Өнөөдөр манай сайт
Энэхүү интернэт ярилцлагаар нийгэм, хүм ам, эрүүл мэндийн чиглэлээр сонирхогч, судлагч, сэтгүүлч хэн бүхнийг мэргэжлийн эх сурвалжаас үнэн зөв, бодит мэдээлэл авах боломж олгоход орших юм. Энэ удаагийн ярилцлагын зочноор Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв, НYБ-н Хүн Амын Сангийн холбогдох мэргэжлийн хүмүүс оролцох бөгөөд сонирхсон хүмүүс МТYП-н I-serүise интернэт кафед хүрэлцэн ирж сонирхсон асуултдаа хариулт авч болно.
Ярилцлага 2004-10-14 -ний 14.00-16 цагийн хооронд www.olloo.mn сайтаар өрнөнө.
Нэмэлт мэдээлэл
Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль батлагдан гарлаа. Нилээд хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтаас анх хүчтэй цуурайтсан гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн санаа зовоосон нэгэн үзэгдэл болж эрхзүйн зохицуулалт шаардаж байна гэсэн үзэл санаа саяхан монгол төрийн хууль болон мэндэллээ.
Эл хууль таван бүлэг, 20 зүйлтэй юм. Энэхүү эрхзүйн зохицуулалт нь гэр бүлийн хүчирхийлэлийг тухайн бичил хамт олны дотоод асуудал гэж үзэж байсан хандлагыг бүрэн өөрчилж хүний эрхийг зөрчсөн гэмт хэрэг, зөрчил хэмээн хүлээн зөвшөөрсөний томоохон баталгаа боллоо. Хуулийг боловсруулан батлуулахад Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Хүн ам ба хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаарх төрийн бус байгууллагуудын сүлжээ –ний гишүүн байгуулагууд маш идэвх зүтгэлтэйгээр оролцож үндэсний хэмжээний лоббиг амжилттай хийж чадсан юм.
Энэ хуулийн гол үзэл санаа нь гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх зарчимд үндэслэж байна
Гэр бүлийн хүчирхийлэлд нөхөн үржихүйн болон бэлгийн харилцааны эрхийн зөрчил нилээд байр суурь эзэлдэг. Хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн нилээд хэсэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гарч байна. Удаа дараа энэ чиглэлээр хийсэн судалгаануудаас гурван эмэгтэй , дөрвөн ахмад настан, хоёр хүүхэд дутмын нэг нь ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлийн харилцаанд өртөгддөг гэсэн дүн гарчээ. Эндээс үзэхэд хүчирхийлэл нь нилээд түгээмэл үзэгдэл болоод байгааг харуулж байна. Нөгөө талаас хүчирхийлэл гэдгийг зөвхөн зодож цохих, хүчиндэх зэрэг хүч хэрэглэсэн бодит үйлдлээр ойлгож сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэлийг дутуу үнэлэх явдал ч түгээмэл байдаг.
Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх бодлого хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн барьж байх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон байна. Хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээг зохион байгуулах, энэ чиглэлийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Нийгмийн хамгаалалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэхээр хуульчилжээ. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага харъяа нутаг дэвсгэртээ энэ ажлыг зохион байгуулж, шаардлагатай хөрөнгө нөөцийг гаргаж, төрийн бус байгууллагуудын ажлыг дэмжиж байхаар заасан байна.
Хүчирхийлэлтэй холбоотой гомдол саналыг хүлээн авах, бүртгэх, хүчирхийлэл үйлдэгдсэн газар дээр хүрэлцэн очиж хохирогч хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж тэмдэглэл хөтлөх зэрэг шаардлагатай бусад ажиллагаа явуулах үүргийг цагдаагийн байгуулагад хуулиар ногдуулжээ. Урьд өмнө нь ийм хэлбэрийн дуудлагыг гэр бүлийн дотоод асуудал гэж хойрго хандах явдал нилээд гардаг байж. Дуудлага өгсөн гэр бүлийн гишүүд ч эвлэрч, хэргийг нуун дарагдуулах, илүү явдал чирэгдэл учруулах байдал тохиолдог байсан. Энэ нь хэргийг даамжруулахаас сэргийлэхэд ихэнхдээ сайнаар нөлөөлдөггүй байна.
Цагдаагийн байгууллага шаардлагатай тохиолдолд хохирогчийг эмнэлэгт эсхүл хамгаалах байранд, боломжтой бол төрөл садангийн хүний түр хамгаалалтанд өгөх ажлыг гүйцэтгэх ёстой. Энэ бол хохирогчийг хамгаалж байгаа анхны үйлдэл юм.
