Монголын 15 иргэн Солонгост ял эдэлж байна
Хоёр орны хооронд 1999 онд байгуулсан Иргэний болон Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээний хэрэгжилтийн талаарталууд уг уулзалтын үеэр ярилцах аж. Мөн БНСУ-ын хилээр нэвтрэх визтөдийгүй гэр бүл болох асуудал, хоёр улсын иргэдийн талаар цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгох юм байна.Зөвлөлдөх уулзалт өнөөдөр үргэлжилнэ. Уулзалтын талаар ГХЯ-ны Эрх зүй консулын хэлтсийн дарга Д.Гэрэлтэй уулзлаа.
-Энэ уулзалтын үр дүн, ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Монгол, Солонгосын хоорондын харилцаа нягтарсан сүүлийн арав гаруй жилд анх удаа болж байгаагаараа энэхүү зөвлөлдөх уулзалт их онцлог юм. Анх удаа болж байгаа энэ уулзалтад оролцохоор Солонгосын ГХХЯ-ны Далайн чанад дахь иргэд, консулын газрын захирал И Шүн Гюгээр ахлуулсан төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна.
-Энэ уулзалтыг хийх зайлшгүй шаардлага байсан уу. Эсвэл танай яамны төлөвлөгөөт ажлын нэг үү?
-Зайлшгүй шаардлага байсан гэхэд болно. Монголоос Солонгос руу зорчих визийн асуудал болон Солонгос дахь монгол, манайд байгаа солонгос иргэдийн өнөөгийн байдал иргэний гэр бүлийн байдал зэрэг тулгамдсан асуудлыг манай талаас өнөөдөр Солонгосын талд албан ёсоор мэдэгдлээ. Тухайлбал, виз авсан манай иргэдийг БНСУ-ын Хилийн шалгал нэвтрүүлэх алба саатуулж, албадан буцааж байгааг зогсоохыг албан ёсоор хүслээ. Бас м анай олонхи иргэд Солонгост 4-6 жил ажиллаад буцдаг хэр нь цалингийнхаа 4,5 хувийг тэтгэврийн шимтгэлд төлж байгааг болиулах саналыг ч тавиад байна. Зөвлөлдөх уулзалт өнөөдөр үргэлжлэх учир өөр олон асуудлаар талууд хэлэлцэнэ.
-Солонгос иргэд манай улсад байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдох нь олширсон. Үүнийг Солонгосын талд мэдэгдсэн үү?
-Сүүлийн үедгэмт хэрэгт холбогдох, садар самуун сурталчлах хэрэг үйлдсэн, нутагтаа гэмт хэрэг үйлдээд Монголд ирсэн солонгос иргэдийн тоо өсч байгааг бид албан ёсоор Солонгосын талд мэдэгдсэн. Энэ талаархи тоо баримт, жишээг ч дурдсан.
-Монгол, солонгос иргэд гэр бүл болох нь сүүлийн үед мөн л олширлоо. Энэ тухайд?
-Энэ асуудлыг ч хөндсөн. 2003 онд гэхэд хоёр улсын 133 иргэн гэр бүлээ батлуулсан байна. Ер нь 2003 оны эцсийн байдлаар Монгол, Солонгосын 373 иргэн гэр бүл болсон. Гэтэл зан заншил, хэл соёлын өөр байдлаас болж гэр бүл салах нь мөн л их байна. Тиймээс Солонгосын талд бид үүнтэй холбоотой хэд хэдэн санал тавиад байна. Наад зах нь монгол хүн тус улсын иргэнтэй гэр бүл болсон тохиолдолд Солонгос руу чөлөөтэй нэвтрүүлэх, үр хүүхдийг нь гэр бүлийн гишүүн гэж үзэж виз олгож, чөлөөтэй нэвтрүүлж байхыг хүслээ.
-Өнөөдрийн байдлаар Солонгост гэмт хэрэг үйлдээдял эдэлж байгаа хэдэн монгол хүн байна вэ?
-Солонгосын шоронд ял эдэлж байгаа 15 монгол хүн байгаа. Саяхан нэг нь ялынхаа үлдсэн хугацааг Монголд эдлэх хүсэлтээ Солонгосын холбогдох байгууллагуудад тавьсан. Ял эдэлж байгаа эдгээр хүмүүс Солонгосын шүүхээс 1,6-13 жилийн ял сонссон. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга.
2004.10.18, Зууны мэдээ 0 сэтгэгдэл