Сайн ханьтай хүн сайхан юм

Тэрээр Галаа гэгч залуугийн дүрийг өөрийн төрөлх авир араншин, ясны зан чанараараа товойлгон өргөж, бодит хүмүүн тодруулж чадсан учраас үзэгчдийн хайр-ыг татсан нь мэдээж. Ерөөс Со гавьяатын бүтээсэн дүрүүдийг гоочлох аваас тэр нь, дутуу дулимаг энэ нь дууриамал, хийсвэрдүү болжээ гэх шүүмжлэл гарахгүй л болов уу. Гарах аваас элдэвтэй энэ жүжигчний тал бүрийн авьяас билэг нөхөж цойлддог байх. Тэр бас их эмоц-той жүжигчин. Нөгөөтэйгүүр уран бүтээлийн эрэл хайгуул хийж, түүнийхээ төлөө шаналж, шаталж явдаг бөгөөд энэ чанараараа найруулагчдын анхаарлыг аргагүй татдаг биз. Тиймээс түүнд Говийн догшин ноён нутагт, эдүгээ Чингис хааныхаа дүрд хувилах ховорхон хувь тохиосон билээ. Нэрт жүжигчинтэй хийсэн ярилцлагаа толилуулж байна.
-Сүүлийн үед та эх орон, эгэл түмнийхээ тухай их хөндөж ярих болж. Таныхаар эх орон хаанаас эхэлдэг гэж боддог вэ?
-Би бол янз бүрийн юм боддог л доо. Ер орчлонд эхлэл, төгсгөл гэж байна уу, үгүй юу… Дөрвөн улирал эргэлдээд л байдаг… Нэг талаар дуусаад буй юм шиг мөртлөө дуусахгүй, эхлээд буй юм шиг мөртлөө эхлэхгүй байгаа ч юм шиг. Хүний амьдрал эхлдэг үү, эхэлдэг… Төгсгөж байна уу гэхээр төгсөхгүй байгаа юм. Америкт явж байгаад нэг буурчийн газар гайхалтай зураг үзсэн. Тэр зургаас харж байхад хүн эхээс мэндлээд, өлгийтэй байгаад өсөж торниод, за даа ерийн талыг насалж буй хэмжээнд хүрч байх шиг байгаа юм. Их сайхан, идэрхэн, гунхлахсан, сайхан өнгө толиотой хүн цаашаа буугаад явчихаж байгаа юм. Уулын оройгоос бууж буй юм шиг л… Тэгээд өтлөөд, тураад, бүр өвгөжөөр болоод мөнх бусыг үзээд, араг яс болоод, араг яснаасаа эргээд өлгийтэй хүүхэд болоод явчихаж буй юм. Тэр зургаас үүдсэн ч, ер нь хүн дуусдаггүй юм байна л даа. Одоо буй орон зай, цаг хугааандаа амьдраад, дараагийнхаа төрөл рүү явдаг юм байна, хүн мөнх бусыг үздэг ч, бүр мөсөн үхчихдэггүй юм байнаа гэж… Тиймээс эхлэл гэж байдаг, төгсгөл гэж байдаг гэж яримааргүй ч юм шиг. Эх орон миний мэндэлсэн цэгээс эхэлдэг болов уу гэж боддог. Миний ертөнц гийсэн цагаас, өөрөөр хэлбэл миний суугаал нутаг, уугуул уснаас эхэлдэг…
-Хүн байгаль эх, нутаг устайгаа хүйн холбоотой гэж үү?
-Тийм л дээ. Ертөнцийн татах хүч намайг аваачсан тэр цэгээс эх орон эхэлдэг. Миний унасан тэр газар одоо бол мөнхөөрөө байгаад байгаа юм. Тухайлбал, Товгорын бууц… Тэр бууцын арын шил дор Хөх бүрдийн нуур гэж бий. Хэзээ ч доошоогоо газар руу ширгэж хатаагүй юм. