Намдаа хэдэн саяийг өгч байж сайд болох вэ

Намдаа 200000000 төгрөгөөс дээш хандив өгсөн нь сайд, арай багыг барьсан нь дэд сайд болж байна
Наад зах нь л сайдын үндсэн мэргэжилтэй нь огт уялдаагүй буюу зураг зүйчид Батлан хамгаалах, сэтгүүлчид Эрүүл мэнд, физикчид сангийн яамыг атгуулчихсан нь ийм яриа гаргахад хүргэж байгаа бололтой.
Мөн намаасаа их зүйл горьдож байсан зарим нэгэн лидерүүдэд хавчуулагдчих хад ч олдоогүй нь хуваарилалт нь шог байна гэж дуу алдахаас аргагүй байдалд хүргээд байна. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар намдаа хайртай нөхдүүдийн хаялганы хэмжээгээр суудал олдох магадлал нь өсөж байсан юм гэнэ. Энэ удаа тохироо зөвшилцөл гэх хуйвалдаанаас хэн ямар учир шалтгааны улмаас хэрхэн гарч ирсэн тухай дурьдлаа.

Бууринаасаа бултсан шадар сайд Ч. Улаан
Эвслийнхний уурыг барсан хүний нэг Ч. Улаан. Арга ч үгүй юм л даа, ерөнхий сайдтай энэ зэрэгцэх эрх эдлэж, шийдвэр гаргах түвшинд хүрсэн түүнийг Э. Батүүл, Ж. Наранцацралт, М. Энхсайхан, Л. Гүндалай тэргүүтэнгүүд Ч. Улаан бол Монгол улсын санхүүг хөмрөөд хаячихсан нөхөр. Их өрийг хуйвалдаанаар хаасан гэсэн шалтгаанаар эсэргүүцсэн ч тэр 78,1 хувийн саналаар сайдыг шадарлах эрхтэй болсон.
Уг нь Ч.Улаан өөрийн яамаа өнгөрсөн дөрвөн жилд боломжийн авч явж, Мянганы сорилтын сан гэх буянтай үйлд Монгол улсаа хавчуулж дөнгөсөн ч Сангийн яамандаа үлдэх хэцүү учир шалтгаантай байсан болохоор бултаж Шадар сайдад зүтгэсэн нь энэ л дээ.
Хөрөнгө барьсан хүнийг мөнгө дагадаг гэгчээр хур хөрөнгө сайтай энэ эрхэм өгөхийгөө өгч авахыгаа авлаа. Болоош дээ.

Банк хоргоодог Байгаль орчны сайд У.Барсболд улирлаа
Намдаа хандив өргөхдөө хэн нэгний ард хоцорч, магнайдаа тоос хүргээгүй ганц сайд. Хаялга сайтай гэсэн үг шүү дээ.
2004 оны УИХ-ын сонгуульд намын ерөнхий менежерээр ажиллаад бараг л ялагдал амсуулчихсан түүнд банга хүртээсэн ч магнайдаа тоосгүйн ачаар дахин сайдын суудалд улиран заларлаа. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй үлдэж, болсон болоогүй арын алба даасан нь ч түлхэц болсон биз. Хувийн бизнесээ амжуулахад аятайхан түүний салбар нь үхэж үрэгдэх, сэхэж сэргэх нь түүнээс шалтгаалахгүй банз мод хоргоохоос илүү гарахгүй болохоор ажлаа дүгнүүлэхэд ч, хүртэхээ хүртэхэд ч боломжийн суудал.
ЭРхэм сайд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээснээр олонд дуулдаагүй ч охид хүүхнүүдтэй учрахаа үндсэн ажилтайгаа паарлачихдаг нь сонин хэвлэлийг хангалттай чимсэн. Сайд ч гэсэн эр хүн болохоор одоо яая гэх вэ. Юутай ч банк хоргоодог сайд маань зургаан гишүүний эсэргүүцэлтэй тулсан ч 90,9 хувиар суудал нь хүлээн авсан.

