Кикбоксч Ц.Амарбаясгалан Грекийн аваргыг яллаа
Тус тэмцээний хамгийн гол тоглолт буюу сүүлийн тоглолтод манай кикбоксын од Shiratori Shinobu хэмээх Ц.Амарбаясгалан оролцов. 60 кг-ын жиндээ Японд босоо Амараагийн өрсөлдөгчийг энэ удаа холбооныхон гадаадаас хайж авчирсан байв. Анх Марокко гарлын итали тамирчин Мухамед тоглох байсан боловч машины осолд орсон тул оронд нь Грекийн муайтай боксын 60 кг-д чансаагаараа 1-д яваа Марио Галарис оронд нь томилжээ. Грекийн шинэ од Галарис мэргэжлийн дэвжээнд есөн удаа тоглож наймд нь ялсан бөгөөд сүүлчийн үед муай тайгийн эх орон Тайландад тоглодог болоод байгаа тамирчин. Саяхан Тайландад болсон тэмцээнд тай боксын тамирчинг нам цохиж унагаасан тул япончуудын анхааралд орж эхэлжээ. Манай Амараа энэ тоглолтын өмнө мэргэжлийн дэвжээнд 22 тоглосон, 20 ялсан үзүүлэлттэй байв. Мэргэжилтнүүд ихэнх тоглолтоо хүнд цохилтоор дуусгаж байгаа Галарис хэнтэй ч тоглосон ухардаггүй дайчин шаргуу Амараатай хэр зэрэг тулалдаж чадах бол гэдгийг нь сонирхож байв. Тоглолтын эхнээс Амараа байдлыг ажин тайван довтлон Галарис хөлийн цохилт хийсээр эхний үе бие биенээ тандсан байдалд дууслаа.2-р үеэс Амараа довтолж эхэллээ. Рингний буланд шахан дайрсаар зүүн гарын цохилтоор унагаалаа. Гарын техникээр Амараа илүү байснаа ашиглав. Галарис нэг юм боссон ч Амараа дахин довтолсоор энэ удаа баруун гарын цохилтоор унагаалаа. Шүүгч найм хүртэл тоолж байхад Галарис босон грекийн аз болоход яг энэ үед 2-р үе дуусав. Гэсэн ч ялагч тодорхой болсон байлаа. 3-р үе эхлэнгүүт Амараа дахин ганц цохиод Грекийн кикбоксын одыг нам унагаж 60 кг-ын жиндээ босоо гэдгээ харууллаа. Тоглолтын дараа Амараад Японы кикбоксын холбооны аваргын бүс гардуулж өгөв.
-Баяр хүргэе, Амараа
-Баярлалаа. 60 кг-ын жингийн шилдэг тамирчин шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тул заавал хүнд цохилтоор ялна даа гэж бодож байсан. Дэмжигч балиашиг ч олон байсан болохоор хугацаа дуусахаас өмнө ялах сан гэж бодоод.
-Балиашгууд их олон ирсэн харагдсан.
-Бүх Японы аварга болсноос хойш балиашгууд дэмжигчид их нэмэгдээд байгаа. Сургуулийн найзууд, тэгээд монголчууд ч их олон ирсэн.
-Өнөөдөр ямар тактиктай тоглов?
-Гараар түлхүү ажиллаж унагаах. Тоглолтыг нь үзээгүй тамирчин байсан болохоор эхний үед байдлыг нь харсан. Хурдтай сайн тамирчин байна. Мэдээлэл ер байгаагүй болохоор эхэндээ ямар стилийн гэдгийг нь мэдэхгүй хэцүү тал байсан.
-Өнөөдөр аваргын бүсээ гардаж авсан. Цаашдын зорилго?
-Гурав дахь удаагаа аваргын бүс авч үзлээ. Мэдээж баяртай байгаа ч одоо бодож байгаа юм бол ООцүкитай тоглож хариугаа авах. Бас дэлхийн хүчтэй сайн тамирчидтай тогломоор байна. Японы тамирчидтай бараг бүгдтэй нь тоглосон байх.
Галарис Амараа үнэхээр сайн тамирчин юм. Олон янзын хувилбар тактиктай, толгой сайн ажилладаг, хэн ч харсан өөлөх аргагүй үнэхээр аварга юм. Хэрвээ Амараа зөвшөөрөх юм бол дахиад тогломоор байна гэж ярьсан бол Амарааг хариугаа авахыг хүсч байгааг сонссон Ооцүки Тийм үү? Хэрэв тоглоно гэвэл том тэмцээний гол тоглолт болгож тогловол болох юм. Гэхдээ Амараатай тоглохын тулд хэдэн сар сайн бэлтгэл хийж бэлдэхгүй бол болохгүй. Одоо бол за тоглоё гэж хэлж мэдэхгүй байна гэлээ. Ийнхүү Монголын хар салхи Амараа бас нэгэн ялалт байгуулж, дэлхийн дэвжээнд гялалзсаар л байна.
2004.10.16, 5 цагариг