Сонгогчид маань намайг бие даасан байхыг л хүсч байгаа
Шаардлага жаахан буурсан болохоос биш одоо ч бас боломжийн байгаа л даа. Тэд сонгуулийн дараа санал бодлоо илэрхийлж байсан ч экс ерөнхий сайд Р.Амаржаргал нам жим суусны эцэст цаг үеийн зарим асуудалд байр сууриа илэрхийллээ.
-Шинэ УИХ-ын анхдугаар чуулган хоёр сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд зөвшилцлийн хоёр талын ажлын хэсгийнхэн олон ч удаа уулзаж, хэд хэдэн баримт бичиг гаргалаа. Түүний нэг болох Зөвшилцөл-3-д дурьдсан төр, засгийг хоёр, хоёр жилээр ээлжлэн удирдах болсныг хэр зөв шийдвэр гэж үзэж байгаа вэ?
-УИХ-д суудалтай МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн зөвшилцлийн үр дүнд Засгийн газрыг хоёр хоёр жилээр ээлжлэн барих болсон. Гэхдээ бусад албан тушаалтнууд бүрэн эрхийн хугацаандаа ажиллахаар болсон. Хэр зөв шийдвэр болсон бэ гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Ер нь цаг хугацаа өөрөө бүхний шалгуур шүү дээ.
-Өнгөрсөн дөрвөн жил бие биеэ шүүмжилж, бараг л хонь чоно шиг байсан хүмүүс нэг баг болж ажиллаж чадна гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ?
-Өнгөрсөн хугацаанд тийм зүйл байсан. Гэвч одоо тэр бүхнийг сөрөн ажиллах цаг үе ирээд байна. Тийм ч учраас улс төрийн хоёр хүчин маань хамтран ажиллах чадварт үүрэгтэй гэдгийг ч сануулах ёстой байх.
-Сайдууд томилогдлоо. Энэ хэр нүдээ олсон томилгоо болсон бэ?
-Бүгдээрээ сонгогдож байгаа юм биш шүү. Чадалтай мэдлэг туршлагатай, далайцтай, цар хүрээтэй ажиллах хүмүүс энэ Засгийн газарт цөөнгүй орсон.
-Хараад байхад голдуу мэргэжлийн бус хүмүүсээр тухайн салбарыг удирдуулах нь ээ дээ…
-Ийм томилгоо хийснийг хараад зарим нэг хүн болгоомжилж байгаа л байх. Яагаад болгоомжлоод байгаа нь ч ойлгомжтой. Ер нь энэ томилгоо зөвшилцлийн үр дүнд л гарсан шийдвэр шүү дээ. Нэгэнт УИХ-аар шийдэгдсэн болохоор миний бодол ийм байна, тийм байна гээд байх зүйл алга. Харин сайн чармайж, шударга ажиллаарай л гэж захимаар байна.
-Бие даагч гурав Эх орон-Ардчилал эвслийн бүлэг, МАХН-ын бүлэг хоёрын аль нэгэнд орно гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Сүүлийн үед сонин хэвлэлээс л өөрийнхөө байр суурийг олж хардаг болоод байгаа шүү. Би сая намрын чуулганы өмнөхөн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийсэн. Гэтэл манай сонгогчид наад асуултыг чинь надад тавьж, өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, илэн далангүй яриа дэлгэсэн. Би сонгогчдынхоо сонголтыг хүндэтгэн дагах ёстой шү дээ.
-Нууц биш бол сонгогчид тань яг юу гэж байх юм?
-Тэр ч их нууц шүү. Сонгогчид маань өөрсдийн хийсэн сонголтоороо байхыг л хүсч байна лээ.
-Хэрвээ та гурав аль нэгэн улс төрийн хүчинтэй зөвшилцөх шаардлага гарвал алийг нь сонгох вэ?
-Монголын ард түмэн намайг Ардчилал-ын Амаржаргал гэдгээр маань илүү мэднэ. Манай нөгөө хоёрыг ч мөн адил ардчиллынх гэдгийг хүн бүр мэднэ. Бид чинь ардчиллыг анхнаас нь дэмжиж байсан. Ардчилсан намыг үүсгэн байгуулалцаж явсан хүмүүс яах аргагүй мөн.Тийм болохоор одоо ч ардчиллыг л дэмжиж, ардчиллын төлөө явж байгаа. Гэхдээ энэ нь миний хувьд аль нэг намд орно гэсэн үг биш. Ийм байдал үүсэхгүй байх аа гэж бодож байна.
-Бие даагч гурав аль нэг талд нь орсноор тэр улс төрийн хүчин одоогийн парламентад олонхи болно. Тэгвэл тэр нам нь дангаараа засгийн эрхээ барих боломжтой болж та бүхэнд хувь оногдох талаар ярьж байсан шү дээ?
-Хуульд зааснаар бол УИХ-д олонхийн суудал авсан улс төрийн хүчин Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй байдаг. Гэхдээ нэгэнт УИХ-д суудалтай хоёр талын зөвшилцлийн үр дүнд Засгийн газрыг хоёр хоёр жилээр ээлжлэн барих болоод байна. Ингэлээ гээд бусад албан тушаалтнууд бүрэн эрхийн хугацаандаа ажиллах учраас бие даагчид аль нэг бүлэгт орсон ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж бодож байна.
/2004.10.16, Хүмүүс/