Гарын алга хөлрөх өвчин мөн үү?

Зарим хүний хөлсний булчирхай онцгой их ажилладаг. Тэр нь ядарч сульдах үед ихсэх явдал ч байдаг.
Гарын алга хөлрөхийг багасгахад агаар эмчилгээ тустай. Хүн бүх биеийнхээ гадаргуугаар амьсгалдаг болохыг та манай сонины өмнөх дугааруудаас ойлгож авсан гэдэгт итгэж байна. Гарын алга хөлрөхийг багасгах гээд тэр хэсэгт ямар нэгэн эм хэрэглэх буюу хуурай оо цацсаны хэрэггүй. Учир нь тэрхүү хөлрөх байдалд нь хэсэг газрын хямрал биш, бүх биеийн мэдрэл-шингэний үйл ажиллагаатай холбоотой. Иймээс мэдрэл шингэний хэвийн тогтолцоог тэнцвэртэй байлгахын тулд усан засал, шилмүүст ванн, агаар эмчилгээ хэрэгтэй.
Толгой эргэж нүд эрээлжлэн даралт буурах үед…
Даралт багасах нь олон шалтгаантай. Бие махбодийн төрөлхийн онцлог тогтолцооноос шалтгаалж даралт бага байхаас гадна архаг шинжтэй даралт багасгах эмгэг гэж байна. Энэ үед бие сулрах, ядрах, толгой эргэх, толгой өвдөх, нойр хүрч нозоорох, босоогоор удаан зогсох үед тархи цусаар дутагдан нүд харанхуйлан унах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм хүмүүс дулааны болон даралтын мэдрэмж ихтэй байдаг. Бас ходоодны шарх, цус багадалт, элэгний архаг өвчний үед хоёрдогчоор даралт буурах явдал бий.
Эмчилгээ нь даралт ихсэхийг бодвол хялбархан. Өтгөн цай, кофе, давстай хоол, физик эмчилгээ, биеийн тамирын дасгал хийхэд л үндсэндээ даралт засрах болно. Булчингийн танусыг сэргээх үйлчилгээтэй хүн орхоодойн ханд, пантокрин зэрэг эмийг ууж болох юм.
Даралт бүрмөсөн унаж 0 заах үед судасны агшилтыг сайжруулах үйлчилгээтэй адреналин, норадреналин зэрэг эмийг хэрэглэх боловч эдгээрийг гэрийн нөхцөлд дураараа тарьж болохгүй.
Цистит өвчний улмаас ямар хүндрэл үүсч болох вэ?
Цистит өвчин хүндрэх үед шээс чавцууран задгайрах, цусаар шээх, давсаг бөөр, ууц нуруу өвдөн халуурах зэрэг шинжүүд илэрнэ. Шээс ойр ойрхон дусагнаж задгайрсны улмаас шээсний сүв, гадна бэлгэ эрхтэн хорсож өвдөнө. Шээсэнд түлэгдэж хөрсгүй болсны улмаас гадна бэлгэ эрхтэн үрэвсэж улайх ба тэр хэсгийн зөөлөн эд хавагнаж улмаар шээс гарахад төвөгтэй байна.
Давсаг шээсээр дүүрч тэр нь удаан хугацаанд баригдахын хирээр бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.
Шээсний сүв, давсагт хадгалагдаж байсан нянгууд өгсөх замаар бөөрний тэвшинцэрт шилжих бөгөөд энэ нь циститийн тухайд нилээд түгээмэл тохиолддог ужиг хүндрэлийн нэг.
2004.10.28, Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button