Булган ахын минь хөшөөн дээр ганцаараа ирье гэж боддог байлгүй дээ

Энэхүү сэтгэл хиртхийлгэсэн аллага гарснаас хойш даруй зургаан жилийн нүүр үзэж байгаа хэдий ч хэрэг илэрч алуурчин нь олдох нь байтугай, хоног өнгөрөх тусам мартагдаж бүдгэрч байна уу гэлтэй. Намрын зэвэргэн салхи салхилсан 10 сарын энэ л өдөр түүний хүндэт хөшөөнд ах дүү хамаатан садан, зорилго нэгт журмын нөхөд нь цугларч хүндэтгэл үзүүлэх үед түүний дүү УИХ-ын дэд дарга С.Оюунтай цөөхөн хором уулзсан юм. С.Зориг агнсны хөшөөнд Монгол улсын сайд Ц.Элбэгдорж ирэн хүндэтгэл зүүлж байсан бөгөөд амралтын өдөр таарсан болоод ч тэр үү ард иргэд өөр өөрийнхөөрөө гүнээ хүндэтгэл үзүүлж байсан юм. Өөр өөрийнхөөрөө гэсний учирнь сагс дүүрэн улаан сарнай байхын хажуугаар гарын салаанд нь түүний татдаг байсан стьюардесс тамхи шургуулж, хөшөөний өмнө нэлээд хэдэн хайрцаг тамхи цугларсан байсан сонирхол татаж байсанюм. Их хурлын дэд даргаас энэхүү хэргийн илрэлтийн явц болоод, С.Зориг агсны эхнэр Булган хатагтай яагаад хүндэтгэл үзүүлж энэхүү өдөр ирдэггүй талаар асуусан юм.
-Хэдий тэрхүү аймшигт хэрэг гарснаас хойш даруй зургаан жилийн нүүр үзэж байгаа ч, саяхан мэт санагдаж байна. Цаг хугацаа жамаараа өнгөрч, энэхүү хэрэг ч аандаа мартагдах янзтай гэж санагдах боллоо. Юутай ч монголын ард түмний хайртай улс төрчийн талаар нэхэн дурсаж, та хоёр хэр ойр дотно болоод, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хэрхэн бодол санаа өвөрлөж байсныг тодруулах гэсэн юм?
-Мэдээж хамгийн гол нь ард түмнээ, улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө үргэлж нэгийг бодож, санаа тавьж хойч үеэ гэсэн сэтгэлтэй улс төрч байсныг монголын ард түмэн бүгд мэднэ гэж бодож байна. Гэхдээ энэхүү сэтгэл бодол нь сүүлд зөвхөн улс төрч болсон хойнох бодол нь биш, багаасаа залуугаасаа улс орноо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлэлтэй байсныг дурдах хэрэгтэй. би нэг ой гаруйхны зөрүүтэй л дээ ахтайгаа. Сургуульд байхдаа ч гэсэн үеийнхнээсээ арай л давуу ирээдүйг түрүүлж харж байсан юм болов уу, ямар ч байсан энэ талаар байнга ярьж, дээд сургуульд байхдаа надад захиа бичсэний дотор, улс орон маань нэг л болж өгөхгүй байна, хүмүүсийн амьдрал ч үүнийгээ дагаад өөдөлж өгөхгүй, хаалттай ийм нийгэмд удаан хүлэгдэж болохгүй, даруйхан өөрчлөх хэрэгтэй байна, бид Япон улсын жишигт хүрч, хүмүүсээ аятайхан, сэтгэлийн бага зовлонтой амьдруулахын тулд, одоогийн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна гээд 80-аад оны эхээр ярьдаг байсан юм. Тухайн үеийн коммунизм социализмийн нийгэмд хүн болгон ингэж ярьж бичээд байдаггүй, тэр тусмаа 18, 19 настай хүүхэд яриад байхааргүй сэдэв гэдэг нь ойлгомжтой ч, тэр үедээ ч мөн адил их дэвшилттэйгээр сэтгэж байсан хүн гэдэг нь одоо ойлгогдож байдаг юм. Ах маань Монголын