Хүү маань их аварга болно гээд онгироод байгаа

-Хакухо Даваажаргал багадаа ямар хүүхэд байсан бэ. Бөхөд хэр сонирхолтой байв?
-Дөрвөн настай байсан байх аа. Моломжамц гуайн хүү нэг өдөр сүмогийн сэтгүүл авчирч өгсөн юм. Тэр сэтгүүлийг үзээд би ийм том бөх болно, харж л байгаарай гэдэг байлаа. Сүмогийн бөхчүүд шиг том биетэй болох юмсан гэсэн сэтгэгдэл өөрт нь шингэчихсэн юм шиг. Тэгээд л намайг дагаад наадмын бэлтгэлд гарлаа. Бөхчүүдийг барилдаж байхыг хараад тэгээч, ингээч гээд мэх их ярьдаг. Өөрөө ч барилдах сонирхолтой байсан.
-Ихэнх бөхчүүдийн хүүхдүүд наадмын хүүхдийн барилдаанд зодоглодог. Даваажаргал барилдаж байсан уу?
-Наадмаар хоёр удаа барилдсан. Эхлээд хоёр давсан. Дараа жил нь гурав давсан. Налайхын наадмаар хүүхэд барилдуулсан юм. Энэ барилдаанд манай хүү хамгийн бага нь байсан ч түрүүлсэн. Тэгээд өөрөө баярлаад би бөхийн арга мэхийг сайн мэдэж байсан учраас түрүүллээ гээд л онгирдог болсон. Зурагтаар бөх их үзнэ. Мэх сурдагб айсан юм шиг байгаа юм. Сүмоч болно гэдэг байлаа. Тэгэхээр нь би, чи аравдугаар ангиа төгсөөд жүдоч бол, юун тэр сүмо гэсэн чинь жүдо надад тохирохгүй гээд зүтгэчихсэн.
-Таныг сүмо бөхийг Монголд дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг юм билээ?
-Сүмог хөгжүүлэх талаар судалгаа хийгээд байтал Японоос Ошима дэвжээний эзэн гурван дагуултайгаа манайд ирсэн. Яах гэж ирснийг нь асуувал Монголоос сүмо барилдах сонирхолтой хүүхдүүдийг шилж сонгоно. Дэлхийд үндэсний бөхтэй хоёр орон байдаг. Нэг нь манайх, нөгөөх нь Япон. Хоёулаа зүүн, баруун жигүүртэй, адил төстэй юм их бий гэдэг юм байна.
-Даваажаргал яаж анх сүмод явсан бэ. Гурван сар болоод ирнэ гэчихээд тэндээ үлдчихсэн гэв үү?
-Кёкүшюзан Д.Батбаярын аав Даваа нэг өдөр орж ирээд би сүмод хэдэн хүүхэд авч явах гэж байгаа, хүүг чинь аваад явъя гэсэн. Тэгээд ямар туранхай, жаахан юм бэ, гэрээ санах байх даа гэлээ. Хүү маань 15 настай байв. Паспорт аваагүй байж гадаад паспорт аваад ниссэн дээ. Очоод байтал нь Д.Батбаяр, Н.Цэвэгням хоёр Даваажаргалыг үлд гэж ятгаад үлдээчихсэн.
-Та хүүгээ анх сүмод явахад нь дургүйцэж байв уу?
-Гурван сар яваад шантраад хүрээд ирнэ гэж бодож байсан. Өөрөө хүсээд байсан болохоор нь явуулсан юм.
-Анх очиход нь дэвжээний эзэд голоод дэвжээндээ авахгүй байсан гэл үү?
-Жин нь 73 кг, өндөр нь 175 см байж сүмод орох ёстой. Гэтэл хүү маань 62 кг, 172 см өндөртэй болохоор голоод хэн ч аваагүй. Монголын том аварга хүний хүүхэд гээд л хэлээд явсан гэсэн. Тэд намайг яаж мэдэхэв. Бүр сүмогийнхоо холбоонд хүртэл энэ хүүхдийг дэвжээнд оруулж өгөөч гэж санал тавиад тоогоогүй. Харин Миягино дэвжээний эзэн сүмогийн холбооноос өгөх мөнгөнөөс нь болж, тоо бөглөхийн тулд авлаа гэсэн. Цол авсных нь дараа дэвжээнийх нь эзэн Анх голж байсан хүмүүс одоо ёстой гол нь харлаж байгаа байх. Би ч гэсэн голж байснаа одоо бодоход ичиж байна гэсэн.
