Санаандаа хүрээгүй гишүүд сэтгэл дундуур байна

Эвсэл, нам дотроо сайдын суудал булаацалдсан хэл ам хэрүүлтэмцлийн эцэст шинэ сайд нар томилогдлоо. Сайдын суудалд санаатай байсан зарим гишүүд санасандаа хүрээгүй болохоор үзэл бодол, санаа нэгтэй нам, журмын нөхдөөсөө нүүр буруулж өрх тусгаарлахад хүрсэн. Гэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр тэгсхийгээд чимээгүй болцгоов. Олон жилийн туршлагатай зарим хуучин гишүүд наашаа харж инээгээд, цаашаа харж уйлаад Мэргэжлийн хүнийг нь мэргэжлийн салбарт нь тавьбал яасан юм бэ хэмээн дуугарсан ч төдий л нөлөөлсөнгүй.
Хуучин Сангийн сайд байсан Ч.Улааныг Засгийн газрын шадар сайдаар, ХЗДХ-ийн сайдад Ц.Нямдоржийг улируулан томилоход Э.Бат-Үүл, Л.Гүндалай, М.Энхсайхан,Ж.Наранцацралт нар өөр өөрсдийн үндэслэл шалтгаанаар шүүмжилж эсэргүүцлээ ил тод илэрхийлсэн ч шийдвэрт нөлөөлсөнгүй. Уг нь шинэ сайдуудыг танилцуулахад мэргэжлээсээ өөр салбар удирдах хачирхалтай сонголт хийгджээ. Тухайлбал Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдад нэр тодроод байсан сэтгүүлч Т.Ганди Эрүүл мэндийн яамыг, Сангийн сайд асан хуульч П.Цагаан Боловсрол соёл шинжлэх ухааны яамыг, физикч Н.Алтанхуяг Сангийн яамыг, геодезийн инженер Б.Эрдэнэбат Батлан хамгаалах яамыг тус тус удирдахаар болцгоосон байна.
Дээр нь шинэ Засгийн газар хэрэг эрхэлсэн хоёр сайдтай байхаар тогтож Гамшгийн асуудал эрхэлсэн сайдаар У.Хүрэлсүх, Улсын мэргэжлийн хяналтын сайдаар И.Эрдэнэбаатар нарыг томилжээ.
2004.10.15, 4 дэх засаглал