Бизнес төлөвлөлтөд Бозо хүчин зүйлийг анхаарах нь

Хөрөнгө оруулалт, зээлийн Garage.com компанийн захирал Guy Kawasaki –гийн илтгэлд Бозо нарт бүү авт, зоригтой урагшил гэсэн хэсэг орсон байдаг. Тэрбээр ямар ч байгууллагад шинэчлэлт, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг эсэргүүцэж, өдөр тутам гүйцэтгэж буй ажилдаа өөрчлөлт оруулах дургүй хэсэг бүлэг хүмүүс байдгийг дурдсан байна. Эдгээр хүмүүс нь Бозо нар юм. Та бизнесээ төлөвлөхдөө Бозо нараас зайлсхийхийг хүсвэл тэднийг олж таних, цаашлаад байгууллага, компанийхаа ирээдүйг шийдэх үйл ажиллагаанд оролцуулахгүй байх арга барилд суралцах хэрэгтэй.

Компанийн үйл ажиллагаанд шинэчлэл өөрчлөлт хийхийг хичээх нь зүй ёсны бөгөөд авч буй арга хэмжээг дагаж мөрдөхгүй бусдад болж буй мэт харагдуулах гэж чармайдаг компанийг удирдахыг хэн хүсэх билээ. Менежер нь аливаа өөрчлөлттэй холбогдон гарах эрсдлийг урьдчилан тооцоолж, эрсдлийг тэнцвэржүүлэх сайн систем хэрэгжүүлэхдээ ажилчиддаа итгэх хэрэгтэй.

Гэвч бидний хэн нь ч эрс хурдтай хөгжиж буй даяарчлалын нөлөөнөөс бүрэн дархлагдаагүй билээ. Байгууллагууд хэрэглэгчдэд дутагдаж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнийг гарган урагшлах хэрэгтэй эс бөгөөс өрсөлдөгчиддөө байр сууриа тавьж өгөх л үлдэх нь. Өрсөлдөгч компаниуд танай компани байгууллагыг ардаа орхихын тулд үргэлж менежментийн арга хэмжээ авч хамгийн сайн, хурдан, хямд, орчин үеийн бүтээгдэхүүнийг санал болгодог. Гэтэл та байгууллага доторх тэмцлээсээ болж, бозо-г ятгах гэж цаг алдсанаар зах зээлд тэргүүлж чадахаа боливол бозо- д автаж тэрнийг зорилгоо биелүүлэхэд нь тусаллаа гэсэн үг. Үүгээрээ та түүнийг улам давруулж цаашид шинэчлэлтийг байнга эсэргүүцэх боломжийг нь нээж өгнө.

Бозонууд байнга сэтгэл дундуур явдаг бөгөөд хуучин ямар сайхан байж вэ гэхчлэн байнга гомдоллож, ажилд садаа болж байдаг учир бид бизнестээ Бозо хэмээх энэ хүчин зүйлд байнга хязгаарлалт тавьж байхгүй бол тэд үүрэгт ажлаа ч зохих ёсоор нь гүйцэтгэхээ байж байгууллагыг доош нь татах муу үр дагавартай. Тэд шинэ бүтээгдэхүүн гаргах, нэвтрүүлэх дээр шууд татгалздаг нь танай компанийг урагшлан хөгжихөд чөдөр болдог.

Бозог таних шинжүүд

Тэднийг танихад маш хялбар. Тэдний гол төлөв хэрэглэдэг үг, хэллэг нь

• Энэ миний хийх ажил биш
• Би сургалтанд хамрагдаагүй
• Урьд нь ингэж хийгээд болоод л байсан шүү дээ
• Заавал өөрчилж яах гээд байгаа юм бэ
• Энэ чинь бүтэхгүй
• Энэ боломжгүй зүйл
• Өөр хэн ч үүнийг хийхгүй байгаа шүү дээ
• Надад шинэ зүйл сурч байх цаг зав алга гм

Бозонууд их аюултай. Тэд өөрчлөлт шинэчлэлтийг мөрөөрөө эсэргүүцээд сууж байдаггүй, бусдыг хатган дэмжихгүй байхыг уриалж суудаг. Ихэнх ажилчид хэрвээ үргэлж шинийг сурахгүй, өөрсдийнхөө мэдлэгийг сайжруулахгүй бол хэн нэгэн байрыг нь эзлэнэ гэдгийг сайн ойлгодог. Гэтэл бозонууд тэдний сул талыг ашиглан тэдгээр хүмүүст ажил хийхдээ удирдаж буй менежерүүдээрээ гуйлгуулах, урд хойноо оруулж бөхөлзүүлэх санаа өгөн улам уруу татдаг.
Хэрвээ та Бозогоос зайлсхийхээр төлөвлөсөн бол зах зээлийн нөхцөл, ирээдүйн хөгжлийн чиг баримжааг сайтар судалж чадвал бозог алгасан урагшлах боломжтой.

Францын легионеруудын баримтлал нь урагшлах эсвэл үхэх гэж байдаг. Үүний адил дэлхийн зах зээл, эдийн засагт оршин тогтнохын тулд үргэлж шинэ зүйлсийг төлөвлөн, өрсөлдөгчдөөсөө илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх шаардлагатай. Шинэчлэлт хийх үү эсвэл мөхөх үү гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button