Миний хүү сүмогийн түүхэнд хамгийн залуудаа цол авсан тав дахь сүмоч. Монголын сүмочдоос мөн цол авсан тав дахь нь боллоо гэж өөрөө онгирч байгаа. Тэгээд бас одоо би 192 см болсон, яаж барилддагаа харуулна гээд л онгиргоод байгаа даа.
-Сүмочдоос Кайог их шүтдэг гэж ярьж байсан. Танд энэ талаараа ярьдаг уу?
-Даваажаргал зун ирээд бид хөдөөгүүр явсан. Энэ үеэрээ Кайог их хээгүй хүн. Авгай элдэнэ, архи ууна, тамхи татна, хамгийн лут чанар нь хүн унагачихаад баярласан шинжгүй, хүнд уначихаад гутарсан шинжгүй гүндүүгүй хүн юм гэж ярьж байсан. Кайо баруун гараараа алим бяц атгадаг. Өөрөө алим бяц атгах гээд дийлээгүй гэсэн.
-Та Д.Дагвадоржийг сүмод явахад нь дургүйцэж Долгорсүрэн зааныг дархан аварга болох хүүхдийг сүмод явууллаа гэж загнасан гэж дуулсан?
-Наадмын хүүхдийн барилдаанд Дагваа түрүүлсэн юм. Тэр үеэр нь би Долгорсүрэн дээр очоод За чи энэ хүүхдийг хайрла, томоотой байлгаад байх юм бол Б.Бат-Эрдэнэ аваргыг залгамжлах хүүхэд гэсэн. Тэгсэн нэг өдөр Долгорсүрэн орж ирээд би хүүгээ сүмод үдэж явуулчихаад ирлээ гэсэн. Тэгэхээр нь би зад загнаад хөөгөөд гаргасан. Одоо бол Дагвадорж япон, монголчуудын хайрыг хүлээсэн их аварга боллоо. Эндээ байсан бол түрүүлээ ч үү, үгүй ч үү хэн мэдлээ.
-Хакухогийн барилдаан бүрийг үзэж чаддаг уу?
-Чадалгүй яахав. Сая Бээжин, Шанхайд болсон барилдааныг нь очиж үзсэн. Хүү маань Шанхайд болсон тэмцээнд аварга, арслангуудыг унагасан. Би тэдний дэргэд зогсоход том бухны хажууд тугал зогсч байгаа юм шиг харагдаж байна лээ. Сүмочдыг зурагтаар харахад том гэдэстэй юм шиг харагддаг, тулаад харахад их гэдэс биш юм билээ.
-Та тэр бөхтэй ингэж барилдаарай гэх мэтээр хүүдээ зөвлөдөг үү?
-Ямар бөхтэй яаж барилдахаа өөрөө сайн ойлгодог. Хамт суугаад ярьдаг юм бий. Гүржийн нэг айхтар том бөх байна аа. Тэр их мундаг амьтан, харин хөл муутай юм шиг. Түүний хөлд нь мэх хийгээрэй гэж захисан. Миний хэлснээр барилдаад хоёр ч удаа давчихлаа.
-Таны хамгийн отгон хүү биз дээ. Багадаа эрх өссөн үү?
-Ээждээ л их эрхэлдэг байсан.
-Дээд зиндаанд дэвшсэн анхны тэмцээндээ Хокуторикиг унагаж, их аваргын замыг засч өгсөн. Үүнээс болж Даваажаргалын багш их загнуулсан гэсэн?
