М.Энхсайхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 2005 онд огцруулна гэж заналхийлсэн ү

Монгол улсын төр түүхэндээ анх удаа албан тушаалын нууц наймаа хийж ямар хүмүүс төрийн толгойд гарсныг харуулж орхив. Ичиж зовохоо байсан улс төрч гэгч этгээдүүд албан тушаалын төлөөх тэмцэлд улайрч эхэлсэн нь ард түмний амьдралд муугаар нөлөөлж эхэллээ. Өнөөдөр төр барьж байгаа улс төрийн гол хоёр хүчинд тулгараад байгаа гол бэрхшээл нь албан тушаалын хуваарилалт болоод байна. Ц.Элбэгдоржийн толгойлох Засгийн газрыг бүрдүүлэх сайдууд сонгогдохгүй нэлээд дуншсаны эцэст хоёр тал сая л нэг юм хөзрөө дэлгэлээ. МАХН-аас томилогдсон сайдууд ч яахав хүмүүсийн таамаглаж байснаас нэг их зөрөөгүй бөгөөд харин эвслийн сайдууд олон түмнийг битгий хэл өөрсдийнх нь гишүүд дэмжигчдийг ч ангайлгаж байна. Эх орон-ардчилал эвслийг 2004 оны сонгуульд амжилт олох үйл хэрэгт гол ачааг үүрсэн. М.энхсайхан, Л.Гүндалай, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын улс төрчид ноогдол ашиг-аа хүргэж чадсангүй.
Гэтэл улсын хөрөнгөөр АНУ-д очиж дамжаа-нд суугаад ирсэн. Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Монголд бараг хөл тавив уу, үгүй юу төрийн толгойд гарсан нь олны гайхшралыг төрүүлэв. Уг нь тэдний суудлыг Энхсайхан, Гүндалай тэргүүтнүүд шоронд орох нь холгүй үзэлцэн байж бий болгосон юм. Мөн улс төрөөс тээр хол хөндий наймаа хийж явсан Фортуна Батбаяр, Эрэл компанийн орлогч захирал И.Эрдэнэбаатар, хэдэн жилийн өмнө улс төрөөс арчигдсан Ц.Баярсайхан, Н.Алтанхуяг нар сайдын дүрээр тодров. Эдгээр нөхөд маш сайн хор найруулсны хүчинд ийм өндөр албан тушаалд томилогдсон гэдгийг хэн хүнгүй ойлгож байна.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Эх орон-Ардчилал эвсэл дэх фракцуудыг гомдоохгүйгээр бялуу хүртээнэ гэсэн ч өөрийнхөө талынхныг бүгдийг дээш нь татлаа. Мөн түүний татаасаар гарсан яамны сайд нар бас бус хүмүүсийг дээш инь татах аман тохироо хийсэн байна. Харин АН-ын дарга М.Энхсайханы хувьд Ц.Элбэгдоржийн хүчтэй фракцад нам цохиулсан бөгөөд өөрийн багаас П.Цагаанаас өөр хүнийг сайд болгож чадсангүй.
Тэрбээр энэ бүхэнд шаралхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 2005 онд огцруулж өөрөө Засгийн эрх авахаа мэдэгджээ. Ер нь М.энхсайхан, Ц.Элбэгдорж хоёрын хоорондын тэмцэл 1996 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд түүнийг Ц.Элбэгдорж уран хэл амаараа ялсаар ирсэн юм. Эцсийн үр дүнд МАХН аль өнгөтэй өөдтэй яамдын суудлыг аваад зогсохгүй эвслийнхэнд хаяж өгсөн яамдыг тэд хэрхэн булаалдахыг шоолонгуй харж байна.
/2004.10.сар, Ноцтой мэдээ/