ЭЛЕКТРОН ХЭЛЦЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
2 дугаар зүйл. Электрон хэлцлийн хууль тогтоомж
2.1. Электрон хэлцлийн хууль тогтоомж нь Иргэний хууль, Мэдээллийн технологийн ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Энэ хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Хувь хүн, хуулийн этгээд хооронд электрон хэлцэл байгуулахад үүсэх эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Энэ хуулийн үйлчлэл нотариатаар баталгаажих, улсын бүртгэлд бүртгэгдэх хэлцэл, энгийн болон шилжих вексельд хамаарахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо.
4.1. Энэ хуулинд Мэдээллийн технологийн ерөнхий хууль-ийн нэр томъёог хэрэглэнэ.
5 дугаар зүйл. Электрон хэлцлийн эрх зүйн зохицуулалтын зарчмууд
5.1. Аж ахуй эрхлэх хүрээнд байгуулах электрон хэлцлийн харилцаанд Иргэний хуулийн 1.2-д заасан үндсэн зарчмуудыг баримтална.
5.2. Төрийн үйлчилгээний хүрээнд электрон хэлцэл байгуулахдаа төрийн удирдлагын үндсэн зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ХЭЛЦЭЛ ХИЙХ
6 дугаар зүйл. Электрон хэлцэл хүчинтэйд тооцогдох.
6.1. Электрон хэрэгсэл ашиглан хийх хэлцэл, хууль зүйн бусад үйлдлүүд нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актын шаардлагыг хангасан байна.
6.2. Электрон хэрэгсэл ашиглан хийсэн хэлцэл хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
7 дугаар зүйл. Электрон хэлцлийн хэлбэр
7.1. Энэ хуулийн шаардлагын дагуу хийсэн электрон хэлцлийг бичгийн хэлбэрээр байгуулсан хэлцэлтэй адил тооцно.
8 дугаар зүйл. Электрон хэлцэлд гарын үсэг ашиглах
8.1. Талуудын тохиролцооны дагуу электрон хэлцэлд электрон гарын үсгийн бүх төрлийг ашиглаж болно.
9 дүгээр зүйл. Электрон хэлцлийн баримт бичгийн гарлыг тодорхойлох
9.1. Талууд өөрөөр тохиролцоогүй бол илгээгч, түүний итгэмжилсэн этгээдийн хяналтаас гадуурх мэдээллийн системд электрон хэлцлийн баримт бичиг орсоноор илгээгчээс гаралтайд тооцно.
9.2. Талууд өөрөөр тохиролцоогүй бол хүлээн авагчийн заасан мэдээллийн систем рүү илгээсэн тохиолдолд электрон баримт бичиг илгээгчээс гаралтайд тооцно.
9.3. Дараах тохиолдолд электрон баримт бичгийг илгээгчээс гаралтайд тооцохгүй.
9.3.1. электрон баримт бичгийг илгээгээгүй тухай илгээгчийн мэдэгдлийг зохих хугацаанд хүлээн авсан,
9.3.2. электрон баримт бичиг илгээгчээс гаралтай гэдгийг шалгах ажиллагаагаар нотолж чадаагүй,
9.3.3. өөрчилсөн, гуйвуулсан электрон баримт бичиг хүлээн авч байгаагаа хүлээн авагч мэдэж байсан, мэдэх ёстой байсан,
– Дээшээ очих
ГУРАВДУГААР БYЛЭГ
ЭЛЕКТРОН ГЭРЭЭ
10 дугаар зүйл. Гэрээ байгуулах
10.1. Гэрээ байгуулах үед нэг тал хүсэл зоригоо илэрхийлэх, нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авах ажиллагааг электрон баримт бичгийн хэлбэрээр илгээж, хүлээн авч болно.
10.2. Электрон хэрэгсэл ашиглан хийсэн гэрээ хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.
11 дүгээр зүйл. Гэрээний үндсэн нөхцөл
11.1. Электрон хэрэгсэл ашиглан байгуулж буй гэрээ дараах үндсэн нөхцлийг агуулна.
11.1.1. гэрээ байгуулах журам,
11.1.2. электрон гарын үсэг ашиглах журам,
11.1.3. гэрээний нөхцлийг тохирох үед өөрчлөлт оруулах боломж, журам,
11.1.4. саналыг хүлээн зөвшөөрөх арга, журам,
11.1.5. алдаж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд буцаан татах арга, журам,
11.1.6. электрон баримт бичгийг хадгалах, гаргаж өгөх арга, цаасан хуулбар гаргах журам,
11.2. Гэрээний нөхцлийн тухай мэдээллийг гэрээ байгуулахаас өмнө нөгөө талд гаргаж өгнө.