-Хокуторикитой барилдахын өмнө багш нь түүний гар дээшээ гараад ирвэл чи түүнийг дийлэхгүй. Тиймээс гарыг нь шууд цохиод дайраараа гэсэн гэнэ лээ. Би хүүгээ тарваганы дош сахиулахад толгойг нь цухуйнгуут буудаарай гэж захидаг юм. Яг барилдах үед энэ санаанд орсон гэж ярьсан. Багшийнхаа хэлснээр хийсэн. Тэгээд давж чадсан гэж надад ярьсан. Давчихаад өрөөндөө хэвтэж байхад нь багш нь дуудсан гэж байгаа. Яваад очтол өвдөг дээрээ гараа тавьчихсан уйлаад сууж байсан гэсэн. Чамд баяр хүргэе, одоо яв гээд өөр юм хэлээгүй гаргасан байна лээ. Сүүлд Даваажаргалыг сонсоход багшийг нь сүмогийн холбооны удирдлагууд япон хүн түрүүлэх гэж байхад шавьдаа арга зааж өглөө гэж хатуу донгодсон хэмээн надад хөөрчихсөн ярьсан юм даа.
-Дагвадорж, Даваажаргал нарын барилдааныг харж байхад их аархуу харагддаг. Таныг залуудаа их аархуу, онгироо байсан гэдэг. Аархуу зан бөх хүнд хэрэгтэй юмуу?
-Дагвадоржийн хувьд аархахгүй бол болохгүй. Аварга хүн аархахгүй бол бөхчүүддээ хүндлэгдэхээ болино. Ер нь аархана гэдэг энэ бөхийг би заавал хаяна гэсэн итгэл.
-Таныг тарваганы боодог амттай хийдэг гэсэн. Хэнээс сурсан юм бэ?
-Боодог хийнэ гэдэг нарийн ажил. Агнахаас эхлээд шулаад, хүн махыг нь авах хүртэл учиртай. Зарим хүн булчирхайтай нь хийдэг л юм билээ, жаахан заваан л байдаг. Манай хүү ч гэсэн боодог хийдэг.
-Нэг үед гарч ирсэн зургаан заан байсан. Одоо хоёр нь аварга болчихож. Зарим нь дарагдаад байх шиг?
-Нас, бяр чацуу нэгэн үе гарч исрэн бөхчүүд нэгэндээ дарагдах нь хэвийн үзэгдэл. Хамгийн ойрын жишээг дурьдахад Д.Мөнх-Эрдэнэ арслан Б.Бат-Эрдэнэ аваргад хэдэн жил дарагдлаа. Энэ бол бөхийн хууль. Аваргууд гэдэг үе үеэрээ л байдаг юм.
-Г.Өсөхбаяр аваргыг энэ жил дөрвийн даваанд унахад та хэнийг түрүүлнэ гэж бодож байв?
-Мэдээж, А.Сүхбат түрүүлэх нь ойлгомжтой байсан.
-Гэтэл олон хүн Д.Сумъяабазарыг түрүүлэх нь тодорхой боллоо гэж ярьж байсан?
-Д.Сумъяабазар бэлтгэлээ сайн хийгээгүй. Үүнээс болоод түрүүлэх боломжоо алдсан.
-Г.Өсөхбаярыг дөрвийн даваанд унахад та харамссан уу. Уг нь түрүүлсэн бол далай аварга болох байлаа?
-Ер нь Г.Өсөхбаяр дөрвийн даваанд уначих гээд байдаг юм. Заан бол хүртсэнийхээ дараа жил бас энэ даваанд унасан. Аварга болдог жилээ дөрвийн даваанд Уламбаярт уначихаа шахсан. Яг л дөрвийн даваанд уначих гээд байдаг. Өөрөө би дөрвийн даваанд эвгүй гэж дотроо бодоод байдаг юм болов уу.
-Ц.Цэрэнпунцагийг аваргын дайтай бөх гэж ярьцгаадаг?
-Ц.Цэрэнпунцаг дөрвөн мөчдөө жигд бяртай, агуу бөх. Даанч бэлтгэлээ хийхгүй юм. Өнгөрсөн наадмаар бэлтгэл муутай хоёр бөх байсан нь Д.Сумъяабазар, Ц.Цэрэнпунцаг. Яс барилдахад бэлтгэлтэй нь давдаг. Энэ жил Д.Сумъяабазар эцээд унасан. Адилхан залуу бөхчүүдийн хэн хоолоо тааруулж, сайн бэлтгэл хийсэн нь давна. Энэ бол хууль.
-Та чөлөөт бөхөөр олимп, тив, дэлхийгээс анхны медалийг эх орондоо авчирч байсан. Афины олимпод манай тамирчид хэрхэн оролцов. Энэ талаар юу хэлэх вэ?
