Өндгөвчний киста гэж юу вэ?

КИСТА ГЭЖ ЮУ ВЭ?
Киста гэж уйланхай гэсэн үг. Дотроо шингэн ба бусад эд агуулсан уут, үүсгэвэр гэж ойлгох хэрэгтэй. Ер нь уйланхай хүний ямар ч эд эрхтэнд үүсэж болно. Өндгөвчний уйланхай бол хоргүй бөгөөд нөхөн үржих насны эмэгтэйчүүдэд маш элбэг тохиолддог. Ихэвчлэн ямар ч зовиур, шинж тэмдэггүй байдаг. Эрүүл эмэгтэйчүүдийн өндгөвч уугаасаа уйланхайт бүтэцтэй байж болно.

ЯМАР КИСТА БАЙДАГ ВЭ?
Кистаны 2 үндсэн төрөл бий. Нэгд өндгөвчний үйл ажиллагааны кистанууд гэж жирийн сарын тэмдгийн явцад өндгөвчинд үүсдэг. Нэг өндгөвчинд хэд хэдэн ширхэг эсвэл 2 өндгөвчинд зэрэг үүссэн байж болно. Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой үүсдэг үндсэн 2 киста байдаг бөгөөд эмнэлгийн хэлээр фолликулын ба шар биеийн гэж ангилдаг. Тус тусдаа даавар ялгаруулна. Эдгээр нь ихэвчлэн 2-4 см диаметр хэмжээтэй байх бөгөөд ховор тохиололд 6-8 см хүртэл томордог ч ямар нэгэн шинж тэмдэг зовиургүй, биед ноцтой хүндрэл учруулахгүй байдаг. Ийм том киста эмэгтэйчүүдийн 5%-д тохиолддог. Ихэвчлэн ямар ч эмчилгээгүй өөрсдөө аажимдаа жижгэрч алга болдог. Санаандгүй эхо-гоор эсвэл дотуур үзлэгээр анх илэрдэг онцлогтой. Манайд илэрсэн л бол хагалгаа хийж авах гээд байдаг хуучны арга барил амь бөхтэй байсаар байна. Ховор тохиолдолд том кистанууд сууриараа мушгирч хүчтэй өвдөлт өгнө. Энэ үед мэс засал эмчилгээний асуудал гарцаагүй тавигддаг. Мөн киста хагарч шингэн нь хэвлийд асгарах, шимэгдэх явдал бий. Шар биеийн кистад цус харвах хүндрэл гарч болдог.
Хоёрт дермойд киста гэдэг. Ямар ч насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Хоёр өндгөвчинд зэрэг илэрч болно. Мөн тодорхой зовиур, шинж тэмдэггүй явсаар ховор тохиолдолд мушгирах эсвэл хагарч болдог. Дермойд киста нь дотроо янз бүрийн гүйцэд хөгжөөгүй эд эс агуулдаг тул үс, яс, шүд зэрэг эд гарч болдог. Мөн өндгөвчинд олон уйланхай үүсэх хам шинж гэж тусдаа асуудал бий.

КИСТА ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ?
Киста үүсэх яг тодорхой шалтгаан гэж байхгүй, гэхдээ зарим киста үр хөндөлт, өндгөвчний үйл ажиллагааны хямралаас болж үүсдэг гэж үздэг.

ЯМАР ШИНЖ ТЭМДЭГТЭЙ ВЭ?
Бэлгийн харьцааны үед өвдөлт илрэх
Хэвлийн дор тодорхой бус өвдөлт илрэх
Сарын тэмдэг саатах эсвэл өвдөлттэй, их хэмжээтэй ирэх
Хэрэв киста мушгирсан, дотроо хагарсан бол хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухай оргих, бага зэрэг халуурах
Хэвлий томрох, хэвлийд үүсгэвэр тэмтрэгдэх
СТ ирэхгүй байх, таргалалт, биеээр үс ургах
Давсаг дарагдаснаас шээс гаралт өөрчлөгдөх
Бэлгийн дур сонирхол буурах

ЭМЧИД ХЭЗЭЭ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Киста жижиг байх үед ямар ч зовиургүй тул та өөрөө ч мэдээгүй байхад үүсээд хэсэг хугацааны дараа алга болсон байж болно. Гэхдээ киста томрох хэрээр ямар нэгэн зовиур өгч болох тул эмчид үзүүлэх, байнгын хяналтанд байх шаардлага гардаг. Дээрхи шинж тэмдэг илэрвэл эмчдээ үзүүлээрэй. Юуны өмнө вне буюу умайн гадуурхи жирэмслэлтийг үгүйсгэх хэрэгтэй байдаг. Ялангуяа, уйланхай мушгирч хүчтэй өвдсөн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай.

ЭМЧ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛОХ ВЭ?
Эмч дотуур гадуур үзлэг хийнэ, дотуур үзлэгийг үтрээ ба шулуун гэдэсээр хийж болно. Тэгээд юу илэрсэн болон таны нас зэргээс хамаарч ямар шинжилгээ хийх хэрэгтэйг хэлнэ.
Ихэвчлэн өндгөвчний эхо оношлогоо, цусны ба рентген шинжилгээ хийгддэг.
35-аас дээш насны эмэгтэйчүүдэд киста илэрсэн бол хавдрын маркер шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг.
Залуу эмэгтэйчүүдэд лапароскопи буюу хэвлийн дурангийн шинжилгээ хийгдэж, ямар кистаг тодруулж, хэрэв хоргүй бол уйланхайг авах ажилбар хийгдэж болно.
Настай эмэгтэчүүдэд, хэрэв киста хэмжээ том бас хортой байх магадлалтай бол хэвлийн мэс заслын оношлогоо, эмчилгээ хийгддэг.
Эмч таныг хяналтанд авч, тогтмол үзлэг, шинжилгээ төлөвлөж, хэзээ ямар хагалгаа, эмчилгээ хийх хэрэгтэйг шийдэж өгнө.

МЭС ЗАСЛААР ЮУ ХИЙДЭГ ВЭ?
Дурангийн мэс заслын үед кистаг соруулж шинжилгээ авч болно.
Хэрэв киста том бөгөөд хорт хавдрын сэжигтэй бол мэс заслын цар хүрээг кистаны байдал, нас зэргээс хамаарч шийднэ. 45-аас дээш насныханд ихэвчлэн өндгөвч авах эсвэл умайн хамт бүхлээр нь тайрах хагалгаа хийгддэг.
Залуу эмэгтэйчүүдэд зөвхөн уйланхайг авч өндгөвчийг аль болох үлдээнэ.
Хэрэв 2 өндгөвч авагдсан бол даавар нөхөх эмчилгээний асуудлаа шийдүүлэх хэрэгтэй.

Даффодил Эмэгтэйчүүдийн Клиник эрүүл мэндийн боловсролын материалыг хуулбарлах, ашиглах тохиолдолд тус клиникийн нэрийг заавал дурьдах. 2004.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button