Ерөнхийлөгчөө парламентаас томилдог болчихмоор байна

АН-ын гишүүд болон тус намд ууссан экс соцдекүүдийн олонхи нь УИХ-ын гишүүн асан, 2004 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшээд бүдэрсэн А.Ганбаатарын мэдэгдлийг ээлжит сүрдүүлэг, шантааж гэж хүлээж авав.
Учир нь А.Ганбаатар 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө МСДН-ыг сэргээнэ гэж нэлээд таваргасан ч тус намыг анх төрүүлсэн Ардчилсан социалист хөдөлгөөнийг дахин байгууллаа гэдэг хэвлэлийн мэдээнээс хэтрээгүй юм.
М.Энхсайхан АН-ын дарга болмогцоо Үг, Сайн байна уу зэрэг намынхаа гол хэвлэлийн санхүүжилтийг зогсоосон. Түүнчлэн Эх орон ардчилал эвслийг намуудад ногдол ашиг мэт тойрог хуваарилж хувьцаат компанийн дүрмээр зохион байгуулж байсан зэрэг нь А.Ганбаатар нарыг нэг хэсэгтээ хөдөлгөөнд оруулж байлаа. Тэд М.Энхсайханы болон эвслийн сонгуулийн тойрог хуваарилалтын эсрэг нэлээд үзсэн ч амжилт олоогүй. Тэр үед олоогүй амжилт нь өдгөө намаа сэргээнэ гэх ээлжит мэдэгдлийг нь үнэгүйдүүлж, олон нийтийн итгэлийг бууруулж байгаа юм.

2.Үг сониндоо Г.Аким гуайн Ил товчоо-г нэгтгээд байгаа А.Ганбаатар намаа сэргээх тухай яриагаа яагаад дахин дэлгэх болов.
Үүний хариултыг сэтгүүлчдэд хийсэн түүний мэдээллээс олж болно. Өнгөрсөн пүрэв гаригт Хэвлэлийн хүрээлэнд хийсэн мэдээлэлдээ А.Ганбаатар шинээр байгуулах нам маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй ч маш идэвхтэй оролцоно. Харин Р.Гончигдорж болон МАХН-ын нэр дэвшигчийг дэмжихгүй гэжээ. Иймд шинээр байгуулах МСДН ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдаж. Гэхдээ 1990 оны ардчилсан хөдөлгөөнд оролцож, энэ намыг байгуулж улмаар нэгэн цагт түүчээ нь болж явсан Р.Гончигдоржийн эсэрг, одоогийн эвсэл доторхи түүний өрсөлдөгчийн төлөө улс төр хийх нь. Харин өрсөлдөгч нь хэн юм бол. Одоогоор эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хоёр хүн байгаагийн нэг нь Р.Гончигдорж, нөгөө нь М.Энхсайхан.
Ер нь дэд сайд нар болон бусад албан тушаалтны томилгоо сунжрах тусам алсуураа Засгийн газрыг онилсон эвсэл доторхи ил, далд улстөржилт хүчээ авч байна. МСДН-ыг байгуулах үйл явц ч тэдний нэг байж болох. Гэхдээ МСДН-ыг сэргээн байгуулахаар хэвлэлийн бага хурал хийсэн тэр хүмүүс ирээдүйд болж мэдэх улс төрийн нэгэн халуухан өрнөлийг олж харсан байж ч мэдэх юм.

3.Ерөнхий сайд Ц.Элбэгдорж энэ сарын 21-нд анх удаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр Засгийн газрынхаа үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийн тухай танилцууллаа.
Гэвч сэтгүүлчдийн асуултад хариулах зуураа нэгэн мэдээлэл унагасан нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөөсөө илүү сонирхол татсанюм. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж дараалсан сонгуульд Монгол улс сөхрөх нь гэдгийг сэрэмжлүүлэв. Энэ тухай тэрээр Одоо дахиад нэг сонгууль болбол манай эдийн засаг түүнийг даахгүй. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Миний бодлоор Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчөө парламентаас томилдог болчихмоор байна. Дараалсан хоёр сонгууль дөнгөж дуусч, арайхийн эвлэрч нэгдэн ажиллаж эхэлтэл дахиад нэг сонгууль болох нь сайнаарнөлөөлөхгүй гэж хэлсэн нь олон хүний амандолз болж, магадгүй улстөрчдийг хөдөлгөөнд оруулсан болов уу. Яагаад гэвэл, энэ нь иргэн Ц.Элбэгдоржийн үг биш, Монгол улсын Ерөнхий сайд, басхүү эвслийг төлөөлөн зөвшилцөл хийж байгаа хүний үг шүү дээ.
Орон нутгийн сонгуулиас гуравхан хоногийн дараа хийсэн Ерөнхий сайдын энэ мэдэгдэл ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн сургийг гаргав бололтой. Харин МСДН-ыг сэргээн байгуулагчид Ерөнхий сайдын мэдээллээр дамжин 2005 ондболох Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоныг хамгийн түрүүн эхлүүлэв.

