Хууль хяналтынхан хулгайн модчингуудтай ханьсчээ

Цагдаа нартай хамтран хэдэн өдөр отолт хийсний дүнд хулгайгаар бэлтгэсэн бараг 100-гаад тэвш модыг хураагаад байна. Баянзүрхийн болон 22-ын товчоогоор гэхэд л 60 орчим тэвш нойтон залуу мод хот руу оруулах гэж байсныг илрүүлжээ.
Түүнчлэн энэ шалгалтаар модны ченжүүдэд хууль бус цохолт хийж өгдөг албан тушаалтнууд, гарал үүслийн хуурамч гэрчилгээ олгодог байгаль хамгаалагчид, замд таарах шалгалтуудаас авардаг зуучлагч цагдаа нар гээд хууль, хяналтын байгууллагынхны булхай илрэв. Тухайлбал энд, Нийслэлийн мэргэжлиин хяналтын газрын Байгаль орчин, дэд бүтцийн хэлтсийн дарга н.Цэнгэлийн нэр хавчуулагдчихаж. Тэрбээр үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх эрхийг зөвхөн гарал үүслийн гэрчилгээгээр олгодог гэдгийг мэдеээр байж 1800 шоо метр мод бэлтгэхийг зөвшөөрсөн цохолт хийж өгсөн нь илэрсэн байна. Мэн хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдийн тоонд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, УМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Цэрэндаш, Замын болон Цагдаагийн ерөнхий газрын зарим ахмад, ахлах байцаагчид оржээ.
-Хулгайн модны бизнест орон нутгийн удирдлагууд, цагдаа, байгаль орчны хяналтын байгууллагынхан оролцдог нь сүүлийн хэдхэн өдөр хийсэн шалгалтаар батлагдлаа. Бид эдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг зохих газруудад өгч шалгуулахаар болоод байна. Өнөөдөр Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 80-90 хувь нь байгаль орчных байна. Үүнийг таслан зогсоохын тулд цаашид ийм шалгалтыг бид байнга хийх бөгөөд 2008 он хүртэл модны хууль бус бизнестэй хатуу тэмцэнэ хэмээн Байгаль орчны сайд У.Барсболд хэлэв.
(өнөөдөр 2004.11.02 256)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button