Чулуужсан модны бизнес ба Бээжингийн олимп

Цаашид үнэ нь өсөх хандлагатай гэх. Үүнийг дуулсан хятад, монгол иргэд Дундговь, Өмнөговь, Дорноговийн булан бүрийг нэгжин сэндийлж эхлэв. Дээрх аймгуудын зарим газарт хүмүүс хэсэг бүлгээрээ гал болон гарч эгээ л шоргоолж мэт ажиллаж байна. Байгалийн балаг өвд багтдаг эл чулууг хайгсад олширч, их мөнгөний сургаар нүүдэллэн ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй байна гэж хөдөө орон нутгийнхан хууль хяналтын байгууллагуудад мэдэгджээ.Чулуужсан модны эрэлчид тэр орчмын газрыг тааваараа ухаж, төнхөж байгаа бололтой.
Энэ тухай хууль хяналтын байгууллагын нэгэн эх сурвалж 2008 онд урд хөршид зуны олимп болно. Олимпийн нээлт болох цэнгэлдэх хүрээлэнг чамин хэлбэр дүрстэй чулуужсан модоор засаж, чимэглэх юм билээ. Үүнтэй холбоотойгоор модны эрэлт нэмэгдэн үнэ өсөөд байгаа. Боловсруулаад өөр зүйлд ч ашиглаж болдог гэнэ. Байгалийн урт настай бүтээгдэхүүн учир тал талын ашиг тустай. Тийм болохоор манайхан болон тус улсын иргэд урагш нь гаргаж, мөнгөжих хүсэлд автан хошуурцгааж байна. Дөрвөн жилийн дараа олимп болтол хууль бус хайгуулчидтай тэмцэх болох нь. Чулуужсан мод авах цэг Улаанбаатарт хэд хэд нээгдчихлээ. Хэвлэл мэдээллээр ч иймэрхүү зар цацагдаад байна. Үндсэндээ Монгол даяар чулуужсан мод олох аян эхэлж байна уу гэлтэй. Иймд хууль хяналтынхан төдийгүй холбогдох газрууд ч түүхийн өв соёл, байгалиа хамгаалахын тулд тэмцэх хэрэгтэй байна. Хил гаалийнхан ч хараа хяналтаа чангатгах нь чухал хэмээсэн юм.
Нэг хэсэг чулуужсан модыг эм, бэлэг дурсгалд ашигладаг гэнэ хэмээн тонн тонноор нь гаргаж эхэлсэн. Монголчууд бид амгалан хүмүүс болохоороо Өвөг дээдсээс үлдээсэн өв их баялагтай юм чинь. Хэзээ барна гэж харамлах вэ гэсэн аятай нэг их тоогоогүй өнгөрсөн. Нэг мэдсэн Дундговьд байдаг чулуужсан ойг бараг зөөгөөд дуусав. Энэ үед Байгал орчны яам, Түүхийн үнэт зүйлсийг хамгаалах төв, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар гээд олон байгууллага дуу дуугаа авалцан чулуужсан мод хилээр гаргах нь хэрээс хэтрээд байгаа талаар ярилцав. Асуудлыг нэг тийш болтол хилээр гаргахгүй байхыг Байгаль орчны яам Гаалийн ерөнхий газарт сануулсан. Үүний ачаар нэг хэсэгтээ эл асуудал нам жим болов.
Харин хил дээр хураагдсан чулуужсан мод уул овоо үүсгэж эхэлжээ. Эл модыг монголчууд яаж ашиглахаа мэдэхгүй учир дэмий л шороо, цас, бороонд даруулж орхив. Зарим нь төв суурин газар руу зөөж баар цэнгээний газраа тохижуулахаас хэтэрсэнгүй. Эл байдлыг харсан эрх бүхий нэгэн албан тушаалтан Тэртээ тэргүй ашигладаггүй юм чинь авах сонирхолтой гадаадын хүмүүст зохих үнээр нь өгчихье хэмээн холбогдох байгууллагуудад санал тавьж байсан гэнэ.
Чулуужсан мод хаданд гараад байгаа энэ үед хил, гаалийн хяналт ямар байгаа бол? Гаалийн ерөнхий газрын Хэрэг бүртгэлтийн хэлтсийн дарга Ц.Гэндэнцэвээнээс тодруулга авлаа.
-Байгаль орчны яамныхан чулуужсан мод хилээр гаргахыг түр зогсоосон. Үүнээс хойш хилээр гаргаагүй. Чулуужсан модтой холбоотой хэрэг зөрчил ч бага байна. Сүүлийн гурван сар огт гараагүй. Тус яамныхан чулуужсан модыг хилээр гаргах уу, гаргахдаа тусгай юу гэдгээ шийдээд албан ёсоор мэдэгдэх учиртай. Өнөөдрийг хүртэл хариу алга. Нэг хэсэг сонгууль гэж бужигнасан, дараа нь сайд, дэд сайд гээд дотоод ажил нь мундахгүй их байгаа юм болов уу гэв.
2004.10.23, Өнөөдөр