4.Улс төрд ашигтай шийдвэр ард түмэнд, эдийн засагт ашиггүй. Дангаараа засгийн эрх барьж ирсэн үе үеийн Засгийн газар дараагийн сонгуулийн амжилтаа бодоод ихэвчлэн улс төрд ашигтай шийдвэрийг чухалчилж ирсэн. Улстөрчид үүнийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Харин аль нэгнам дангаараа хийж чаддаггүй, хийвэл хожим нь улстөрд ашиггүй болчихдог тэр өөрчлөлтүүдийг парламентад хүчний харьцаа тэнцүү байгаа өнөөгийн нөхцлийг ашиглаад шийдэхийн төлөө байгаагаа МАХН ч, эвслийнгхэн ч мэдэгдэж байгаа. Иймд энэ УИХ Үндсэн хуульд гар хүрэх магадлал хамгийн ихтэй. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг санаа МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн хамтарч гаргасан Монголын төлөө хамтдаа тунхаглалд ч байгаа. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд тусгасан зарим ажлыг заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар хэрэгжүүлэх юм билээ. Тэгэхээр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн дээрх мэдэгдэл Үндсэн хуульд ирээдүйд хийх өөрчлөлтийн нэг хэсэг байж, түүний сургаар улс төр хөдөлгөөнд орж байж болох юм.

5.Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй хоёр л субьект бий. Нэг нь УИХ, нөгөө нь ард нийтийн санал асуулга. Хэрэв УИХ өөрчлөлт оруулах болбол нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй гишүүн зөвшөөрсөн байх босготой. 1992 онд баталсан Үндсэн хуульд 2000 онд УИХ нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нь өөрчлөлтийг 1996-2000 оны парламент хийсэн боловч маргаан сунжирсаар 2000 оны сонгуультай золгож, Цэцээс уг өөрчлөлтийг хүчингүй болгосон юм. Иймд 2000 оны УИХ өмнөх парламентын хийсэн өөрчлөлтийг яг тэр хэвээр нь оруулснаар монголчууд Үндсэн хуульдаа анх удаа гар хүрсэн билээ. Монголын парламентын түүхэнд хамгийн олон намтай, хүчний харьцаа хамгийн ойр гарсан нь энэ удаагийн УИХ. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүрвэл түүнд гар хүрч болдог эхний хувилбарыг илүүд үзнэ гэж УИХ-ын зарим гишүүн үзэж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэгэн ярилцлагадаа Энэ удаагийн УИХ бол ард нийтийн санал асуулгыг төлөөлж чадахуйц төлөөлөл, бүтэцтэй гэсэн байсан.
Уг нь засаглалынхаа хэлбэрийг тодорхой болгох, Үндсэн хууль нь заавал мөрдөх хууль, эсвэл улс төрийн баримт бичиг хоёрын алин болохыг тодотгох Цэцийн ойлгомжгүй үүргийг цэгцлэх, давхар иргэншлийн тухай салаа ойлголтыг нэг мөр болгох гээд нийгмийн харилцаанаас хоцорсон заалт Үндсэн хуульд олон бий л дээ. Эдгээр өөрчлөлтийг хийх цаг үе, боломж нь бүрдсэн ч гэлээ улс төрийн нэг удаагийн эрх ашгаа Үндсэн хуулийн дээрх хөх тэнгэрийн оронд тавибал мөн л ард түмэнд ашиггүй шийдвэр болох буй за.
2004.11.02, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button