Цаашид хүчирхийлэл үйлдэгчийг албадан саатуулах, нийгмийн ажилтантай зөвлөж хүчирхийлэлийн нөхцөл байдалд хамтарсан үнэлгээ өгөх, хүчирхийлэлийн аюулын зэргийн түвшинг тогтоож хохирогчийн аюулгүй байдал хангах зорилгоор эрх хязгаарлах арга хэмжээ авхуулах хүсэлтээ гаргах зэрэг үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна. Хуулинд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах,
-тусдаа амьдрахыг даалгах,
-хохирогчтой уулзахыг хориглох,
-хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг хориглох,
-асрамжиндаа байгаа насанд хүрээгүй хүнтэй харилцахыг түр хориглох,
-зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулах,
-албадан эмчилгээ, хөдөлмөр хийлгэх зэрэг арга хэмжээ авч болохыг хуульчилжээ.
Эдгээр арга хэмжээ авагдсан хүчирхийлэгч хохирогчийг хуулийн дагуу асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ чөлөөлөгдөхгүй.
Хохирогчийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хохирогчийн гомдол, цагдаагийн байгууллагын ажилтны болон өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн шүүх хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч болно.
Эрх хязгаарлах арга хэмжээг хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн, хүчээр бэлгийн харилцаанд оруулсан буюу оруулахыг завдсан, хохирогчийг төрөл садан, хамт олноос нь тусгаарлаж сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан, тэжээн тэтгэх үүргээсээ санаатайгаар айлсхийсэн, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж байсан, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэж хохирогчийг байнга айдас түгшүүрийн байдалд оруулсан зэрэг нөхцөл байдалд хэрэглэхээр заажээ. Эрх хязгаарлах арга хэмжээ нэг жил хүртэл хугацаатай байх аж.
Энэ хуулинд мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх нийгмийн ажилтны үүргийг хуульчилж өгчээ. Нийгмийн ажилтан цагдаагийн ажилтантай гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар үнэлгээ өгөх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт зохион байгуулах ажлыг хамтран хийх үүрэгтэйг хуулиар тогтоолоо.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа явуулах, хохирогчийг хамгаалах байраар үйлчлэх, албадан сургалт явуулах зэрэг ажлуудыг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлж болохыг хуулинд тусгасан байна. Түүнчлэн энэ асуудлаар төрийн бус байгууллагууд итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулж болох ба тэр нь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын тулд бусад этгээдтэй харилцах, мэдээлэл олж авах, саналаа эрх бүхий байгууллагад оруулах эрх эдлэхийг заасан нь энэхүү хуулийн цоо шинэ шийдэл болсон юм.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмнэлгийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсвэл үйлдэгдэж болзошгүй байгаа нь илэрхий болсон тохиолдолд цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
Нутгийн захиргааны байгууллага- сум, багийн засаг дарга нар хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж шаардлага тавих, шаардлагатай гэж үзвэл хохирогчийн гэр, орон байрны аюулгүй байдлыг хангах, боломжтой бол хохирогчийг төрөл садангийн хүний түр хамгаалалтанд өгөх, хохирогч, хүчирхийлэгч, гэрчээс асууж тэмдэглэл хөтлөх зэрэг үйл ажиллагаа явуулна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулахад НҮБ-ын Хүн Амын Сангийн ухуулга сурталчилгаа төсөл багагүй хүчин чармайлт тавьсныг энэ дашрамд дурьдах нь зүйтэй. УИХ-ын гишүүдийн дунд явуулсан ухуулга сурталчилгааны ажлын үр дүнд тодорхой асуудлуудаар дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг зохиож, зөвлөмж боловсруулан гаргаж, хуулийн төсөл дээр ажиллах УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсанаас гадна, сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн багц боловсруулан хүргэж, олон нийтэд зориулсан хүчирхийлэлийн тухай товхимол, зурагт хуудас гарган түгээсэн үр дүнтэй ажил боллоо. Мөн тус төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулахаар зохион байгуулагдсан төрийн бус байгууллагуудын лоббийн үйл ажиллагааг шаардлагатай дэмжлэг, зөвлөмжөөр хангаж байсан билээ.
Одоо цаашид хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад боловсруулан батлуулахаас дутуугүй их анхаарал тавьж, төрийн ба төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй байна. Юуны өмнө хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллага хүмүүсийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулж өгөх, сургалт зохион байгуулах. шаардлагатай хөрөнгө нөөцийг хуваарилах ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй юм.
