Орон нутгийн сонгууль хаяанд ирлээ

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид хүчээ авч байгаа энэ өдрүүдэд хотын гудамжаар сурталчилгааны самбарууд алаглаж, зурагтын дэлгэц, сонины нүүрнээс нэр дэвшигчдийн ярилцлага, таны төлөө тийм зүйл хийнэ гэсэн амлалтууд салахаа байжээ.

Мөн ихэнх нэр дэвшигч айл хунараар тусгайлан явж, өөрийгөө рекламдаж буйгаараа онцлог. Нэр дэвшигчдийн хувьд ихэнх нь тухайн хэсэг, хороонд олон жил амьдарсан аль нэг намын идэвхтэй гишүүн байх агаад судалсан зарим айлдаа ороод иргэний үнэмлэхээ үзүүлж Би танай аймгийнх шүү. Нутгийнхаа хүнийг дэмжээрэй гэж байх юм.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны ачаар хөгшид цайны сүүгээр, хүүхдүүд ундаа, жүүсээр тасрахаа болилоо. Сонгуулийн кампанийн зүгээс ирэх 4 жилд хэсэг, хорооны зүгээс таны төлөө юу хийх вэ гэсэн судалгаа ч явуулж байна.

Үүнээс гадна сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагчид ихээр дайчлагдаж байгаа бололтой. Иймээс Ерөнхий сайд Ц.Элбэгдорж аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт хандан албан бичиг хүргүүлжээ.

Түүндээ нэр дэвшиж байгаагаас бусад төрийн албан хаагчдыг сонгуулийн ухуулга сурталчилгаанд оролцуулахгүй байх, нэр дэвшигчид сонгуультай холбоотой зардлаа өөрсдөө хариуцаж, төсвийн мөнгөнөөс хумслахгїй байхыг онцгойлон анхааруулж, сонгууль дуустал төсвийн хөрөнгөтэй холбоотой тендер зарлах, эд хөрөнгө худалдан авах, томилгоо хийх асуудлыг хойшлуулахыг даалгасан байна.
10.11.2004 /Newtimes.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button