Би аливаад шантарч үзээгүй, зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлдэг хүн
Түүнийг төрийн медалиар энгэрээ цоолоод гарч ирэхийг нь хүлээн төрийн ордны гадна бүчих ард түмнийхээ халуун мэндчилгээг хүргэх тэрхэн агшинд уулзаж, сэтгэлийн үгийг нь сонссон юм.
-МУ-ын гавьяат тамирчин гэдэг эрхэм цолыг хүртсэнд баяр хүргэе. Яг энэ агшин дахь сэтгэгдлийг чинь сонсох гэж байгаадаа таатай байна.
-Юуны өмнө танай сонины нийт уншигчдад мэнд хүргэе. Мэдээж, миний хувьд энэ хүндтэй шагналыг Ерөнхийлөгчөөсөө хүртсэндээ сэтгэл маш өндөр байна.
-Таныг гавьяат болсон тухай урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан. Та тэр бүхэнд итгэж байсан уу. Хамгийн анх хэзээ гавьяат болсноо мэдсэн бэ?
-Тэдгээр мэдээллүүдэд үнэмшээгүй. Миний хувьд дотроо бодож байга байсан болохоор тэр биз. Албан ёсоор гэвэл, өчигдөр 12 цагийн үед манай шигшээ багийн дасгалжуулагч Насантогтох ярьж хэлсэн. Тэр мөчид их баярласан. Гавьяат цолыг зүүх энэ цагийг маш их хүлээсэн дээ.
-Таныг ард түмэн маань үнэлж байгаагийн илрэл бол өнөөдрийн энэ баярт үйл явдал юм. Тэгэхээр та энэ мөчид ард түмэндээ юуг амлаж чадах бол?
-Цаашдаа өөрийнхөө зорьсон зорилго болох спортын оргилын цэгт хүрэхийн төлөө их хөдөлмөрлөнө.
-Шагналаа хамгийн түрүүнд хэнтэй хуваалцах вэ?
-Энэ бол ганц миний баяр биш. Миний гэр бүлийнхний аав, ээжийн маань баяр. Шагналаа гэр бүл, найз нөхөд, багш дасгалжуулагч нартайгаа хуваалцана.
-Афины олимпод хүрэл медаль авч байх тэр агшинд юу бодогдож байв. Өнөөдөр танд тэр өдрийн баярт үйл явдал эргэн дурсагдаж байгаа биз ээ?
-Мэдээж, энэ агшинд хүрэл медаль эзэлж байсан маань санаанд эргэж байна. Тухайн үед хичнээн Японы төрийн дуулал эгшиглэж байсан ч гэсэн сэтгэл маань их л догдолж зогссон.
-Спорт бол хүний хөлс хөдөлмөр шавхсан хүнд ажил. Халгаж бэрхшээмээр өдрүүдийг хэрхэн даван туулж байсан бэ?
-Тамирчин хүнд их зүйл тохиолдоно. Миний хувьд шантарч бэрхшээж үзээгүй, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүдэг хүн л дээ. Жин хасах үед л их зүдэрдэг. Гэвч өөрийгөө үргэлж зоригжуулж явдаг.
-Энэ шагналыг хүртэхэд чинь хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн гэж боддог вэ? Тэдэндээ хандаж сэтгэлийн халуун үгээ манай сониноор дамжуулмаар байгаа биз ээ.
-Энэ цолыг гардаж авахад намайг төрүүлж өсгөсөн аав ээж болон багш нарын маань ач гавьяа их юм. Мөн намайг бүхий л талаар дэмжиж байсан олон хүн бий. Тэдэндээ их баярлалаа гэж хэлье.
2004.10.15, Хүмүүсийн амьдрал 2 сэтгэгдэл