12 дугаар зүйл. Хүсэл зоригоо илэрхийлэгчийг тодорхойлох
12.1. Гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлэгчийг тодорхойлохдоо энэ хуулийн 13.1, 13.2, 13.3-д заасныг баримтална.
13 дугаар зүйл. Хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авах
13.1. Талууд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаа мэдэгдэх тусгай хэлбэр, аргын талаар тохиролцоогүй бол дараах тохиолдолд хүлээн авсанд тооцно.
13.1.1. хүлээн авагч дурын хэлбэрээр хариу өгөх,
13.1.2. хүлээн авагч хүлээн зөвшөөрснөө нөгөө талд мэдэгдэх тодорхой үйлдэл хийх.
13.2. Талууд өөрөөр тохиролцоогүй бол хүлээн авагч баталгаажуулах хүртэл хүсэл зориг илэрхийлэгдээгүйд тооцно.
13.3. Талууд тохиролцсон хугацаандаа, хэрэв хугацаа тохиролцоогүй бол зохистой хугацаанд баталгаажуулалт хүлээн аваагүй тохиолдолд баталгаажуулалт ирүүлэх хугацааг зааж болно.
13.4. Хүсэл зоригоо илэрхийлэгч хүлээн авагчаас хариу баталгаажуулалт хүлээн авсан тохиолдолд саналыг хүлээн авсанд тооцно.
14 дүгээр зүйл. Гэрээ байгуулсан гэж үзэх
14.1.Электрон хэрэгсэл ашиглан байгуулах гэрээг дараах тохиолдолд байгуулсан гэж үзнэ.
14.1.1. талууд электрон хэрэгсэл ашиглан хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж баталгаат электрон гарын үсгээр баталгаажуулсан.
14.1.2. гэрээ байгуулах тухай саналыг зөвшөөрсөн талын электрон баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан.
14.1.3. нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн зөвшөөрч буйгаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн.
15 дугаар зүйл. Хүсэл зоригоо илэрхийлсэн электрон баримт бичгийг илгээх ба хүлээн авах хугацаа, газар
15.1. Талууд өөрөөр тохиролцоогүй бол электрон баримт бичиг мэдээллийн системд орсноор илгээгдсэнд тооцогдоно.
15.2. Талууд өөрөөр тохиролцоогүй бол электрон баримт бичгийг хүлээж авсан хугацааг дараахь байдлаар тодорхойлно.
15.2.1. электрон баримт бичиг хүлээн авагчийн зааж тодорхойлсон мэдээллийн системд орсон цагаар,
15.2.2. хүлээн авагч электрон баримтыг системээс татаж авсан цагаар,
15.2.3. хүлээн авагч тодорхой мэдээллийн системийг заагаагүй тохиолдолд электрон баримт бичиг хүлээн авагчийн мэдээллийн системд орсон цагаар,
15.3. Илгээгчийн мэдээллийн систем байрлаж байгаа газар электрон баримт бичгийг хүлээж авсан газраас өөр газар байрлах нь санал илгээх, хүлээн авах хугацаанд нөлөөлөхгүй.
15.4. Талууд өөрөөр тохиролцоогүй бол электрон баримт бичгийг санал гаргагчийн аж ахуй эрхэлж байгаа газраас илгээсэнд тооцно. Хүлээн авагчийн аж ахуй эрхэлж байгаа газрыг хүлээн авсан газар гэж тооцно.
15.5. Талууд хэд, хэдэн газар аж ахуй эрхэлж байгаа бол хэлцэлтэй хамгийн ойрын харилцаатай газар, суурь хэлцэл байхгүй бол аж ахуй эрхэлдэг үндсэн газрыг аж ахуй эрхэлдэг газар гэж тооцно,
15.6. Талууд аж ахуй эрхэлдэг газаргүй бол тэдгээрийн байнга оршин сууж буй газрыг аж ахуй эрхэлдэг газар гэж тооцно,
15.7. Хуулийн этгээдийн оршин сууж буй газрыг Иргэний хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тодорхойлно.
16 дугаар зүйл. Электрон хэлцлийн дагуу төлбөр тооцоо хийх
16.1. Электрон хэлцлийн дагуу хийгдэх төлбөр тооцоо холбогдох хууль, эрх зүйн актуудаар зохицуулагдана.
ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
17 дугаар зүйл. Энэ хуулийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага.
17.1. Энэ хуулийг зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Иргэний хууль-д заасны дагуу хариуцлага ноогдуулна.