Ерөнхийлөгчийн айлчлалын тоймоос

ТЕЛЕВИЗИЙН СУРВАЛЖЛАГЧИД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ.
Ерөнхийлөгч Н.Багабанди байрлаж буй зочид буудалдаа Канадын ROB телевизийн сурвалжлагч, хөтлөгч Аманда Лан-д дэлгэрэнгүй ярилцлага өгөв.Телевизийн сурвалжлагч Ерөнхийлөгчөөс Канад Улсад хийж буй төрийн айлчлалын зорилго, явц,ач холбогдлын талаар сонирхож, хоёр орны улс төр, худалдаа эдийн засгийн харилцаа, Монгол дахь бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын эрхзүйн нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлого, хөрш орнуудын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар ярилцав.
МОНГОЛ-КАНАДЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын Элчин сайдын яам, Торонто хот дахь Монгол Улсын өргөмжит Консул ноён Стиев Воны санаачлан зохион байгуулсан Монгол Канадын бизнес уулзалтад оролцож үг хэллээ.
Ерөнхийлөгч Н.Багабанди айлчлалын явц, гэрээ хэлэлцээрийн өр дүнгийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлээд энэ удаагийн айлчлалын нэг зорилго нь Монголд үзүүлэх Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүлэхэд оршиж байна гээд ард түмнүүдийн харилцааг ажил хэрэгч хүмүүс ойртуулж өгдөгийг тэмдэглэлээ.
Монгол Улс уул уурхайн арвин баялаг нөөцтэй орон тул энэ салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь ажил хэрэгч хүмүүсийн анхаарвал зохих асуудал мөн гээд хамтын ажиллагааны эрх зүйн орчинг таатай болгоход бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улсын засгийн газар, Канадын засгийн газрын хооронд давхар татвараас харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулсан нь үр дүнгээ өгч буй дурдаад цаашид хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрүүдийг байгуулах болно гэлээ.
Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд манай орныг сонирхож буй Канад нөхдөлд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гээд бизнесменүүдийн хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
Бизнес уулзалтад ГХО,ГХА-ын дарга Б.Ганзориг Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, Монгол дахь Канадын хөрөнгө оруулалтын байдал, АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайхан Уул уурхайн хөрөнгө оруулалтын шинэ боломжуу, ГТХЭГ-ын дарга О.Даваасамбуу Монгол Улсын газрын тосны салбарын эрхзүйн орчин сэдвүүдээр үг хэлж, салбарынхаа мэдээллийг өгч, хамтран ажиллах санал дэвшүүллээ.
МУЗЕЙ ЇЗЭЖ СОНИРХОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Онтарио мужийн төв музейг үзэж сонирхлоо.Тус музей нь сан хөмрөгийн хувьд нэн баялаг бөгөөд мужийн уугуул иргэдийн ахуй амьдралтай холбогдсон үзмэрүүд нь сонирхол татаж байлаа.
Хүйтэн сэрүүн бүсэд дасан зохицож, амьдарч ирсэн иргэдийн аж төрөх ёс, эд өлгийн зүйлс нь нүүдэлчин Монголчуудынхтай олон талаараа төстэй болох нь музейн үзмэрээс харагдаж байв.
Ерөнхийлөгч Н.Багабанди тус музейд дурсгалын зүйл гардуулж, хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.
МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди айлчлалаар очсон улс орон, хотод оршин суудаг монгол иргэдтэй уулздаг тогтсон уламжлал ёсоор Торонто хотод сурч, ажиллаж амьдардаг монголчуудтай уулзав.
Ерөнхийлөгч Монгол Улсын дотоод байдал,төр засгийн бодлого үйл ажиллагаа, цаг үеийн ажил, бусад асуудлаар мэдээлэл хийж, эх орноосоо алс хол ажиллаж амьдарч буй элгэн садан ах дүүстээ хандаж сургамжийн үг хэлж, захиа даалгавар өглөө.
Тэрээр оршин сууж буй улс орныхоо болон мужийн хууль тогтоомжийг сайтар судалж чанд мөрдөх, эх орныхоо нэр төрийг хамгаалж биеэ зөв авч явах, цагийг үр ашигтай зарцуулж эрдэм номд шамдан суралцах, хэл сайн сурах, мэргэжлээ чадварлаг эзэмших, ажил сургуулиа оновчтой зохицуулж амьдрал ахуйгаа дээшлүүлэх, ихийг сурч эх орондоо эргэн очиж үр бүтээлтэй ажиллах зэргийг сургамжилж уулзалтад оролцсон зарим иргэдийн тавьсан асуултад хариулав.
Айлчлалын үеэр Торонто хотод Монголчуудын холбоо байгуулагдаж байгааг тус холбооны тэргүүнээр сонгогдсон Д.Ганболд мэдээлээд 1996 онд хоёрхон гэр бүл байсан монголчууд эдүгээ 60 гаруй боллоо гэв.
Энэхүү уулзалтад Монголыг сонирхон судалдаг зарим эрдэмтэд оролцож санал бодлоо хэллээ. Ерөнхийлөгч Н.Багабанди шинээр байгуулагдсан Монголчуудын холбоонд Монгол Улсын түүх 5 боть бүтээлийг дурсгаж, эх түүхээ судлах, эх орноороо бахархахын чухлыг санууллаа.
КАНАДЫН САЙД ОРОЙН ЗООГ БАРИВ
Канад Улсад төрийн айчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нарыг хүндэтгэн Канадын Парламентын болон Засгийн газрын гишүүн, Хүний нөөцийн болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх асуудал хариуцсан сайд, ноён Жозеф Волпе оройн зоог барив,
Зогийн үеэр Ж.Волпе, Н.Багабанди нар уригдан ирсэн зочид, төлөөлөгчдөд хандан үг хэлж,хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
А.ОЮУНБИЛЭГ ШЕЙЛА МАРТИНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий, Хүний төлөө сангийн тэргүүн А.Оюунбилэг Канад Улсын Ерөнхий сайдын эхнэр Шейла Мартинтай уулзаж Монгол Канад орны тухай болон хүмүүнлэгийн салбарт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг талаар ярицлаа.
Хүний төлөө сангийн тэргүүн А.Оюунбилэг сангийнхаа зорилго, үйл ажиллаганы талаар танилцуулж , нийгмийн хүрээнд ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудалд түлхүү анхаарч дэмжлэг үзүүлж ирсэнээ баримтад тулгуурлан ярилаа.
Хатагтай Ш.Мартин Монгол орныг ихэд сонирхдог гэдгээ дурдаад урлагийн салбарыг, бүжгэн жүжгийг хөгжүүлэхэд хөтөлбөр төсөл хэрэгжүүлдэг гэж яриад цаашид хамтран ажиллах боломжийг судалж, дэмжлэг үзүүлж болохоо мэдэгдлээ.
х х х
/МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ 2004-10-24/