Автобусны тасалбарын үнэ 2-3 дахин нэмэгдэх бололтой
Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд дуу дуугаа авах Засгийн газрыг шахаж, Тасалбарын үнийг нэмэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Эсвэл та нар явган таваргах болно шүү гэсэн сүрдүүлэнгүй өнгө аястай мессежийг олны дунд нэлээд эрчимтэй цацаж эхэлсэн. Түүнтэй зэрэгцээд зорчигчдын бухимдангуй яриаг мэдээллийн бүхий л хэрэгсэл өөр өөрийнхөө шугамаар дамжуулж байв. Гэсэн ч иймэрхүү яриа тэгсгээд намдсан билээ. Гэхдээ бүр чимээгүй болчихсон гэсэн үг биш. Нийтийн тээврийн унааны хөлс нэмэгдэх магадлал улам ихэссээр байна. Тэгэхдээ бүр 600 төгрөгт хүрч магадгүй гэвэл та үнэмших үү. Үнэхээр ингэхээс өөр аргагүй байгаа бололтой.
Ер нь бол том хүн 470, хүүхэд 250 төгрөгөөр зорчиж байж нийтийн тээврийн үйлчилгээ сая алдагдалгүй байх боломжтой гэнэ. Ямар ч ашиггүйгээр, зөвхөн үйл ажиллагааныхаа зардлыг л нөхье гэвэл ингэж нэмнэ гэнэ шүү.
Хэрэв автобусны компаниуд мөнгөн хуримтлал бий болгож, улмаар техникийн паркаа шинэчлье гэвэл зорчих тасалбарын үнийг 580-600 төгрөг болгохоос өөр ямар ч аргагүй юм байна. Магадгүй, таныг нэг л өглөө нийтийн унаагаар зорчиход чинь автобусны кондуктор 600 төгрөг нэхвэл тэгтлээ гайхах шаардлагагүй болох нь. Яагаад гэж үү. Үүнд хэд хэдэн учир шалтгаан бий аж.
ЯМар ч байсан тасалбарын үнэ нэмэгдэх нь ойлгомжтой
Мэдээж нэгдүгээрт, шатахууны үнийн огцом өсөлт нөлөөлж байна. Энэ оны 7-р сарын 2-ны өдрөөс эхлээд шатахууны үнэ тэнгэрт хадсан. Гэсэн байтал өнөөдөр нийтийн тээврийн хэрэглэж буй шатахууны үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Гэтэл тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын зардлын гол хэсэг нь шатахуунд зарцуулагддаг аж.
1999 оноос хойш шатахууны үнэ бага багаар нэмэгдсээр байв. Мөн оны 10-р сарын 31-нд автобусанд том хүн 200, хүүхэд 100 төгрөгөөр зорчино гэж шийдвэрлэж байх үед шатахууны үнэ 270 төгрөг байсан бол өнөөдөр 695 төгрөг болчихоод байна. Литр шатахууны үнэ 2,7 дахин нэмэгдсэн гэсэн үг.
Нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг өөрөө алдагдалтай салбар. Дэлхийн хөгжилтэй оронд ч гэсэн тэр. Нийгмийн захиалгат үйлчилгээ гэдэг утгаараа үнэ тариф нь төр, засгийнх нь хяналтад байдаг. Тэрхүү алдагдлыг ийм төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүд нуруундаа үүрээд л явж байна гэж Нийслэлийн нийтийн тээвэр, зохицуулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Х.Ванчигмаа ярьж байсан.
Зах зээлийн хууль ёсоор бол автобусны тасалбарын үнэ ч дагаад өсөх учиртай биз дээ. Тэр тусмаа автобусны компаниуд маш их алдагдалтай ажиллаж байгаа энэ үед шүү дээ. Юутай ч мэргэжлийн хүмүүс автобусны тасалбарын үнийг нэмэх талаар судалж байгаа гэдгийг танд дуулгамаар байна. Судалгааны урьдчилсан дүнгээс харвал одоогоор гүйлтийн км-т ногдох зардал 80 хувиар өссөн гэдгийг тогтоогоод байгаа аж. Ямар ч байсан автобусны тасалбарын үнэ нэмэгдэх нь ойлгомжтой болоод ирлээ. Харин хэзээ вэ, өнөөдөр үү, маргааш уу, тэгээд бас хэдээр вэ?
-Цалин нэмэгдээгүй байхад унааны мөнгөө илүү төлөх болно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ асуултад Х.Ванчигмаа Шатахууны үнийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бүх л барааны үнэ өсч байгаа биз дээ. Талх гэхэд л 300 төгрөгийн үнэтэй болсон. Гэвч иргэд энэ мөнгийг төлөөд л талхаа авч идэж байгаа. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээний алдагдлыг хаах хэмжээнд тасалбарын үнийг аваачъя гэхэд ингэж бухимдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ төр, засгийн бодлого, зохицуулалтад байдаг гэдэг утгаараа төр, захиргааны дээд шатны байгууллага л эцсийн шийдвэрийг гаргана гэж хариулж байна. Тэгэхээр энэ асуултын эцсийн хариуг Засгийн газар л хэлнэ.
Ташрамд дурьдахад, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 5832 тээврийн хэрэгсэл явж байгаа. Үүнээс төрийн өмчийн компанийн мэдэлд 279, хувийн хэвшлийхэд 402 автобус харьяалагддаг. Троллейбус 53, бага оврын буюу микроавтобус 2000, 3100 такси бий гэсэн тоо Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газрын дансанд бүртгэгдсэн ажээ.
