Нямдорж сайд болоод би болоогүйд л миний дургүй хүрээд байна

Гэтэл Их эвслийн зөвшилцлөлөөс хоосон хоцорсон нь мөн л нөгөө лоозонтой нөхөр.
Учир явдал чухам юу болоод өнгөрчих вөө гэдгийг УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас тодруулъя.
-Их эвслийн бялуу хуваарилалтаас хамгийн түрүүнд хүртэх хүн нь таныг л гэж бодож, хүлээж байлаа. Тэр байтугай тодорхой нэр заагдаж, ЭМ-ийн сайд болно гэж яригдаж байгаад яагаад байдал өөрөөр эргэчихсэн бол?
-Эрүүл мэндийн яамны ажилтнууд намайг сайдаа болно гэж бодсон юм шиг байна лээ. Германд мэргэжлээр сургууль төгссөн. Гадны эмч, эмнэлгийн байгууллагуудтай харилцаа холбоо сайтай, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж чадна гэж хүмүүс намайг хүлээж байсан юм. Эрүүл мэндийн сайд болоогүй нь МАХН-ын бодлого. Эвсэлд эрүүл мэндийн яам ирсэн байсан бол би найдвартай сайд нь болох байсан гэж бодож байна. Цаагуураа ямар тохиролцоо явсныг би сайн мэдэхгүй байна. Ху намын зарим хүмүүс Гүндалайг эрүүл мэндийн сайд болгож болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд бидний нэр хүндийг унагасан ганц хүн гэсэн гэнэ лээ.
-Эрүүл мэндийн сайд болоогүй ч таныг олон зүйл хийхээр төлөвлөчихсөн байсан байх гэж бодож байна?
-Би эмч хүнийхээ хувьд эрүүл мэндийн салбарын талаар, бусад орны туршлага, системийг судалж сонирхож явсан л даа. Хэрэв сайд болсон бол олон мэргэжилтний үгийг сонсож олон газрын туршлагыг судлаад тодорхой зүйл хийх л байсан.
-Энэ сайдуудын томилгоо хэр шударга болсон гэж бодож байна. Мэргэжлийн бус олон хүмүүс томилогдсон байсан. Энэ тал дээрх таны бодол?
-Ер нь сайдууд бол улс төрийн албан тушаал. Тэр нь ийм тийм гэж яриад баймааргүй байна. Эвслийн сайдуудыг гол нь Ц.Элбэгдорж, эвсэл дахь фракцууд томилсон.
-Та сайдуудыг батлах үеэр ерөнхий сайдад захидал явуулсан. Үүгээрээ та ямар нэг зүйлийг сануулах гэсэн оролдлого уу, эсвэл…?
-Би үүнийг анхнаас нь анхааруулга гэсэн шүү дээ.
-Эх орон-Ардчилал эвслийн дарга Намбарын Энхбаяр мандтугай гэж хүлээн авалтан дээр хэлсэн гэсэн?
-Энэ улс төрийн үйл явдлын гол утга, сэжүүрийг нь атгаж өөрийнхөө хүссэнээ хийж чадаж байгаа хүн бол Н.Энхбаяр шүү дээ. Н.Энхбаярын хүссэнээр манай ялсан хоёр тойрог шийдэгдэхгүй байна. Н.Энхбаяр хүссэнээрээ Их хурлын дарга боллоо, хүссэнээрээ яамдыг хуваарилаад, хүссэнээрээ шадар сайдыг ерөнхий сайдад хориг тавьдаг болголоо. Н.Энхбаярын хүссэнээр хоёр, хоёр жилээр ээлжилж засгийн газраа тэргүүлэх боллоо. Бидний хүссэнээр яг юу болсон юм бэ, юу ч болоогүй шүү дээ. Бид одоо хувьсгалт намыг яг л бодсон санаснаар нь бууж өгөөд явж байгаа шүү дээ.
-Шадар сайдад нэр дэвшсэн Ч.Улаан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёрыг нэлээн шүүмжилсэн. Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн турш өрсөлдөж байсан Ц.Нямдорж сайд болоод, та яамгүй хоцорсон. Танд юу бодогдож байх юм бэ?
-Ч.Улаан, Ц.Нямдорж хоёр бол Н.Энхбаяраар толгойлуулаад өнгөрсөн дөрвөн жил сайд хүний амнаас гарахааргүй муухай үг, гүтгэлэг, тархи угаалт хийж байсны амьд гэрч нар нь бид өөрсдөө шүү дээ. Миний ганц дургүй хүн байгаа зүйл бол Нямдорж сайд болоод, би сайд болоогүйд л байгаа байхгүй юу. Ерөнхий сайдад захидал бичих гол шалтгаан нь бол бас Нямдорж намайг шоронд хориод, өчнөөн ардчиллын үнэт зүйлсийг хуниад, уландаа гишгээд, зэрлэг балмад байчихаад сайд болж байхад би болоогүй байгаа нь шууд бус утгаараа намайг ялагдал хүлээлгэж байгаа гэсэн үг.
