хүйтэн зэрэг өвчнийг оношлох эмчлэх тодорхой дадал туршлагатай тул сүүлийн үед эрс ихсээд байгаа вирусны гаралтай өвчнүүд дээр илүү анхаарал хандуулах нь зүйтэй гэж бодлоо. Иймд өөрийн өдөр тутмын эмчийн практикт тохиолддог асуултуудыг асуулт хариулт хэлбэрээр та бүхэндээ толилуулъяа.
Цагаан юм гарах нь БЗХӨ мөн үү?
БЗХӨ-ийг зөвхөн илрэх ямар нэгэн шинжээр оношлох хэцүү. Цагаан юм гэх үтрээнээс гарах ялгадас нь маш олон шалтгаантай байдаг. Ихэнх БЗХӨ ямар ч шинж тэмдэггүй. Шинж тэмдэг байсан ч өөр БЗХӨ, эсвэл бусад үрэвсэл халдвартай хосолсон хэлбэрээр байж болно. Зөвхөн нарийн мэрэгжлийн эмчид үзүүлж, дээрээс нь зохих шинжилгээнүүдийг өгснөөр БЗХӨ-ийг оношлоно.
Хламид гэж БЗХӨ мөн үү? Яаж мэдэх вэ?
Хламид бол бэлгийн замаар халдварлагддаг паразит нян юм. Ихэвчлэн онцын шинж тэмдэггүй байдаг. Шээхэд өвдөх, хорсох мөн цагаан юм ихсэж болно. Зөвхөн лабораторийн шинжилгээ оношлоно. Хэрэв илэрсэн бол бэлгийн харьцагч заавал эмчлэгдэх ёстой, эс тэгвээс давтан халдварлагдах аюултай. Хэрэв эмчлэгдэхгүй бол бага аарцгын эрхтний үрэвсэл үүсгэх, өндгөвчөөр өвдүүлэх, улмаар үргүйдэлт ч үүсгэж болно.
Yтрээрүү оруулаагүй бол БЗХӨ авах уу?
БЗХӨ амаар, хошногоор, үтрээгээр дамжина. Хэдийгээр үтрээ эсвэл хошногруу эр бэлэг эрхтэн ороогүй ч халдвар авах бүрэн боломжтой. Ам-шодойн хавьтлын үед ч кондом хэрэглэх нь зүйтэй. Хамгаалтгүй амаар хавьтагчдын амны хөндий, тагнай, буйланд БЗ-ын халдвар тархаж өвчилсөн явдал улам ихсэх хандлагатай байна. Мөн онгон хальс бүтэн хэвээрээ ч гадна бэлэг эрхтэн дээр БЗХӨ халдварлагдсан байдаг. Сүүлийн үед 18-25 насны залуучууд дунд ийм халдвар нэн элбэг байна. Эрт бэлгийн харьцаанд орох, олон хавьтагчтай байх нь БЗХӨ тусах гол эрсдэл болдог.
БЗХӨ бүрэн эдгэрдэг үү?
Зарим нь бүрэн эмчлэгдэнэ, зарим нь үгүй. БЗХӨ-үүдийг 2 төрөлд хувааж ойлгох хэрэгтэй нянгийн ба вирусны гаралтай гэж. Вирусны БЗХӨ бүрэн эмчлэгддэггүй. Жишээ нь бэлгийн хомхой, хүний папиллом вирусны халдвар, бэлгийн үү, кондилом, ДОХ зэрэг болно. Эдгээрийн тодорхой шинж тэмдэг, зовиурыг багасгаж эсвэл арилгаж болох авч хүний биедэхь вирусыг бүрэн устгах эмчилгээ одоогоор алга байна. Элэгний Б вирус мөн бэлгийн замаар халдварлагддаг тул вакцин хийлгэснээр хамгаалж болно. Нянгийн БЗХӨ нь ихэвчлэн бүгд антибиотикоор эмчлэгдэнэ. Хламид, заг хүйтэн, тэмбүү зэрэг нь бүгд нянгууд юм. Гол нь ихэвчлэн хавсарсан, хосолсон хэлбэрээр байдаг тул оношлогоо, эмчилгээг зөв тохируулах хэрэгтэй.
Заг хүйтэн яаж халдварлагддаг вэ?
Гонорей гэж бас хэлдэг. Гонококк нянгаар үүсгэгддэг энэ халдвар ам, хошного, үтрээний хавьтлаар халдварлагдахаас гадна шүлс, цус, үрийн шингэн, үтрээний ялгадас хоорондоо холигдоогүй, шодой дотогшоо ороогүй үед ч халдварлаж болно. Нууц үе нь 2-7 хоног. Гол нь бэлгийн харьцааны үед бүр эхнээсээ эхлээд бүүр хийж дуустлаа бэлгэвч хэрэглэх нь хамгийн зөв хамгаалалт юм.
Тэмбүүг яаж мэдэж болох вэ?