Ахмадууд хүртэл автобусанд мөнгө төлж магадгүй
Парк хуучирсан. Хэдэн автобусных нь насжилт дуусч, хэзээ мөдгүй зогсоход хүрсэн гэнэ.Өмнө нь нийтийн тээврийн үйлчилгээ төрийн мэдэлд байлаа. Тиймдээ автобусны парк шинэчлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж байж. Харин 1996 оноос эхлэн энэ зорилгоор төсвөөс мөнгө гаргахаа больсон юм байна. 1995 онд Японы Засгийн газрын тусламжаар Автобус-1 компанид 100 ширхэг цэнхэр автобус өгснийг эс тооцвол үндсэндээ нийтийн тээврийн парк шинэчлэлт гэж ойрын онд хийгдсэнгүй. Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр Автобус-2 компанид 40-өөд автобус, Цахилгаан тээвэр-т есөн троллейбус авснаас хойш арваад жил өнгөрчээ. Гэтэл нийгмийн энэхүү захиалгат үйлчилгээг тос, бензин ханхалсан, байсхийгээд бөглөрч таглараад зогсчихдог хэдэн авдар биш, харин их багтаамжтай, стандартын шаардлага хангасан, зориулалтын, тохилог унаа гүйцэтгэдэг юм байна. Наад зах нь гурван хаалгатай, 90-ээс доошгүй хүний багтаамжтай автобус байх ёстой гэнэ. Автобусны компаниуд соёлт хүн төрөлхтний үйлчлүүлж буй ийм тээврийн хэрэгсэл худалдаж авах хуримтлал бий болгох нь байтугай урсгал зардлаа ч нөхөж чадахгүй байдалд хүрч,алдагдалд орчихсон байдаг.
Төрийн зүгээс нэгэнт л мөнгө гаргаад автобус компаниудынхаа унааг шинэчилж чадахгүйгээс хойш стандартын шаардлага хангасан нийтийн тээврийн унаагулсын хилээр оруулж ирэхэд нь татварын хөнгөлт үзүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, том оврын автобусыг хилээр оруулж ирвэл гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болсон юм билээ. Гэвч энэ хөнгөлөлт үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа гэнэ. Учир нь, энэ салбарын үйлчилгээний тариф анхнаасаа алдагдалтай зохиогдсон тул хэдийгээр элдэв хөнгөлөлттэй байсан ч хилийн чанадаас нийтийн тээврийн хэрэгсэл оруулж ирэх хүн гарахгүй байгаа аж. Гэхдээ бас ч ор хоосон биш. Нийтдээ энэ хөнгөлөлтөөр 80 гаруй тээврийн хэрэгсэл орж ирэх нь ирсэн юм байна. Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллага нийтийн тээврийн үйлчилгээний компаниудын парк шинэчлэлтийг гадаадынзээл тусламжийн хүрээнд шийдвэрлэе хэмээж жил бүхэн л хөөцөлддөг аж. Гэсэн ч манай талын саналыг хүлээж авах газар одоогоор гараагүй л байгаа гэнэ шүү. Бодлого бол байгаа л гэнэ. Нэгэн сайхан нартай өдөр хэн нэгэн хачин гоё нэртэй төсөл хэрэгжүүлээд л, биднийг шинэ унаатай болгож магадгүй тэр өдрийг хүлээхээс л өөр аргагүй болж байх шиг. Хэдийгээр автобусны компаниуд алдагдалтай ажиллаж байгаа ч эцсийн бүлэгт мэргэжилтнүүдийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал нь нийтийн тээврийн унаанд үйлчлүүлчихээд мөнгөө төлдөггүй явал гэнэ. Халаасандаа мөнгөтэй байсан ч болж л өгвөл буруу хараад чимээгүйхэн шиг өнгөрөхийг хичээдэг дүр зургийг нийслэлд явж байгаа аль ч автобуснаас ажиглаж болно. Автобус компаниудын алдагдалтай ажиллахад ийм туулай-нуудынүүрэг багагүй нь мэдээж. Нэг хэсэг нь төлдөг, нөгөө хэсэг нь болохоор үгүй. Магадгүй хүн бүр л мөнгөө төлдөг байсансан бол өнөөдөр зорчих тасалбарын үнэ нэмэгдэж магадгүй ньо гэж ярьж суух ч байсан уу, үгүй ч үү гэх бодол сэтгэлд ургаад байгаа юм. Хэрэв тасалбарын үнэ нэмэгдлээ гэхэд мөнгөө шаардуулалгүй төлчихдөг зорчигчдын тэр багаахан хэсэгл хохирч үлдэнэ дээ. Шударга бус хэрэг шүү.
Нийтийн тээврийн унаанд үнэ төлбөргүй зорчих эрхтэй хүмүүс байдаг л даа. Тэднийг ч бас мөнгөө төлдөг болгох хэрэгтэй гэж үзэх хүмүүс байгаа юм байна. Хуулиар 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүн автобусанд мөнгөгүйгээр зорчих ёстой. Тэгвэл тэдний тэтгэвэр, тэтгэмж дээр нь нэмж унааны мөнгө гэж тусад нь өгөөд бусдын адил нийтийн тээврийн унаанд төлбөртэй зорчдог болговол зүгээр юм гэсэн санаа ч бас байгааг дурьдах хэрэгтэй байх. Гэхдээ цаг алдмааргүй байна.
2004.10.12, Монголын мэдээ