Монгол улсыг үйлдвэрийн дадлагажигчаар хэвээр үлдээжээ

Уулзалтад Солонгосын тал Гадаад харилцаа, худалдааны яам, Хууль зүйн яам, БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож, төлөөлөгчдийг БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яамны Далайн чанад дахь иргэд, консулын газрын захирал И Жүн Гю тэргүүлсэн бол Монголын талаас есөн байгууллагаас 18 хүн оролцжээ. Уулзалтын үеэр, Солонгосын тал БНСУ-ын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрийн дадлагажигч илгээх эрхтэй орны тоог 18-аас найм болгон цөөлсөн хэдий ч Монгол улсыг дадлагажигч илгээх эрх бүхий орны тоонд багтаан оруулснаа албан ёсоор мэдэгдсэн байна. БНСУ-ын хил дээрээс манай визтэй иргэдийг буцаадаг талаар онцгойлон ярилцахад Солонгосын тал асуудлыг нарийвчлан судалж, энэ талаар авч буй арга хэмжээнд анхаарахаа мэдэгдсэн байна. Ял эдэлж байгаа иргэдийн ялын үлдсэн хугацааг эх оронд нь эдлүүлэх, Монгол улс, БНСУ хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар талууд санал солилцож, Сөүл дэх Монгол улсын ЭСЯ-аар дамжуулан иноот өгөх замаар шийдэхээр тохиролцжээ. Консулын албадын ээлжит уулзалтыг ирэх оны эхний хагаст Сөүл хотод хийхээр тогтсон байна.
2004.10.21, Монголын мэдээ