Рекетийг сэтэлж гарсан барилга хот байгуулалтын сайд Н.Батбаяр
Фортуна гэх тодотголтой энэ сайд угийн хөрөнгө чинээтэй, дээшээ хаана ч хүрчихсэн байхад гайхаад байх зүйлгүй хүн. 1990-ээд оны үед Оросын байгууллагуудад ажиллаж, мөнгө хатуу үед 100000 доллартай алхаж явсан намдаа нөлөөтэй сэргэлэн эр.
Сайдаднэр дэвших сургаар хүний аминд хүрчихсэн хэрэг нь дэлгэгдэж сандаргасан. Зам гарч явсан өвгөнийг хэт хурдтай явснаас дайрч аминд нь хүрсэн ч хаях юмыг нь хаяж байж ялгүй өнгөрсөн энэ эрхэм энэ тухайгаа чанадын чанад нууцалдаг байсан ч ийнхүү олны өмнө дэлгэгдлээ.
Чамгүй боевик характертай түүнийг сайдад санаархлаа гэж дээрх явдлаар нь намынх нь нөхөр рекетлээд байсан ч бүх юм ард хоцорсон болохоор тархиа бүтэн дээр дуугаа татахаа ойлгосон бололтой юм билээ. Ямартаа ч 100 хувийн саналаар шинэ яамны сайдаар тодорсон.

Оргүйгээс оромж-той хоцорсон Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат
Батлан хамгаалах яам анхнаасаа л МАХН-ын халаасанд байсан. Гэнэт л геодизийн инженер, МАШСН намын дарга Б.Эрдэнэбатынх болсон нь бас л нэг учиртай. Хэрвээ энэ суудал МАХН-д байсан бол Ухнаагийн хүү Хүрэлсүхийнх болох байсан юм. Харин өнгөрсөн жил том ах-ынхаа урдаас том том дуугарсныхаа шанд мулт үсэрсэн нь энэ. Нэг ёсондоо У.Хүрэлсүхэд энэ суудал очих ёсгүй гэдгээр АН-д бэлэглэгдсэн суудалд ноён Б.Эрдэнэбат тухалсан юм.
Энэ яам эвсэлд очвол гэгдэж байхад сайдаар нь яригдаж байсан М.Сономпил Ху намын Т.Ганди, Ц.Нямдорж, Д.Пүрэвдорж нар түүнд эсэргүүцэл үзүүлсэн ч мэргэжлийн яамаа авч чадаагүй ч МАШСН–ын хувь болох нэг яамтайгаа үлдсэн.
Хамгийн харамсалта йнь төрийн сайдын суудалд заларсан хүүгээ харж чадалгүй ээж нь хорвоог орхисон нь түүнийг нэлээд тавгүйтүүлээд байгаа юм билээ.

Санасандаа хүрээгүй боловсрол шинжлэх ухааны сайд П.Цагаан
Сангийн сайд асан түүнийг өнгөрсөн сонгуулиар эвсэлд хүчин зүтгэснийхээ шанд чамгүй зүйл хүртэнэ гэсэн хар хэн хүндл байсан. Магадгүй өөрт нь ч ямар нэг цээжний хонжоо байсан болоод УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй биз.
Олон улсын эрх зүйч мэргэжилтэй энэ ноёнтон хэсэгхэн хугацаанд ерөнхий сайдын зөвлөх хийж байгаад БСШУ-ны сайдаар 100 хувийн саналаар томилогдлоо. ЭДийн засийн өндөр боловсролтой Цагааныг сангийн сайдад хүрч дийлэлгүй боловсролд үлдсэнд хэдэн багш нар л санхүүгийн талаасаа баярлаж байгаа сураг байх юм.

Монголын толгой баян компаниар дэмжигдсэн гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил
Америкт боловсрол эзэмшсэн, ажлын дадлагаа ч тэнд эхэлчихсэн, сайдууд дотроос хамгийн амны хишигтэй нь Ц.Мөнх-Оргил. Тэр хэний ч танихгүй жижиг гар байхдаа дэд сайдын суудалд хүртлээ дэвшсэн хоншоортой эр.
Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд гайхах хүн олон байсан ч гарсан хойно нь ёстой юм ёсоороо боллоо гэх нь олон харагдсан.
Мөнгөтэй хийгээд өнгөтэй нь зүглэдэг улс төрийн хүрээ рүү Америкт арваад жил ажиллачихсан гэсэн ч халаас нимгэн энэ эр зориг гарган орсон нь олны анхаарлыг чамгүй татаж байна. Тэгээд ч сайдын суудал гэдэг тийм хямдхан олддог ч эд биш. Энэ нь ч их эвслийн үед илүү тод мэдрэгдэж, харагдаж байхад мань нөхрийн хаагуур шургалсан нь мэдээж хэн хүнийг сонирхоход хүргэх нь лавтай. Монголын толгой баян компанийн эзний хаялгаар намдаа хэдэн саяыг хаясан экс дэд сайд ГХЯ-ыг гартаа оруулсан нь энэ.
Түүнийг адилхан л сайдын суудалд сууж байгаа Фортуна Батбаяр л дэмжээгүй ч бусад бүх гишүүд гар өргөсөн нЬ МАХН-ын залгамж халаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг биз ээ.
Эхнэр, охин хоёроо АНУ-д үлдээчихээд нэлээн хэдэн жил гоонь явсан энэ эрд дэд сайдын суудал нь дараагийн эхнэр, бяцхан хүүг нь хайрласан.