Бусад БЗХӨ-ий адил хавьтсаны дараа шууд шинж тэмдэггүй. Нууц үе 14-24 хоног байж болно. Гурван үндсэн үе шаттай явагддаг тул шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөх аюултай. Эхний үед бэлгийн хавьталд орсон газар шодой, хуйхнаг, бэлгийн уруул, умайн хүзүү, бөгсний нүх, уруул, тагнай дээр хатуу, өвчингүй яр шархлаа гараад 1-3 сар болдог. Яваандаа ямар ч эмчилгээгүй өөрөө алга болж болно. 2 дахь үедээ биеийн гадаргуу цоохортоно, хөлийн ул, гараар олон тууралтууд гараад мөн 1-3 сар болоод өөрөө алга болж болно. Эцэст, 3 дахь үедээ ихэвчлэн ямар ч шинж тэмдэггүй далд үедээ ордог эсвэл арьс ясан дээр товруут тэмбүү, зүрх судасны тэмбүү, мэдрэлийн тэмбүү зэрэг хүндрэлүүд үүсч нас баралтанд хүргэнэ. Энэ өвчин манайд хамгийн элбэг байсан. Ямар ч шинж тэмдэггүй байсан цусны шинжилгээгээр илрүүлж болно. Ямар ч үедээ байлаа эмчилж болно.
Элэгний Б шар өвчин бэлгийн замаар халдах уу?
Бэлгийн замаар халдварлагддаг өвчин. Зөвхөн Б ч биш, мөн Ц элэгний вирусыг авч болно. Элэгний Б вирус 2 янзаар нөлөөлнө. Ихэнхдээ дархлаа вирустай учирмагц хурц халдвар явагдаж улмаар вирус идэвхгүй болно. Ийм хүмүүс Б вирус авснаа мэдэхгүй явцгаадаг. Заримдаа дархлаа сул үед вирус тээгч болж хувирдаг. Амьдралын турш вирус халдварлагдах чадвартай ба ийм хүмүүс элэгний хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэлтэй болдог. Гэхдээ Б вирусын эсрэг вакцин байдаг тул урьдчилан сэрийлэх боломжтой.
Бэлгийн хомхойтой байж жирэмслэвэл яах вэ?
Бэлгийн хомхой гэж герпес вирусаар үүсгэгддэг БЗХӨ. Ихэвчлэн жирэмслэлт, төрөлт хэвийн явагддаг. Хэрэв төрөх замд вирусны дайрлага явагдсан бол хүүхдийг хамгаалах үүднээс кесараар төрүүлж болно. Жирэмсэн байхад бэлгийн хомхойн вирусны дайрлага явагдсан бол эрсдэл ихэсдэг.
Хүний папиллом вирус гэж ямар өвчин бэ?
ХПВ гэдэг нэрийн дор 100 гаруй төрлийн вирус бий. Їү үүсгэдэг учраас папиллом гэж нэрлэсэн. Гар хуруун дээр гардаг үү бол ХПВ-аар үүсэх ба хоргүй хавдар гэж явна. Эдгээр үүг үүсгэх ХПВ, мөн бэлэг эрхтэн, амны хөндийн ургацаг үүсгэх ХПВ зэрэг нь хоорондоо ялгаатай. Зарим нэг төрөл нь хорт хавдар үүсгэдэг. Дээрхи 100 гаруй төрлөөс 30-аад нь бэлгийн замаар халдварлагдана. Хэдийгээр оношлогдох боловч яг хэзээ халдвар авсныг хэлэхэд хэцүү. Сүүлийн үед манай залуучууд дунд маш ихэссэн гэж болно. Їзүүлж байгаа хүмүүсээс өдөрт л 1-2 илэрч байна. Ихэнх ХПВ яваандаа алга болдог бол зарим нэг нь архаг хэлбэрээр үлдээд эсийн өөрчлөлт үүсгэдэг.
Бэлгийн үү гэж юу вэ?
Кондилом гэдэг. Ихэвчлэн ХПВ-6, 11 зэргээр үүсгэгддэг. Бэлгийн хавтлаар халдвар аваад олон хоног, сарын дараа үү ургаж болно. Эсвэл халдвар авсан ч огт үү ургахгүй ч байна. Їү нь олон тооны барзгар эсвэл хавтгай товгор хэлбэртэй байж болно. Цусан хангамж сайтай тул амархан гэмтэж цус гарна, үсэрхийлнэ. Ихэвчлэн шодойн арьс, бэлгийн уруул, хярзан, хэлүү, умайн хүзүүн дээр мөн бөгсний нүх орчим ургана.
ХПВ ямар хавдар үүсгэдэг юм бэ?
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх гол шалтгаан гэж үздэг. Манай эмэгтэйчүүдийн хамгийн элбэг хорт хавдар бол савны хавдар гэж ярих умайн үзүүний хорт хавдар юм. Мөн бөгсний нүх, бэлгийн уруул, үтрээ болон амны хөндий, хоолой, хэлний угын хорт хавдар үүсгэнэ гэж үзэж байна.
Ямар ХПВ хорт хавдар үүсгэдэг вэ?