радиод 1998 оны 9 сарын сүүлээр өөрийнхөө хамгийн сүүлийн ярицлагыг өгсөн байдаг. Тэр нь 10 сарын 4-нд нэвтрүүлэгдсэн л дээ. Тэр ярилцлаган дээр өөрийнхөө бараг гэрээслэл гэхээр тийм л зүйлүүдийг хэлсэн байдаг. Гэхдээ өрөө хамгийн сүүлийнхээ ярилцлага гэж мэдээгүй л байх л даа. Гэхдээ тэрхүү ярилцлагыг сонсоход одоо өөрийнх нь амьдралын болон улс төрчийнх нь зарчмуудыг нэлээд ойлгомжтой тодорхойлсон байдаг. Бид бол ардчиллын замаар нэлээд олон жил явж байгаа ч, шийдэх ёстой, шүаардлагатай асуудлууд маш их байна. Ардчилал нь өөрөө магадгүй зөв зүйтэй тогтолцоо ч гэсэн, өөрөө явцуу эрх ашигт хөтлөгдөөд ирэхээрээ ардчилал чинь ардчилал биш болдог юм байна. Явцуу эрх ашгийг аль болох хойш нь тавиад хамгийн түрүүнд улс орны нийтлэг эрх ашгийг тавьж чадах юм бол дараа нь намын юмуу явцуу юмуу хувь хүний эрх ашиг байж гэмээ нь ардчилал чинь ардчилал болох юм байна гэдгийг нэгдүгээрт хэлж байсан. Үүнийг яаж тавьж чадсанаар монгол улс хөгжих үү эс хөгжих үү ардчиллын 2 дахь шат нь амжилттай байх уу үгүй юу гэдэг нь тодорхойлогдоно гэж хэлсэн байдаг. Мөн улс орноо хөгжүүлэхийн тулд дэлхийн хөгжил болоод, бүс нутгийн хөгжлийг сайн ойлгож мэдрэх хэрэгтэй, тэгж байж л дэлхийн бүс нутгийн хөгжилтэй тохируулж байж монгол улсынхаа хөгжлийг зөв залах ёстой гэж хэлсэн байдаг. Тэгэхгүй бол заримдаа монголчууд бид чинь монгол дотроо л бараг дэлхийн төв гэж бодоод л шал хэрэггүй юманд анхаарлаа хэт хандуулаад, нэг нэгэнтэйгээ хэрэлдэж маргалдах зэрэг глобальчлагдсан ертөнц чинь томоор нээлттэйгээр хөгжлөө харж чадахгүй байгаад байдаг юм байна л даа. Үүний зэрэгцээ нэг сонирхолтой зүйлийг дурдаж байсан нь улс төрч хүн заавал гоц, хурц ухаантай байх шаардлагагүй ээ. Улс төрч гэдэг бол аль болох олон хүнийг сонсдог, сонсож чаддаг, өөрийгөө хүрээлүүлсэн сайн, чадалтай зөвлөхүүдтэй байдаг, мөн олон түмэнтэй байнга уулзаж, тэгж байж түүн дундаас зөв шийдвэрийг, зөв гарцыг гаргаж чаддаг ийм хүнийг л улс төрч гэхэд арай дөхөх болов уу гэж байсан юм. Тэгээд өөрөө монгол хүний саруул ухаанд итгэдэг, монголын ирээдүйг их өөдрөгөөр төсөөлж, хүчирхийллийн аргыг үзэн ядан, аль болох тайван замаар нэг нэгэнтэйгээ ойлголцож, харилцан ярилцаж зөвшилцөж байж аливаа улс төрийн асуудлыг шийдэх ёстой гэсэн улс төрийн хатуу байр суурьтай, тийм ч учраас 1990 онд Сүхбаатарын талбай, эрх чөлөөний талбай дээр болсон томоохон жагсаал цуглааныг удирдаж байсан хүмүүсийн нэг. Тэнд баримталж байсан зарчим бол тайван замаар ямар нэгэн мөргөлдөөн сөргөлдөөн гарах ёсгүй гэдгийг хатуу баримталж, үүнийгээ тэр олон мянган хүмүүст итгүүлж үнэмшүүлж чаддаг байсан нь ахын маань давуу чанар гэж болох юм. Хүчирхийллийн бус аргаар, тайван замаар асуудлыг шийдэх ёстой гэж үздэг хүн маань өөрөө хүчирхийллээр амиа алдсан нь хамгийн харамсалтай.