Нөгөө талаар хүчирхийлэлгүй гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд гэр бүлийн гишүүн бүрийн харилцааны соёл, амьдралд тохиолдож байгаа бэрхшээл хүндрэлийг даван туулах амьдрах ухаан өөдрөг бодол, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч зан төлөв, хүнлэг энэрэнгүй зан үйлийг төлөвшүүлэх талаар өргөн олныг хамарсан, байнгын бөгөөд нийгмийн бүлгүүдийн онцлогийг харгалзсан сурталчилгааны ажлыг тогтмолжуулах шаардлага хэрэгцээ тулгарч байгаа бөгөөд хуулийг амжилттай хэрэгжүүлэх бүх нийтийн оролцоо чухал байна.
Д.МӨНХӨӨ
НҮБ-ын Хүн Амын Сангийн Зөвлөх
Энэ хайр гэж үү ?
-Миний нөхрийн зан араншин догшин ширүүн, заримдаа бид хоёр хэрэлдэж байх үед тэр намайг цохиод авдаг. Энэ бол үргэлж тохиолддоггүй. Нөхөр мань дараа нь хийсэн үйлдэлдээ харамсаад надаас сөгдөн уучлалт гуйхад бэлэн байдаг. Би чамд хайртай, чамгүйгээр амьдарч чадахгүй гэдэг.
Би нөхрийгөө хүнд амьдралтай гэр бүлд өссөн, түүнийг аав нь зоддог байсныг мэдэх учраас түүнийг ойлгож уучилдаг.. Би түүнд хайртай учраас бид бие биенийгээ ойлгохыг хичээдэг.
Гэвч би үнэндээ нөхөр маань надад хайртайдаа үүнийг хийж байна уу эсвэл хайргүй болоод ингэж байна уу гэдгийг ялгаж ойлгохоо болилоо. Түүний энэ араншинг тэвчихэд хүнд болж байна. Бид хоерын хайрын илч, итгэл улам буураад байх шиг санагдах боллоо. Үүнээс гадна, түүний ийм араншин балчир үрд минь нөлөөлөх вий хэмээн санаа зовж байна. Би одоо яах вэ ?
Б., 29 настай
/Хүчирхийлэлийн эсрэг төвд ирсэн захианаас /
Та юу гэж бодож байна? Энэ бүсгүйн амьдрал хаашаа эргэж байна вэ? бүгдээрээ энэ талаар эргэцүүлэн бодоцгооё.
Хайрлаж байна уу, хүчирхийлж байна уу ?
Хайр гэж юу вэ? асуултад хүн болгон өөрийнхөөрөө хариулах байх. Гэхдээ хайр нь бие биенээ хүндэтгэдэг, ямар ч нөхцөлд ойлгож зөвшилцөхийг эрмэлздэг, итгэл дээр суурилдаг харилцаа гэдэгт хүмүүс эргэлзэхгүй биз ээ.
Гэтэл бид нар гэр бүлийн харилцаанд нэг нь нөгөөгөө хянах, дарамтлах, доромжлох, хүчирхийлэх явдлыг хайрын илрэл юм шиг ойлгож, гэр бүлд хүчирхийлэлийн харилцаа бий болсныг танин мэдэж, бодитойгоор ойлгож чадахгүй байх шиг байна.
Хүмүүний амьдралын жам ёсоор хүмүүс хоорондоо ойлголцохгүй байх, ам зөрөлдөх, маргалдах зүйл гарч болно. Мөн, гэр бүлийн харилцаанд хэн ч алдаж, буруу зүйл хийж болно. Гэвч алдаа гаргасны төлөө хэн нэгэн нь нөгөөхөө хүчирхийлэх эрхгүй юм.
Гэр бүл дэх хүчирхийлэл бол дахин давтагддаг, даамжирдаг, далд гэмт хэрэг юм.
Хүчирхийлэлд өршөөх шалтгаан байдаггүй юм.
Гэр бүл дэх хүчирхийлэл нь эхнэр-нөхрийн, настайчүүд болон хүүхдийн эсрэг гэсэн хэлбэртэй байдаг юм.
Эдгээрээс хамгийн элбэг тохиолддог эхнэр, нөхрийн хоорондын хүчирхийлэл нь дараах шинж тэмдгээр илэрдэг
-Сэтгэл санааны дарамт үзүүлэх
Урам зоригийг нь мохоох, үл ойшоож, дорд үзэх. Нэр хоч өгч, бусдын өмнө нэр төрийг нь гутаан доромжлох, галзуу, солиотой эсвэл арчаагүй гэж итгүүлэх.