Хавдар үүсгэх эрсдэл өндөртэй ба багатай ХПВ гэж ангилдаг. Аль алин хавдар үүсгэж болно, гэхдээ эрсдэл өндөр ХПВ-ыг хавдартай шууд холбож үздэг. Бэлгийн замаар халдварлагддаг эрсдэл өндөр ХПВ-ын төрөлд ХПВ-16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59, 68, 69 зэрэг мөн бусад хамаарч болно. Судалгаа нотолгоо хийгдэх хэрээр тоо нь нэмэгдээд байх бололтой. Эдгээр өндөр эрсдэлтэй ХПВ-аар үүсгэгдсэн үү нь энгийн нүдээр харагдахгүй тул заавал тусгай тест урвал хийж, шинжилгээ авах хэрэгтэй болдог.
ХПВ-ын халдвар, хорт хавдрын эрсдэл юунаас болдог вэ?
Олон бэлгийн хавьтагчтай байх нь эрсдэлт хүчин зүйл мөн. Хорт хавдар үүсгэдэг ХПВ нь өөрт мэдэгдэх ямар ч шинж тэмдэггүй байж болох тул тогтмол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зохих шинжилгээ өгч байхгүй бол мөн эрсдэл ихтэй болдог. Аажмаар хавдар үүснэ гэсэн үг. Гэхдээ өндөр эрсдэлтэй ХПВ авсан эмэгтэйчүүд болгонд хорт хавдар үүсдэггүйг тэмдэглүүштэй. Гол нь нарийн мэрэгжлийн хяналт чухал байдаг. Умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлд тамхи татах, олон төрөх зэрэг нь мөн хамаардаг.
ХПВ-ыг яаж оношлодог вэ?
Умайн хүзүүнээс эсийг цуглуулж тусгай лабораторид вирусын ДНХ-г судалж өндөр эрсдэлтэй ХПВ-ын 13 төрлийг оношлодог. Манайд оронд оношлодог. Мөн умайн хүзүүний эсийн шинжилгээгээр мөн оношлоно.
Умайн хүзүүний хавдар болж байгаа эсэхийг урьдаар мэдэж болох уу?
Зөвхөн Пап тест буюу умайн хүзүүний эсийн шинжилгээгээр хавдар үүсч байгаа эсэхийг оношлоно. Ердийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр эсвэл Эхогоор хэзээ ч илрүүлэхгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Пап тестийг бэлгийн харьцаанд орсон л бол жил бүр 1 удаа өгч байхад хангалттай гэж үздэг. Ингэснээр урьдал өвчнийг илрүүлнэ. Урьдал өвчин нь хөнгөн, дунд, хүнд хэлбэртэй байх бөгөөд ихэвчлэн буцаж эдгэрдэг талтай. Гол нь нарийн хяналт чухал. Хяналт алдагдвал хавдар үүсэх аюултай гэсэн үг. Шаардлагатай бол бид тусгай тест урвал хийж, эдийн шинжилгээ авна, мөн дурангийн оношлогоо хийж оношийг тодруулна. Їндсэндээ умайн хүзүүний хорт хавдрыг БЗХӨ гэж ойлгох нь чухал юм.
БЗХӨ-өөс хэрхэн сэргийлэх вэ?
Хамгийн найдвартай арга бол огт бэлгийн харьцаанд орохгүй байх. Гэхдээ энэ бол бүтэшгүй зүйл нь мэдээж. Гол нь БЗХӨ авахад заавал шодой дотогшоогоо орсон байх албагүй гэдгийг санаарай. Зүгээр арьс арьсандаа хүрэхэд заримдаа вирус, нян дамжих боломжтой. Ямар ч үед бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх хамгийн чухал. Биедээ байнга бэлгэвч авч явж бай. Мөн бэлгэвчийг үйлдвэрлэгдсэн хугацааг шалгахад илүүдэхгүй. Їтрээний хавьтлын үед мөн нэг удаа үтрээн дотроо хийж хэрэглэдэг эмэгтэйчүүдийн үтрээний бэлгэвч гэж бий. Эмийн сангаар байдаг. Амны хавьтлын үед ч шодой бэлгэвчтэй байх хэрэгтэй. ДОХ, элэгний Б вирус зэрэг нь мөн тариураар дамждагыг санууштай. Їргэлж нэг удаагийн тариур, зүү хэрэглэ. Бэлгийн харьцаанд орох хүнтэйгээ болж өгвөл илэн далангүй харьцаатай байж, харилцан ойлголцож, ярилцаж, урьдчилан бие биесээ, бэлэг эрхтнийг нь үзэж шалгаж байж хавьтвал таньд л хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд анхаарал, хяналтыг сулруулахгүйн тулд согтууруулах ундааг хэтрүүлэн хэргэлэхгүй байх, мөн тогтмол нэг бэлгийн хавьтагчтай байхыг хичээх нь зүйтэй.
Даффодил Эмэгтэйчүүдийн Клиник эрүүл мэндийн боловсролын материалыг хуулбарлах, ашиглах тохиолдолд тус клиникийн нэрийг заавал дурьдах. 2004.