46 жилийн дараа Монголын хүн ам 600 мянга болно гэв үү?

Үеийн үед хүн амаа өсгөх бодлого барьж байдаг Монгол улсын хувьд энэ нь аймшигтай тоо баримт. Үргүйдлийн гол шалтгаан нь үр хөндөлт болдог гэнэ. Бараг л цагаан халад өмссөн болгон мэс барьж үр хөндөх болсон энэ цаг үед эмэгтэйчүүдийн амь нас хутганы ирэн дээр ирж төлөвлөөгүй жирэмслэлтийн өр төлөөс болсоор байна.
Манай улс 1980-аад оны сүүлээс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрч, дээрээс нь зах зээлийн засагт шилжсэнээр хорвоод мэндлэх гэж тэмүүлж байсан олон зуун мянган үрсүүд хогийн сав руу оржээ. Статистик тоог харахад 1990 онд 29000 үр хөндөлт, 1991 онд 31000 үр хөндөлт бүртгэгдэж байжээ. Энэ бол зөвхөн албан ёсны статистик тоо. Үүний цаана гэртээ, хууль бусаар олон мянган үр хөндөлт явагдсан гэж бодохоор монгол эмэгтэйчүүд минь дээ гэх харуусал, өрөвдөхийн өр зүсэх. Хамгийн энгийн үгээр хэлэхэд таван төрөлт тутмын нэг нь үр хөндөлт гэж бодохоор хоёрхон сая ард түмэнд дэндүү том тоо. Мэдээж үр хөндүүлэх шалтгаан олон янз. Яалт ч үгүй эрүүл мэндийн шаардлагаас үрээ авахуулж байхад эдийн засгийн боломжгүйгээс нийт үр хөндөлтийн 37,8 хувь нь эзэлж байх юм. Зөвхөн цаашид суралцах гэж 21,9 хувь нь үрээ хөндүүлсэн гэнэ. Сүүлийн үед 14-16 насны охид их хэмжээгээр үр хөндүүлэх болсон нь аймшигтай. Тэдний ихэнх нь нэн ядуу, гэр оронгүй охид байдаг.
Байдал энэ хэвээр үргэлжлээд байвал 46 жилийн дараа монголын хүн ам 600 мянга болно гэсэн энэ судлаачдын тоо гарчээ. Итгэлийн мөнгө сүүний мөнгө, албан тушаалын мөнгө ярьж байх зуур монголын хүн амын өсөлт буурсаар. Монголд шинээр мэндэлсэн хүүхэддээ 100 мянгыг бус 500 мянгыг өгье. Хүн өсгөе, үндэстнээ аваръя. Бид алийн болгон бодлого ярьж, улс төрөөр амьсгалж, мөнгөөр амьдрах юм бэ? монголчуудын хөгжлийн түлхүүр олон сая хүн ам гэж нэгэн улс төрч хэлсэн нь ч бий. Үр хөндөлтийг хуулиар хориглож сөрөг үр дагавар гаргалгүйгээр эдийн засгийн хөшүүргээр нь ард түмнээ өсгөх тухай яриаг ажил хэрэг болгох цаг иржээ. Монголын үрс маш олон болтугай.
2004.10.15, 4 дэх засаглал