Хүн бүр Хүлээлгийн өрөөг дайрдаг

Манай улс хоёр сая таван зуу гаруйн хүн амтай. 1980 онд мянган хүнд ногдох төрөлт 40 байсан бол өнгөрсөн оны эцэст гэхэд 18,4 болтлоо буурчээ. Харин мянган хүнд ногдох нас баралт 1956 онд хамгийн их буюу 14,3 хувь байсан бол өнгөрсөн онд 6,4 болсон статистик байна.
Өнөөдөр Монголд өдөрт дунджаар 118 хүн мэндэлж, бидний дундаас 50-иад нь хорвоог орхидог гэсэн үг. Гэхдээ үхлийг тооцоолох, төлөвлөх аргагүй билээ. Саяхны нэгэн мэдээгээр гурван монгол эмэгтэй хүн тутмын нэг нь үргүйдэлд орж байна гэсэн нь аюулын харанга дэлдэж байна. Жамаас гадна цаг бусын үхэл ихэссэн энэ үедп тэрхүү байр сав, ачааллаа хэдийнэ даахаа больжээ. Хүлээлгийн өрөөнд амьрагсдыг хонины гулууз мах шиг хураачихсан байна гэхэд та итгэх үү. Ар гэрийнхэн нь авах гээд ирэхдээ дотогш төдийлөн нэвтрэхгүй, хүлээлгийн өрөөний ажилчин дугаар бичгээр нь хайж олоод засч янзлаад авч ирэхэд л сая хардаг болохоор үүнийг төдийлөн мэддэггүй эмзэглэдэггүй бололтой.
Тэр өрөөний дотоод амьдрал хүн бүхэнд хамаатай
Улаанбаатарт клиникийн нэгдсэн гурав, хоёрдугаар эмнэлэг, мөн Гэмтэл согог, Халдварт, Хавдар судлал, Эх нялхсын клиник эмнэлэг цөөн тооны шарил хадгалах газартай. Хамгийн том нь нэгдүгээр эмнэлгийн дэргэд байрлах Улсын шүүх эмнэлгийн магадлах төвд байдаг. Энд багтаамжаараа 30 орчим шарил хадгалах ёстой ч дандаа даац хэтэрдэг аж. Дүүргийн эмнэлгүүд болон гэрээтэй хувийн эмнэлгүүдээс мөн шалтгаан нь тогтоогдоогүй цаг бусаар одогсод, эзэнгүй гэгдэх талийгаачдаар дүүрэн. Тус эмнэлгийн мэдээллийн самбарт Шарилыг долоо хоногоос илүү хадгалахгүй тул удвал хөргөгчийн ачаалал хэтэрсэн үед манай төв зохихё сны дагуу оршуулна гэсэн зарлал байна. Эндээс харахад тэндхийн ачаалал хэр байдгийг мэдэж болохоор. Энэ жилийн анхны цаснаар гэхэд л 20-иод хүн тус төвийн түр хүлээлгийн өрөө-нд очсон аж. Мөн хөргүүр түр саатах тохиолдол ч цөөнгүй гардгийг тэндхийн ажилчин ярьж байсан. Багтаамж хэтэрсэн тохиолдолд хэн нэгэнтэй эсвэл хоёр гурваараа байраа хуваах болдог аж. Юутай ч тус төвийн дарга С.Түндэврэнцэнтэй уулзахаар хоёронтаа очиж амаа алгадуулав.
Хууль, цагдаагийн байгууллагатай холбоотой ямар нэгэн нууц материал, эсвэл хувь хүний нууцад гэвтрэх гээгүй гэдгээ уул нь эхний удаа хэлсэн л юмсан. Эмнэлгийн эмч, ажилчдын дунд энэ талаарг ам алдах, тэрчилэн хөргүүрийн тухай ярих нэг ч хүн олдоогүй нь даргын өгсөн заавар байсан болов уу.
Төрөөд уйлдаг шиг, өглөө босоод цай уудаг шиг, хүн бүхэн морь хардаг шиг хамгийн энгийн үнэн буюу дайраад өнгөрөх нэг л газар тэр болохоор энэ нь цэрвэж, зүрхшээх, нуух асуудал мөн гэж үү. Тэртэй тэргүй энэ өрөөгөөр бүгд л дайрах нь гашуун үнэн тул эндхийн дотоод амьдрал хүн бүхэнд хамаатай.
Хамгийн хүнлэг сэтгэлтэй хүмүүс ба тэдний амьдрал
Улсын шүүх эмнэлгийн магадлах төв 24 цагаар ажилладаг юм билээ. Цагдаа шүүх гээд л тэдэнтэй холбоотой ажил тун нарийн. Оршуулчихсан шарилыг ч тэд үнэн мөний төлөө шинжилдэг, бүр тэгээд хэн нь хэн болох, хэн хэний хүүхэд болох гээд бүгдийг тогтооно. Алдсан малаа зүсээр нь зарлуулаад, алаад идчихгүй яав даа гэж харамсдаг атлаа зарим тохиолдолд ойр төрлийн, бүр аав ээжээ, ах дүүгээ осолд өртөж нас барахад нь минийх гээд ирэх хүн гардаггүй нь хүн ёсны гутамшиг гэлтэй.