Гуйж биш гуядаж авсан Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү
Дэд бүтцийн сайд асан түүнийг Зам тээвэр аялал жуулчлалын яамыг гуйж биш гуядаж авсан гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх юм билээ. Дэд бүтцийн яамыг дориун авч явсан түүнд захиалсан юм шиг шинэ яам гарч ирсэн нь ч нүдээ олсон явдал боллоо. Мөнгөтэй хөрөнгөтэй, мэдлэг чадвартай энэ хүн цаашид бизнес хөөж тарамдахгүй улс төрөө л дагнахаар болсон гэсэн шүү. Ганцхан Ч.Улаан сайдын эсэргүүцэлтэй тулсан ч сэт цохин 96,2 хувийн саналаар сайдын суудалд хүрлээ.

Өмнийн говийн ганц сайд нийгмийн хамгаалал хөдөлмөрийн Ц.Баярсайхан
Инженер эдийн засагч статистикч гэсэн хөтөлгөө морьтой энэ эрхэм Өмнөговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлж хөлжиж байгаа эвслийн мөнгө хөрөнгөтэй гишүүний л нэг. Элдэв зангүй энэ хүн олонд зарлагдахгүй байсаар гэнэт гарч ирсэн нь зарим нэг хүнийг бухимдуулсан ч нутгаасаа төрсөн хамгийн анхны сайд гэдгээрээ газар тавиулахгүй нь бололтой.

Ху намын дэмжлэгтэй Сангийн сайд Н.Алтанхуяг
Их эвслийг ерөнхийд нь удирдаж байгаа МАХН-тай эгээ л худ ургийн холбоо тогтоогоод байгаа Алтан гадас ассоциацийн удирдлагуудын нэг Н.Алтанхуяг ЗГХЭГ-ын даргаар түр ажиллаж байгаад Сангийн сайд гэх хариуцлага өндөртэй хаялга ихтэй суудалд тухаллаа. Физикч мэргэжилтэй ч математик сэтгэлгээ сайтай ноёнтон ерөнхий сайдын суудлаас шүүрч аваад сангийн сайдтай үлдсэн нь боломжий. Их л хүнд үед сангийн яамыг авлаа даа гэсэн намын анд Л.Гүндалайгийн хөөрхийлөлтэй замд гарсан сайдыг хэрхэн ажиллахыгн 2 сая гаруй монголчуудын ам ангалзан, 3 сая гаруй гар сарвалзан харуулдаж сууна.

Шагналт сайд буюу Түлш эрчим хүчний сайд Т.Очирхүү
МАХН-ын ахмад лидер Т.Очирхүү он удаан жил эргэлт буцалтгүйгээр намдаа үнэнч зүтгэснийхээ шагналыг хүртэж буй нь энэ. Дулаан цахилгааны үнэ нэмэгдэх сурагтай байгаа энэ үед сайдын суудлаа хүлээн авсан түүнийг олонд хамгийн хурдан хүрсэн сайдаар ч тодруулж болох юм. Учир нь ажлаа авсныхаа маргааш л станцуудаар аялаж нүүрс гэдэг чинь энэ юмуу хэмээн танилцсан нь олныг хөгжөөгөөд авах шиг болно лээ.

Үйлдвэр худалдааны сайд С.Батболд
Хөрөнгө чинээгээрээ Монголын толгой баячуудын тоонд орох экс дэд сайдад энэ суудал санаандгүй олдоогүй нь тодорхой. Намдаа гар татдаггүй, нөлөөлж чаддаг энэ эрхэм Бизнесийн олон салбарт хүч үздэг түүнд энэ яамыг хөгжүүлэх, ажлуулахад харин ч нэг толгой өвдөх асуудал гарахгүй биз. Шууд дэд сайдын зөөлөн суудалд суусан түүнийг боловсрол мэдлэг, чадвараараа хэнийг ч дагуулахгүй гэдэг юм билээ. Наймаачин хүний нарийн ухаан гэгчээр Монгол улсын үйлдвэр худалдааг өргөжүүлэхэд шинэлэгээр зүтгэх нь тодорхой биз.