Энэ нь манай намынхны хүнээ хамгаалж чаддаггүй, зохион байгуулалт муутай, эв нэгдэлгүй, ойрын болон хэтийн төлөвлөгөө стратегигүй, урсгалаараа явж байгаагийн илрэл.
-Танай намынхан нэлээн өөдгүй хүмүүс байна гэдэг та нарын хоосон хоцорсноос харагдаад байна. Одоо АН-д итгэж орох, карьер хөөх гэсэн залуучуудад таныг ийм байдалд хүргэсэн явдал нөлөөлөх нь тодорхой байх аа?
-АН сонгуульд бараг ялалт байгуулчихаад байхад намын дарга, дэд дарга хоёр нь хоёулаа, ядахдаа аль нэг нь сайд болж чадахгүй л байна шүү дээ. Уг нь бол бусад орны жишгээр бол ялсан намын дарга нь ерөнхий сайд болдог биз дээ. Тэгээд дэд дарга нь байна уу, хариуцлага хүлээж байгаа албан тушаалтнууд нь бас хариуцлагатай албанд очдог.
-Тэгвэл та намын дэд дарга гэдэг үүднээсээ эрүүл мэндийн сайд болоогүй ч гэсэн ерөнхий сайдад захидал бичихийнхээ оронд намдаа байгаа тэр дутагдалтай зүйлүүдийг сайжруулах талаар ажиллая гэдгээ хэлж болоогүй юмуу?
-Мэдээж тэр талаар ажиллалгүй яахав. Гол нь захидал бичих нь хүмүүст хоёрыг бодогдуулж нэгийг санагдуулна. Ер нь захидал бичнэ гэдэг чинь хүмүүст ойлгуулна шүү дээ. Нээрээ бид юу хийгээд байгаа юм бол, ер нь цаашдаа юун дээр анхаарах ёстой вэ гээд ойлгох нэг нь ойлгоод явж байгаа.
-Тэгэхээр сайдуудын томилгоо ямар нэгэн лобби орохгүй болно гэж байхгүй шүү дээ. Мэдээж лобби ороод наана цаагуур юм яригдсан л байх. Гэтэл та болохоор надад эрүүл мэндийн сайдын суудлыг өгөх ёстой гэсэн тулган шаардах байдлаар хандсан юм биш үү. Энэ чинь таныг албан тушаалд дуртай гэдгийг харуулаад байгаа юм биш үү?
-Тэгсэн, би тулгасан. Нөгөө талаар албан тушаалд дургүй хүн гэж байдаг юм болов уу. Та өөрөө ч сайн бодоорой. Энэ өдрийг хүртэл сайд дарга ерөнхийлөгч байсан болон одоо байгаа хүмүүсийг дургүй байхад нь гуйж байгаад юмуу эсвэл хүчээр сайд дарга ерөнхийлөгч болгосон гэж та бодож байгаа юм биш биз.п-Бусадтай адилхан гуйгаад байсан бол авчих ч байсан юм биш үү. Тэр аргаар нь үзэхгүй яасан юм бэ?
-Яахав би гуйж яваагүй л дээ. Ер нь тэгээд надад өгөх ёстой гэж бодож байсан. Би албан тушаалд дуртайдаа биш, гол нь үүрэг хариуцлагыг нь хүлээгээд, монголчуудынхаа төлөө сайн юм бүтээе гэдэг нь чухал шүү дээ. Хоёрдугаарт Нямдорж сайд болоод, миний хувьд сайд болохгүй байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мөн нэр байна, хор байна. Дөрвөн жил энэ намын төлөө зүтгэчихээд нөгөө Гүндалай нь сайд болж чадсангүй гэж хэлэгдэхгүй байх нь миний хувьд ч бас нэр төрийн хэрэг байсан л даа. Зарим хүмүүс мөнгөөр сайд, дэд сайд болсон гэнэ лээ. Өнгөрсөн засгийн газарт сонгуулийн өмнө Ху намд 200 саяас дээш төгрөгийн хандив өгсөн хүн сайд, арай бага өгсөн нь дэд сайд болсон юм гэнэ лээ. Одоо бол шууд худалдаж авч байгаа хүн ч байгаа гэсэн. Ханшийг нь сонсоогүй.
-Хувьсгалт нам сайдууддаа нэр дэвшүүлэхдээ нэг яамны сайдад гэхэд гурван хүн өрсөлдүүлээд, эвсэл болохоор шууд нэг нэг хүн гаргаж ирээд шууд зөвшөөрөөд томилсон гэсэн. Тэгэхээр хувьсгалт нам энэ асуудал дээр арай ардчилсан хандсан гэж хэлж болох уу?
