Хархорин тэр чигээрээ үлгэр дууриал байх ёстой

Монголын өмнөө барьдаг түүхч, судлаач, эрдэмтдийг нэг танхимд цуглуулж чадсан уг арга хэмжээнд УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж нар оролцож, санаа бодлоо солилцсон юм. Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорин хотыг дахин сэргээх нь гарцаагүй бөгөөд гагцхүү хамгийн оновчтой хувилбарыг сонгох нь чухал гэдгийг тэд онцолж байлаа. Ингэхдээ Хархорин хотыг дэлхийн соёл иргэншлийн төв, аялал жуулчлалын өлгий нутаг болгон хөгжүүлэх шаардлагатайг олон хүн хэлсэн. Энэ үеэр хүмүүсийн хэлсэн үг, гаргасан санааг товчлон өгүүлье.
ЮНЕСКО-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Н.Уртнасан
-Өнгөрсөн жил Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн өвд бүртгэж авсан. Ингэснээр бид дэлхий нийтийн өмнө дээрх газрыг хамгаалах, сэргээн босгох үүрэг хүлээж байна. Бас санхүүгийн тусламж авах эрхтэй болсон. Тиймээс бид одоо байгальд ээлтэй бүтээн байгуулалт хийх үлдлээ.
Ерөнхий сайдын зөвлөх Н.Батбаяр /Баабар/
-Хархорин орчмыг өргөн утгаар нь дүгнэж хэлбэл нүүдэлчдийн соёлыг хадгалсан том хөндий юм. Марко Поло Ази тивээр аялаад Европт буцаж очжээ. Тэгээд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотод лал, загалмай, бумбын болон бурхны шашинтнууд ном хаялцаад сууж байсан тухай ярихад итгэх хүн олдоогүй гэдэг. Тэгээд далан худалч нэр авсан юм билээ. Хархориныг сэргээхдээ бүх шашны төлөөллийг нэг дор цуглуулбал одоо цагийн хэллэгээр том PR болж мэднэ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
-Улс төрийн намуудад маргалддаг олон зүйл байдаг боловч үндэснийхээ асуудалд нэгдэж чадна. Хархорин хотыг дахин сэргээхдээ дэлхий-дахин, шашин хоорондын одоогийн нөхцөл байдлыг ашиглаж чадвал хөрөнгө мөнгөний асуудалд санаа зовох хэрэггүй.
Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү
-Хархорин-Цэцэрлэгийн замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөжбайна. Дээрээс нь олон улсын нисэх онгоцны буудал барихаар тооцсон. Японы Точу корпорац жилд 500 мянган жуулчин хүлээн авах багтаамж бүхий зочид буудал, дэд бүтэц, тээврийн асуудлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулахаар тохиролцсон.
УИХ-ын дарга Н.Энхбаяр
-Хархорин хотыг сэргээх нь маш чухал ажил. Төрөөс эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, оновчтой бодлого тодорхойлох чиглэлээр дэмжих болно. Энэ ажилд хүн бүрийн оролцоо чухал юм.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
-Хархорин говь, хангайг уулзуулдаг, олон соёл иргэншил нэг дор байсан гайхалтай хот юм. Монгол Улсын төв цэг Хархориныг хөгжүүлж чадвал алс хязгаар гэдэг ойлголт үгүй болно. Хархорин хотын түүх дардан байгаагүй. Хархориныг сэргэсэн үед монголчууд өөдлөн мандаж, хүчирхэгжиж явсан. хосгүй түүхт хотоо сэргээх боломж зуун жилд нэг тохионо. Хархориноос бүгд үлгэр жишээ авдаг жишиг хот байх ёстой гэв.
2004.11.01, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button