-Хоног хугацаа өнгөрөөд л байдаг. Гэтэл хэргийн илрүүлэлт хэрэгтнийг олох нь байтугай бүүр дурсах ч үгүй болсон мэт байгаа нь харамсалтай. Та өнөөдөр Их хурлын дэд даргаар томилогдсоны хувьд, магадгүй өмнөхөөсөө илүүтэйгээр шахаж шаардан, хэргийн илрүүүлэлтийг хурдасгах боломж бий болов уу. Ер нь энэ хэргийн талаар өдийг хүртэл ард түмэн хариуг нь нэхсээр байгаа, яг өнөөдөр хуулийн байгууллагынхан юу хэлж байх юм?
-Харамсалтай нь энэ хэрэг илэрч байна уу, илрэхгүй байна уу, ер нь юу болж байна гэж надаас болон гэр бүлийнхнээс маань сэтгүүлч хүмүүс их асуух юм. Энэ нь ч аргагүй байх л даа. Яг асуух ёстой газар нь очиход тоймтой нэг их хариултыг өгдөггүй юм шиг байгаа юм. Тэр нь юу гэхээр хүчний байгууллагууд хууль зүйн яам, цагдаагийн ерөнхий газар, ажлын хэсэг, прокуроргээд энэ ажлыг чинь хариуцаж байгаа хүмүүсээс уг нь асуух ёстой ш дээ зүй ёс нь. Бидний хувьд эдгээр байгууллагуудаас мэдээж үе үе асууж лавладаг. Ажил ямар ч байсан мухардаагүй ээ, шалгах ёстой зүйлүүдээ шалгаж байгаа гэж хэлдэг. Гэхдээ нарийн мөрдөн байцаалтын нууцад оруулдаггүй, хууль зүйн хувьд ч гэсэн бидний хувьд тийм эрхгүй л дээ. Гэхдээ үнэхээрийн шалгах ёстой бүх зүйлээ шалгаж чадсан уу үгүй юу, мэдээж шалгасан зүйл их байгаа ч гэсэн яг зайлшгүй шалгах ёстой зарим сэжүүрүүдээ шалгаагүй орхисон юм болов уу гэж хааяа бодогддог л юм. Уг нь нэлээд их үр дүнг хүлээж итгэж найдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэд л хэлэх ёстой хүмүүс. Өнгөрсөн парламентад хэт цөөнх байгаад тодорхой асуудлууд дээр нөлөөлж чадахгүй байсан. Одоо нэгдүгээрт парламентад энэ хэргийн мөрдөлтөд дэмжлэг үзүүлдэг тодорхой хэмжээнд хяналт тавьдаг, ийм ажлын хэсгийн байгуулах ёстой гэсэн зөвлөмж байдаг. Олон улсын парламентын холбооны хүний эрхийн хорооны зөвлөмж шүү дээ. Энэ зөвлөмжийг одоо болтол биелүүлээгүй л байгаа. Биелүүлээгүй ч юу байхав дээ. Шаардлагагүй гэж л үзээд байсан юм. Би энэ асуудлыг дахин парламентад дэвшүүлнэ ээ гэж бодож байгаа. Түүнээс гадна 10 сарын 2-ны улс төрийн хүчирхийллийн эсрэг өдөр болгох, тогтоолын төслийг хоёр жилийн өмнө өргөн барьсан. Харамсалтай нь энэ төсөл дэмжигдээгүй, харин зөвхөн 10 сарын 2-нд манай талийгаач ахын амийг бүрэлгэснээс гадна, ер нь монголын түүхэнд ийм хар өдрүүдзөндөө байсан шүү дээ. Хэдий хэлмэгдлийн өдөр байдаг ч улс төрийн хүчирхийллийн эсрэг өдөр гэж байх ёстой юмаа гэснээр тогтоолын төслийг өргөн барьсан ч батлагдаагүй ч энэ их хуралд дахин өргөн барина аа л гэж бодож байгаа.
-Сүүлийн тав зургаан жилийн турш энэ л эмгэнэлт өдөр ойр дотныхон нь талийгаачид хүндэтгэл үзүүлдэг ч хачирхалтай нь эхнэр Булган нь ерөөсөө үзэгдэхгүй юм. Ингэхэд та нар ямархуу харьцаатай байдаг вэ. Өөрөөр хэлбэл Булган ирдэггүй шалтгааныг та юу гэж үздэг вэ?
-Булган ирдэг байх аа. Зүгээр яахав олон хүний дунд ирэлгүй, өөрөө ганцаараа ирье гэж боддог байж магадгүй ш дээ. Харьцааны хувьд юу гэж муу муухай байхав дээ. Энгийн жирийн л байгаа.
2004.10.11, Мянганы зууч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button