Н.Багабаньд, А.Кларксан нар уулзаж ярилцав
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Н.Багабанди хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 30 гаруй жил өнгөрсөн ч сүүлийн жилүүдэд харилцаа өргөн хүрээг хамран идэвхитэй хөгжих болсонд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдээд Канад Улстай тогтоосон улс төрийн найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлж бүх талын түншлэлийн хүрээнд хөгжүүлэхийг зорих болно гэлээ.
Манай хоёр орон байгаль цаг уурын нөхцөл, хүн амын суурьшил, байгалийн баялаг, эдийн засагт хөдөө аж ахуйн гүйцэтгэх үүрэг зэрэг олон зүйлээр адил төстэй болохыг дурдаад ололт амжилтад хүрсэн Канадын тэргүүлэх салбарууд нь монголын хөгжлийн гол зорилтуудтай дүйцэж байгаа тул түүний технологи, арга туршлагаас суралцахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч цааш нь Канад Улс Монгол Улсад өрнөсөн улс төр, эдийн засгийн шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж, хөгжлийн тул техник технологи,арга туршлагаас суралцахыг эрмэлзэж байгаагаа уламжлав.тусламжаа нэмэгдүүлж ирсэнд талархал илэрхийлж Канад Улстай хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд илүү идэвхтэй хамтран ажиллах, Канадаас үзүүлж буй тусламжийг нэмэгдүүлэх, Засгийн газраас Засгийн газарт хэлбэрээр манай улсын хөдөөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчныг хамгаалах, мэдээллийн технологи, аялал жуулчлалыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэгт түлхүү чиглүүлэх боломжийг судалж үзэхийг санал болголоо.
Сүүлийн жилүүдэд Канадын томоохон компаниуд Монгол Улсад уул уурхайн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж, их хэмжээний хөрөнгө оруулж байгааг онцлоод Канадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд Монголын засгийн газар анхаарал тавин ажиллаж байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгч уул уурхай, хүнс, хөдөө аж ахуйн салбараас гадна Канадтай дэд бүтэц, иргэний агаарын тээвэр, барилга, аялал жуулчлал, байгаль орчин, эрүүл мэнд, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр орны харилцааны хөгжилд чухал ач холбогдолтойг дурдаад Канадад сургах оюутан, мэргэжил дээшлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн солилцоог өргөжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын хооронд холбоо тогтоож хамтран ажиллах боломж байгааг ч онцлон тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч ярианыхаа төгсгөлд Монгол Улс Канад Улстай НүБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, АШСТО-ын 5 дугаар бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох, тодорхой хувь нэмэр оруулах бодлого баримталж, монголын зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байдгийг хэллээ.
Амбан захирагчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.
Амбан захирагч Адриэнн Кларксон хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал Монгол орны, монголчуудын тухай тодорхой мэдээлэл, төсөөллийг Канадчуудад өгнө гэдгийг тэмдэглээд хоёр орны сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна гэлээ.
Хүн төрөлхтний хөгжилд улс орон бүрийн оруулсан хувь нэмрийг бусад нь ойлгон мэдэрдэг юм гээд Монголчуудын туршлагаас суралцах зүйл багагүй байгаад талархав.Тэрбээр монголчуудын аж төрөх ёсны нэгэн хэсэг говийн айлын 3 үеийн амьдралыг тусган харуулсан Ингэн буйлаан киног үзэж, Мрнголд очсон мэт сэтгэгдэл төрснөө хэллээ.
Амбан захирагч үгийнхээ төгсгөлд Канадчууд эвийг эрхэмлэн, энхийг сахиулагч ард түмэн, энэ үйлсэд чухал хувь нэмэр оруулсан мөнхийн гавъатай ард түмэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Амбан захирагчтай хийсэн уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ордны цэцэрлэгт хүрээлэнд мод суулгаж хоёр орны харилцаа цэцэглэн хөгжихийг бэлгэдэв.
х х х