М.Энхсайхан хэлэх ёстойгоо хэлж, хийх ёстойгоо хийх үү
Үүний учрыг нягталбал, МАХН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар хэт их чимээ шуугиантай нүсэр сурталчилгаа явуулж байсан бол одоо чимээ багатай байгаатай холбоотой бололтой. МАХН энэ удаагийн Орон нутгийн сонгуульд намынхаа төв аппдаратынхныг оролцуулахгүй байх шийдвэр гаргасан гэх ба уг сонгуульд зориулж намаасаа тусгай мөрийн хөтөлбөр, уриа ч гаргаагүй гэнэ. Тэд уг сонгуулийг удирдах бүрэлдэхүүнийг л зөвхөн томилсон аж. МАХН-ын Орон нутгийн сонгуулийн хамгийн том талбар болох Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн төв штабыг нь Дэд бүтцийн дэд сайд У.Уламбаяр удирдаж байгаа ба мань эр уг сонгуулийн дараа аль нэг яамны дэд сайд юмуу, аль эсвэл томоохон агентлагийн дарга болж төр засгийн бялуунаас томоохон үмхэх нь тодорхой гэнэ. Үүнийг батлах баримт нь МАХН Орон нутгийн сонгууль өнгөртөл яамын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирлуудыг өөрчилж, томилгоо хийхгүй байх шийдвэр гаргасантай холбогдоно. Энэ нь мөн МАХН өөрийн хувь хүртээх хүмүүсээ орон нутгийн сонгуулийн тойргууд руу нууц далгавартай илгээсэнтэй ч холбогдоно.
Үүнээс гадна сайд болчихоор горьдож байсан зарим нэг шанстай нөхөд нь сайд олдоогүй өөрсдийг нь дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын суудалд шахах гэж байгааг мэдэрчихээд тэгж ч доошоо орохгүй шүү гэлцээд орон нутагт сонгуулийн ялалтанд хүргэх нэрээр түр зуур булчихсан явдал ч мэр сэр гарчээ. Ер нь бол МАХН-аас өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан нөхдүүдийн ихэнх нь орон нутгийн сонгуульд үнэхээр сайн зөвлөх менежер хийж байгаа гэлцэнэ. Мөн уг сонгуулийг дуустал Нийслэлийн удирдлагыг үг дуугарахгүй байх тухай ч сануулсан сурагтай. Ерөнхийдөө бол Орон нутгийн сонгуульд МАХН ч эвсэл ч аль аль нь ямар нэг аргаар заавал ялах хэрэгтэй гэж үзсэн ба далдуур маш хурц тэмцэл өрнөж байгаа аж.
Эх орон-Ардчилал эвслийнхэн шинэ Засгийн газарт хэн хэнийгээ оруулах, оруулахгүй байх гэсэн зүйлээсээ болж түнжин хагараад байсан ч Орон нутгийн сонгуульд нэгдмэл байдлаар оролцож байгаа. Тэд энэ сонгуульд хэрхэн оролцсоноос шалтгаалж эвслийнхээ удирдлагыг өөрчлөх эсэхээ шийдэх нь ч бас үнэний хувьтай гэнэ. УИХ-ын сонгуулийн дараахан эвсэл болон АН-ын дарга М.Энхсайхан Орон нутгийн сонгуульд эвслийг удирдуулахаар С.Эрдэнэ нарын өөрийн фракцын нөхдийг томилсон ч нам дотроо шахалтанд орж УИХ-ын гишүүн, АН-ын генсек Л.Гансүхээр уг сонгуулийн удирдуулах шийдэлд хүрсэн.
М.Энхсайхан анх Эх орон-Ардчилал эвслийг байгуулахад гол атор нь болж оролцон улмаар УИХ дахь суудлынхаа тоог 10 дахин нэмэгдүүлсэн гавьяатай ч үр шимийг нь төрөлх нам дотроо хамгийн хүчтэй фракц болох Алтан гадас-ынханд алдчихаад ууртай байгаа. Дээр нь Орон нутгийн сонгуульд эвслийг удирдах эрхийг ч өрсөлдөгч фракцидаа булаалгачихсан болохоор байж ядаж байгаа гэлцдэг. Түүний хувьд одоо эвслийг Орон нутгийн сонгуульд уначихвал хэлэх үгээ хэлж, хийх ёстойгоо хийхээр шулуудчихсан тухай саарал ордныхон шивэр авир гэлцэж сууна. Мань эрийн хувьд эвслийг санаачилсан юм чинь эргээд задалчих чадал байгаа гэж үзэж болох юм. Гэхдээ мөнхийн дайсан гэж улс төрд үгүй болохоор улс төр судлаач, сонирхогчдын дээрх таамаглал худал ч байж болно гэдэг ойлгомжтой. Энэ бүхний эцсийн гаргалгаа Орон нутгийн сонгуулиас гадна одоо ид яригдаж буй дэд сайдын сэнтийд аль фракцын хэн сонгогдохоос бас шалтгаалж гарах нь илүү ортой байж мэднэ.
Төрийн ордонд тэнэж яваа мэдээллээр бол эвслийнхэн өөртөө оногдох дэд сайдуудаа аль хэдийн тодруулчихсан Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд нэрсээ оруулахад бэлэн болчихсон аж. Уг мэдээллээр бол НИТХ-д нэр дэвшчихээд байгаа С.Эрдэнэ ХЗДХ-ийн, Ц.Элбэгдоржийн туслах байсан Оюунгэрэл Гадаад хэргийн, УИХ-ын гишүүн асан МоАХ-ны Ерөнхийлөгч Цагаандарийн Энхтүвшин дээгүүр жаалж, Үйлдвэр худалдааны дэд сайдаар тус тус тодорчихсон гэнэ.
Ийнхүү УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулаад байгаа Орон нутгийн сонгууль, УИХ-д эн тэнцүү нам, эвслийн зөвшилцлийн дараагийн алхам юу байх гацаа үүсэх эсэхийг шийдэх гол асуудал болон хувирсан нь тодорхой болоод байна.
/2004.10.14, Монголчуудын амьдрал/