Хүчтэй эсэргүүцэлтэй тулсан хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямдорж
Их эвслийн бялуу хуваалт-аар ХЗДХЯам Эх орон ардчилсан эвсэл ийн хувь болон оногдохоор яригдаж байсан ч Ц.Нямдорж даргын шахалтаар Ху намд үлдсэн. Учир нь намын нэрийг тахлаж яваа лидерүүдийн нэг гэдгээрээ төдийгүй бас бус шалтгаанаар Энхбаяр даргаа загнаж байгаад хүчээр авч үлдсэн ганц яам. Сайд нь улиран сонгогдохоор нэрээ дэвшүүлэн орсон. Эвслээс чамгүй хувь ёстой байсан М. Энхсайханы фракцынхан хоосон үлдсэн уур хорслоо шадар сайдад нэр дэвшсэн Ч. Улаан, ХЗДХ-ийн сайд, нэр дэвшсэн Ц. Нямдорж нарт л нэг гаргах шиг болсон. 17 сайд дотор ганцаараа мэргэжлийн яамаа толгойлож байгаа Ц.Нямдоржид ганц аллергитэй М.Энхсайхан түүний нөхдүүд эрс эсэргүүцэж байсан 82,8 хувийн саналаар улиран сонгогдосон юм.

Хамгийн баян улс төрч хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдавга
Дэд сайдын албыг нь хашиж байсан түүнд энэ томилолт шинэ байсангүй. Монголын хамгийн баян улс чдийн л нэг. Хөдөө аж ахуйг хэрхэн Германжуулахыг харж суухаас өөр хүлээх зүйл алга даа. Бусад зүйл угаасаа бүгд ойлгомжтой Ок юм чинь.

Аз нь гийсэн эрүүл мэндийн сайд Т.Ганди
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын дуу хоолой, нүүр царай болж байсан Л.Гүндалай хувь гэгдэж байсан энэ яамыг АН ч санаандгүй алдчихаагүй, МАХН ч санаандгүй авчихаагүй. Ёстой л түүнийг хорлох ад зэтгэр шүглэсэн байсан болохоор энэ яам түүнийх болох хувь дутсан. Нэгэнт Ах намын гарт орсон энэ яамны жинхэнэ эзнээр буюу хүчтэй өрсөлдөгчөөр өмнөх дэд сайд Удвал тодорсон байсан. Гэтэл азын нүхээр од нь гүйсэн Гандигийн гарт орсон. Уг нь Ганди НХХЯ-ны сайдад яригдаж байсан ч АН-ын хувь байсэан энэ яам үгүй болоход түүнд юм үлдээгүйг мэдсэн тэр ангийн анд намын даргаа загнаж байгаад 94,7 хувиар суусан зөөлөн суудал. Сэтгүүлч мэргэжилтэй түүнийг эрүүл мэндийн асуудлыг хэрхэн шийдэх нь сонин л байх гэх үг чиг дэлсэж л байна. Гэхдээ сайд бол улс төрийн томилгоо шүү дээ.

МАХН-ын шинэчлэлийг илэрхийлэгч Гамшгийн асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх
Мэргэжлийн яамаа алдсан түүний амыг гамшгийн гэх аймаар нэртэй яамгүй сайдаар таглачихлаа. Гэхдээ нас залуу цус шингэн байхад болохгүйгээс нь болохоо хүртэл явсан нь дээр л дээ.
Намын дарга нь түүнийгдээш ньо зүглүүлэх тийм ч дуртай байгаагүй. Гэсэн ч МАХН-ын залуу халаануудын нүүр царай болсон энэ хүнд суудал өгөхгүй бол нөгөө шинэчлэл энэ тэр нь харагдахгүй юм чинь арга байгаагүй.

Эрдэнэбатын бөөн итгэл улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар
МАШСН-д олдсон хоёр дахь хувь мэргэжлийн хяналтын яам. Б.Эрдэнэбат энэ яамыг өөрийн намын УИХ дахь гишүүд дотроос хэнд нь ч хариуцуулчихаж болох байсан. Нөгөө хэд нь ч үүнийг горьдож хүлээж байсан. Гэхдээ энд тэндээс цугласан итгэлгүй нөхдөөр дүүрсэн болохоор байгаа ганцыгаа өөрийн гарын хүн буюу итгэлт хүндээ барьчихсан нь энэ. Тэр Эрэл ХХК-д дэд захирлын ажил хашдаг байсан барилгын инженер.
/2004.10.11, Хүмүүс/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button