Ой мод одоохон дууслаа

Энэ үнэн үг байж. Ууланд байгаа хөрөө сүх барьсан модны ченж нар дотор халууцаж халуу оргисон нэг ч хүн алга. Хаашдаа гуйлгачин болсон хувь заяа тэднийг нэг өвөл осгочихгүй онд орохыг чухалчихалаас бус энхрий Монгол орны унаган байгаль маргааш яах нь даан ч падгүй. Хайран сайхан ургаа модыг даанч яав даа гэх Байгаль орчны ажилтны харууслыг тоож байгаа хүн алга. Зөвхөн өнөөдөр л аз харьж баригдлаа. Дараа нь нэг нартай өдөр шархаа нөхөх цаг ирнэ биз гэсэн шүү юм л бодож буй нь царайнаас нь асуултгүй илт.
Улаанбаатар хот нэг сая хүн амтай боллоо. Түүний хэрээр амьсгалах агаар, урсах гол тунгалаг арвин байхыг шаардах юм. Гэтэл өдрөөс өдөрт сэрүүн Сэлбэ татарч алтан навч бус улаан шороо бужигнах учир нь эдгээр модны хулгайчдын нөр их ажлын үр дүн ажээ.
Үүнийг хаая хүүе гэх ёстой хянаж цагддаг тусгай газар байдаг юм байна. Түүнийг бүр мэргэжлийн хяналт гэх юм. Мэргэшсэн хяналтууд Монголоор дүүрэн байх бөгөөд зөвхөн тэдний шүүлтүүрээр тухайлбал, мод ургамлыг аврах устгах зөвшөөрлүүд явагдана. Үүнийхээ төлөө бидний татвараар авсан мөнгийг амь албандаа хэрэглэх эрхтэй гэхээр төрийн онцгой том байгууллага.
Тэднийг давхар хянах бас түүнийг нь холоос матах гээд давхар давхар нүсэр хяналтууд байгуулах хөрөнгө төсөв нэгэнт үгүй тул энэ газар өнөөдрийг хүртэл дураараа дургиж байдаг юм биш байгаа. Өчигдөр Долоон буудлын эцэст байдаг Байгаль орчны хяналтын Пүүтгэнд очиход нэг хүүхэн юм бүх окей гээд сууж байв. Гэтэл хуурай, нойтон хус, шинэч ачсан арваад машин хойд амнаас орж ирэв. Машины ноймер гэвэл 82№17 УВА, 36-64 УБХ, 26-97 УБО, 61-17 УБА, 32-18 УБХ, 59-38 УБХ, 40-17 УББ, 18-74 УБХ, 27-29 УБО, 31-76 УБГ, …Хамгийн сүүлд Бэлхийн амнаас үүрээр морин тэрэгтэй модчингууд цувж эхэллээ. Эдгээр морин хөсөгний эзэд бүгд өөр өөрийн учир шалтгааныг тоочиж байв.
Ярианаас нь сонсоход Улсын нийслэл, дүүргийн гээд юу юуны ч гэнэ үү өчнөөн олон мэргэжлийн хяналтын газруудын дарга нарын цохолттой, зөвшөөрөлтэй саадгүй нэвтрүүл гэсэн бичгийг барьсан улс. Тэд мэддэг юм уу гэж БОЯ-наас асуув. Мэргэжлийн хяналтынхан тухайлал, Байгаль орчны чиглэлээр хяналт хийхдээ мэргэшсэн байх ёстой болохоос зөвшөөрөл өгдөг хууль байхгүй. Зөвшөөрөх ёстой бид нэг ч нойтон мод огтлоод ир гээгүй гэх юм. Гэтэл Нийслэлийн мэргэжсэн хянагчдын нэгэн дарга Цэнгэл гэдэг нөхөр доод албатууддаа наад моднуудаа саадгүй хот руу оруулсугай гэж цагаан цаасан дээр хараар бичсэнийг уншлаа. Чононд мах зүүсэн лугаа ийм сэтгэлтэй улсын ажил үйлсийн үр дүнд Улаанбаатар хот удахгүй модоо барж элсэнд дарагдах вий дээ.
Энэ арай хэтэрч байгаа бололтой. Тэр бүү хэл, 00-51 гэсэн дугаар бүхий цагдаагийн УАЗ-469 хөлөглөсөн хошууч Алтансүх гэдэг нөхөр учиргшүй албаны царай гарган Дамбадаржаа хавиар давхиад байсан. Эргээд иртэл дөрвөн машин модыг нь аваад цагдаагийн 805 дугаар анги дээр буулгаад орхисон байв. Бас болоогүй ээ дотор нь Партизан тосгоны цагдаагийн дарга суучихсан. Энэ нь куперлэж яваа царай нь. Зууны нэг хувь нь дэгс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөгийн Монголын нутаг дэвсгэр дээрх байгаль орчныг хэрхэн харж хянаж байгаа үнэн бодит байдал газар дээрээ ийм байна. Шинээр байгуулагдаад толгой нь сайдын зиндаатай болсон мэргэжлийн хяналтынхан, цагдаагийнхан цаашид энэ мэтчилэнгээр ажиллах юм бол тэдэнд хийх ажил нэн удахгүй дуусах нь. Мөн тэднээс айх хүн ч олдохгүй нь. Үүнийг шинэ Засгийн газар анхааралдаа авч ажлаа эрс шинэчлэхгүй бол ийм албатуудтай төр засаг хүүхэд нохойн тоглоом хоёр юуны ялгаа. Шөнийн 02 цагт Долоон буудал ороход бүх зүйл хэвийн л гэж байв. Дээрээс Сэлбэ гол урсахаа хэдийнэ больж оронд нь хан Хэнтийн ус нь гоожсон нойтон мод нулимс асгаруулсаар ачигдаж ирэхэд мэдсэн ч мэдээгүй царайлна. Цааш явахад Гүнтийн даваан дээр хэдэн цагдаа ганц 69 унан малын хулгайч, модны хөрөөчинтэй тэмцэн нойр хоолгүй давхицгаана. Тэдний арай гэж илрүүлсэн хэрэг зөрчлийг дээд дарга нар нь авч одох бөгөөд хожим хөөрхий цагдаа нарыг доош хийсэн хариу ирэх нь олонтаа.
Ойг аврах тэмцлийн гарааг Гүнтийн даваан дээрээс харахад Манай цэрэг даанч цөөхүүлэ, Гамин цэрэг арван мянгаад байна даа.
2004.11.01, Өдрийн сонин