-Биед өвдөлт, гэмтэл учруулах, хүчирхийлэх
Гараар эсвэл ямар нэгэн зүйлээр цохих, хүнд юм шидэж гэмтээх, өшиглөх, алгадах, г.м. Хүсээгүй үед нь хүчээр бэлгийн харьцаанд оруулах
-Ганцаардуулах
Бүхий л үйл ажиллагааг хянаж цагдах. Ах дүү, найз нөхдөөс нь хөндийрүүлж, мэдээллээс холуур байлгах. Ажил хийхийг эсэргүүцэх.
-Буруутгах
Уучлалт гуйхдаа ч гэсэн Бүх юм чамаас л болсон, чи л эхэлсэн, хэрэв чи хүн шиг байгаагүй бол юу боллоо гэж би чамд гар хүрэх вэ дээ гэх жишээгээр өөрийг нь буруутгах.
-Эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх /хараат байдал /
Өөрийг гэсэн мөнгөний эрх мэдэлгүй болгож Эдийн засгаар нь хавчин боож эрхшээлдээ оруулах.
-Хүүхдээр түрий барих
Муу бүтэлгүй ээж гэж хүүхдүүддээ итгүүлэхийг оролдох. Салбал хүүхдээ чамд өгөхгүй гэж айлгах
Айлган сүрдүүлэх
Дохио зангаа, харцаар сүрдүүлэх, зэвсэг үзүүлэн сүрдүүлэх
-Аргадан уулчлалт гуйж, амлалт өгөх
Хүчирхийлснийхээ дараа дахин ингэхгүй гэж амлаж Би чамд хайртай гэж анхаарал халамж тавих. Удалгүй дахин янз бүрийн хэлбэрээр дарамтлах
Бидэнд ирсэн захиа нь хүчирхийлэлийн харилцаатай гэр бүлийн нэг бодит жишээ юм.
Захиаг бичсэн бүсгүйд, түүний нөхөр болон хүүхдэд яаралтай тусламж хэрэгтэй байна
Үүнээс гадна, гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдүүдийн сэтгэл зүйд нь хэзээ ч нөхөгдөшгүй хүнд гэмтэл учруулж, тэднийг гэмт хэрэг үйлдэх, өөрсдийн гэр бүлд хүчирхийлэлийн харилцааг бий болгоход маш хүчтэй нөлөөлнө.
Гэр бүлийн хүчирхийлэлийн асуудлыг шийдвэрлэхэд олон талын тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг юм. Үүнд төр, тэмнэлэг, цагдаа, төрийн бус байгууллагууд ажиллахаас гадна хүн бүрийн идэвхитэй оролцоо маш чухал юм.
Бид нар өөрсдөөсөө Миний гэр бүлийн харилцаа нэг л биш байна, бид яах ёстой вэ?, Би хүчирхийллийн харилцааг хайртай андуурч байна уу ?, Би гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар нүдээ аниад дуугуй өнгөрөх болгонд гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа биш биз ? гэж асууж өөрийн амьдрал, байр суурийг эргэн дүгнэх нь чухал юм.
-5 гэр бүл тутмын 1 нь хүчирхийллийн харилцаатай
-Монгол 3 эмэгтэй н 1 нь хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртдөг
-10 эмэгтэйн 1 нөхөртөө байнга зодуулдаг
1996 онд 21 аймгийн 3000 хүнийг хамарсан судалгаанаас, Хөдөлмөрийн Яам,ХЭҮТ
хамтарч хийсэн
1998 онд 21 аймгийн 5000 хүн амыг хамруулсан судалгаанаас ХЭҮТ, МУИС-ийн ХАССТ
Та гэр бүлийн хүчирхийлэлийн асуудлаар харъяа орон нутгийнхаа эмнэлэг, цагдаагийн байгууллага, ниймийн халамжийн газар, хорооны нийгмийн ажилтнаас зөвлөгөө авч болно. Мөн Хүчирхийлэлийн Эсрэг Үндэсний төвд хандаж мэргэжлийн зөвлөгөө авч болно
Чингэлтэй дүүрэг 6-р хороо, 40-р байр 03, 06 тоот
5-р сургуулийн зүүн хойд талд 5 давхар саарал байшин
Шуудангийн хайрцаг Монгол улс Улаанбаатар – 46
Емайл mongolcaү@magicnet.mn
Fax 976-11-318087
Утас 318086