-Багш нараас нь л бослон. Буруу газар очиж бэлтгэл хийлгээд тамирчдаа алаад хаячихсан. Афин бол хамгийн нам дор газар. Харин Хөвсгөл хамаагүй өндөр газар байрладаг. Өндөр газар бэлтгэл хийсэн бөхийн тархины цусан хангамж муу болдог. Цусан хангамж нь муудсан бөхчүүд яаж өрсөлдөгчөө дийлэх вэ. Энэ бол цэвэр удирдлага, зохион байгуулалтын буруу. Афинд явах бөхчүүдийн бэлтгэлийг би Горхид хийхийг зөвлөж байсан. Тэнд хийсэн бол арай л өөр амжилт үзүүлэх байсан болов уу. Азийн аварга шалгаруулах тэмцээнд хожиж байсан бөхөө Г.Өсөхбаяр олимпод дийлээгүй. Энэ бүхэн бэлтгэлийн алдаанаас болсон. Гүндагмаа бол яах аргагүй энэ жил медаль хүртэх ёстой байсан. Мөн л Хатгалд хийсэн бэлтгэлээс болсон. Горхид манантай газар буудаж байсанг бол өдийд медальтай сууж байхгүй юу.Чингис хааны мэргэн харваачид манантай газар харваж байж мэргэн харвадаг болсон гэнэ лээ.
-Таны үед гэдэстэй бөх харагддаггүй байсан. Харин одоогийн бөхчүүд булчингийн ялгарал ихтэй болсон юм шиг?
-Одоогийн бөхчүүд өөхөн бөх болчихож. Бидний үед Дэмүүл арслан том гэдэстэй байлаа. Хүний хүч булчинд биш, шөрмөсөндөө байдаг. Тийм л их булчинтай юм бол тэр үеийн бөхчүүд шиг хүчтэй хүн гарч ирэхгүй байгаа биз дээ.
-Та ер нь залуудаа хүчний бэлтгэл хийдэг байв уу. Даваажаргалд хүчний бэлтгэл хийхийг зөвлөдөг үү?
-Миний хийж байсан бэлтгэл юу ч биш. Сүмод чинь 200 кг-ын туухайг бүсэлхийгээрээ оосорлож чирээд явдаг юм байна лээ.
-Сүмогийн их аварга Таканохана түүнийг Давадоржийг залгамжлан их аварга болох бөх гэж үнэлсэн байна лээ. Та юу гэж бодож байна вэ?
-Сүмогийн их аваргууд болон холбооных нь удирдлагууд миний хүүд том найдлага тавьж байгаа. Өөрөө ч гэсэн их аварга болно гэж ойрноос ярих болсон. Одоо 18 настай ч сайн барилдаж байгаа юм чинь их аварга болох найдлага бий. Би 20 настайдаа заан цол хүртэж байсан. Хүү маань ч 20 настайдаа юм дуулгах байх шүү. Сүмочид ч гэсэн хүүд ам сайтай байдаг. Уг нь долдугаар сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч туршлага дутсан уу яасан, гоомой юм их хийсэн. Хэрэв давах ёстой байсан даваагаа авч чадсан бол түрүүлчих байсан юм.
-Хүүгийнхээ барилдааныг үзэхээс халширдаг уу. Гүржийн бөх Коккайтай барилдах өдөр нь их догдолж байсан гэв үү?
-Тэр Гүржийн бөх цээжний бяр сайтай, манай Дагвадоржоос ч бяртай бөх. Манай хүү яаж унагадаг аргыг нь олчихсон юм шиг. Хөлд нь мэх хийхэд Гүржийн бөх өнхрөөд өгсөн. Хэрэвь яг дайруулсан бол тэр цээж хэцүү шүү. Миний ганц захидаг зүйл бол цээж томтой бөхчүүдэд дайруулж болохгүй, аргалаад унагачих гэдэг. Коккай ч одоо манай хүүг дийлэхээсээ өнгөрсөн. Харин тэр Рохо айхтар бөх болох шинжтэй. Түүнтэй л өрсөлдөх байх.
-М.Даваажаргалыг эхнэртэй болж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм юм огт байхгүй.
2004.11.01, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button