Яг ийм тохиолдолд энэ л эмнэлгийн эмч ажилчид хүний ёсоор оршуулдаг. Тэглээ гээд эдгээр эмч нар бусад эмч нараас нэг их илүү мөнгө авдаггүй юм билээ. Эзэнгүй гэгдэх бүрлээч нар мөнхийн замаа үзүүлэх хүртлээ ах дүүсээ харсаар байдаг болов уу. Таван хошуутай мөрдөс зүүсэн төрийн цагдаа, ариун мөртэй эдгээр эмч нараар сүүлчийн замдаа үдүүлэх нь гээж хаячихсан төрөл садных нь сэтгэлийн дэргэд нэр төрийн хэрэг ч юм шиг.
Гэхдээ яс махны тасархай төрсөн тулснаасаа нөгөө ертөнцөд очсон ч холбоо тасардаггүйг шинжлэх ухаан хэдийнэ нотолжээ. Жилдээ 250 орчим эзэнгүй гэгдэх цогцос олддог. Тэднийг нь эмч, цагдаа нар оршуулдаг гэхээр дэндүү уйтай байгаа биз дээ. Бид ядаж гурван саяулаа биш.
Тэр хүн цагтаа, амьддаа, тустай бол тустай, хэрэгтэй бол хэрэгтэй хүн байсан. Магадгүй тэр байхгүйгээр та, та байхгүйгээр тэр байхгүй ч байсан юм билүү. Ад үзсэн ч, азтай байсан ч үхсэн хүн үг хэлэхгүй, дахиж хоол идэхгүй, уйлахгүй, танд юуг ч юм бэлэхгүй. Тийм л учраас хүмүүс бидний бие биедээ өгөх сүүлчийн өглөг түүнийг хүндлэх.
Шаар шавхруу шиг амьдарсан ч тэр хүнд хүн болж ээжээ инээлгэж, цээжийг нь амраасан буян, ааваа баярлуулж, үртэй боллоо гэж эцэг хүний магнай тэнийлгэсэн бахдал бий. Ганцаардаж гунихарсандаа исгэрсэн аялгуунд нь дэлхий уярсныг ч хэн мэдлээ. Цөөхөн хэдүүлхнээ миний монголчууд гудманд ойчсон хүний тэргүүн дээгүүр богино банзлын хормой сэв хийлгэн хээвнэг алхаж, хүн хүнээ гэх сэтгэл дэндүү харам, хомс болсон нь мөхлийн дохио гэхээс өөр юу гэлтэй.
Төрөлх нутагт нь арван хятад нэг монголыг зодож л байдаг, аанай л тоохгүй, цагтаа гунхаж явсан сайхан бүсгүйг насны эрхээр таяг тулж цасан дээр халтирахад өргөж босгохгүй. Бид чинь хэн болчихоод байгаа юм бэ.
Хүлээлгийн өрөө дулаан гараашнаас ч эрэлттэй
Монголын хамгийн том тооцогдох шүүх эмнэлгийн энэ өрөөнд хөргүүрийн ачаалал хэтэрч одогсод хэнтэй ч хамаагүй дэр нэгтгэн оршиж байна. Энд таван туслах ажилчин, хоёр ээлжээр ажилладаг бөгөөд хүнлэг сэтгэл гаргаж хүнийг хүнээр нь боддогтоо энэ ажлыг хийдэг.
Олон улсын жишигт нийцсэн хүлээлгийн өрөөг нэмж барих цаг болжээ. Шахцалдаж, хэн нэгэнтэй орон зайгаа булаалдаж байхыг тэд хүсэх байсан гэж үү. Танил бизнесмэн маань нэг зүйл ярьж байсан нь санаанд орлоо. Монголд моорг байгуулбал нэг талдаа буян, нөгөө талдаа ашигтай байж болно. Зохих ёсны зөвшөөрлийг нь хөөцөлдөхөд ямар байдаг бол гэж. Одоо бодоход энэ үнэхээр буянтай ажил юм. Наймааны ухаанаар бодвол автомашины дулаан гараашд нэг хоног машин тавихад 2500 төгрөг байдаг. Харин түр хүлээлгийн өрөөнд талийгаачийг нэг хоногийн гурван мянган төгрөгөөр хадгалдаг. Ингэж зүйрлүүлэх нь эвгүй санагдаж мэдэх юм. Гэвч Улсын шүүх эмнэлгийн магадлах төв түр хүлээлгийн өрөөнийхөө багтаамжийг нэмж чадахгүй бол Эрүүл мэндийн яам, саяхан томилогдсон шинэ сайд энэ асуудлыг анхааралдаа авна гэж найдаж байна.
2004.10.08, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button