-Хэлж болно. Хувьсгалт нам бүр нууцаар санал хураалт явуулсан байна лээ. Харин манай эвсэл илээр гар өргөж санал хураалгасан нь илэрхий ардчилалгүй болсон. Фракцын дарга нарынхаа дохио зангаагаар бүгд л утсан хүүхэлдэй шиг хөдөлж байсан. Тийм байдлыг халах ёстой. Нууцаар санал хураалт явуулъя, эвслийн бүлэг дотроо хүннэг бүрээр нэр дэвшүүлж санал хураалгая гэж би ганцаараа зүтгээд дийлээгүй. Сайд нарын нэр дэвшүүлэх асуудлыг ерөнхий сайдаар хийлгэхгүй гэж бүлэг дотроо шийдье гэж бас л ганцаараа санал гаргаад дэмжигдээгүй.
-Тэгвэл заавал эрүүл мэндийн яамнаас өөр, эвсэлд хуваарилагдсан яамд байгаа шүү дээ. Нэгэнт таныг АН-д гавьяатай, ардчиллын төлөө зүтгэсэн, сайд болох ёстой хүн гэж ард түмэн үзэж байгаа юм чинь өөр яам руу өрсөлдөж болоогүй юмуу?
-Яахав оройтсон байсан л даа. Хоёрдугаар фракцууд зөвшөөрөхгүй байсан байх.
-Сайд болох хүсэлтэй хүмүүс өдөр шөнөгүй Элбэгдоржийн хаалгыг сахиж байна гэсэн шүү дээ. Та тэнд очоод хамт сахиад байсан бол өөр яаман дээр очих байсан юм биш үү?
-Яахав тэгж чаддаггүй нь миний буруу байсан юм байна л даа.
-Итгэлийн 10000 төгрөгийг анх санаачилсан хүн нь та. Үүнийг өгөх асуудал бүрхэг байна гэж яриад байгаа. Зарим нь өгөхгүй, зарим нь доошлуулаад байгаа гэсэн яриа байгаа. Хэрвээ энэ 10000 төгрөг өгөгдөхөөргүй болчихвол таны санаачлага талаар болох юм биш үү?
-Өгөхгүй гэж байгаа, өгчих вий гэж айж байгаа болон саад хийхийг оролдож байгаа хүмүүс бол Ху намынхан. Хүүхдийн итгэлийн мөнгө болсон 10000 төгрөгийгн өгөх ёстой. Энэ бол нийгмийн захиалга. ОХУ-д 250 сая ам.доллар төлсөн. Үүнийг манай монгол улс зээлээр төлсөн. Энэ төсөвт тусгагдаагүй, эх үүсвэр нь тавигдаагүй мөнгө байсан. Энэ зээлийн мөнгөний жишээлбэл 50 сая долларыг энэ ондоо багтааж төлөх ёстой. Энэ 50 сая доллар 2005 оны 1 сараас итгэлийн мөнгө өгөхөд хүнд дарамт болж байгаа л даа. Тэгээгүй байсан бол ямар ч асуудалгүй болох байсан. Ямар ч байсан энэ мөнгийг өгөхийн төлөө ажиллах нь засгийн газрын үүрэг. Өгөхгүй бол энэ засгийн газрыг огцруулах саналыг би ч бас тавина.
-Та энэ 4 жилд юу хийе гэж бодож байна?
-Би эвслийн мөрийн хөтөлбөрт гурван зүйл санаачилсан нь дэмжигдэж орсон. Нэгдүгээрт Итгэлийн 10000 төгрөг, хоёрт газрыг иргэн бүрт олгох, гуравт бизнес дэх төрийн дарамтыг устгах санал байсан. Энэ гурваа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Бхзнес дэх төрийн дарамтыг устгая гэдэг нь элдэв хүнд суртал хээл хахууль авилгалын үүд хаалга болж бизнес дэх боломж өрсөлдөөнийг хааж байгаа бүх лиценз зөвшөөрлийг устгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл албан тушаалтан, дарга нар, хээл хахууль өгөгчид, танил талтнууд зөвхөн зөвшөөрөл авдгийг халж, хот хөдөө, баян ядуу, дарга цэрэг гэлгүй хүн бүр авдаг болно гэсэн үг. Ингэснээр засгийн газар, яамдын үүдийг сахиж цаг алдахгүй болно гэсэн үг.
-Сая Лүндээжанцан дарга, Туяа гишүүн хоёр женевт болсон хуралд оролцоод ирэхдээ Олон улсын парламентын холбоо Зориг агсан, та хоёрын асуудал яригдсан гэж байсан. Тэр талаар сонссон уу?
-Сонссон. Олон улсын парламентын холбооноос надад байнга мэйл ирнэ шүү дээ. Юу болж байна таныг барьж хорьсон буруутай хүмүүст шийтгэл оногдуулсан уу. Таны эрхэнд халдсан нь танай улсын үндсэн хуулийг зөрчсөн байна. Энэ асуудлыг шийдэж чадсан уу гэсэн асуулт ирдэг. Би тэгээд байдал нөхцөл ийм байгаа гэдгийг нь хариулаад л яваад байгаа.
2004.10.11, Хүмүүс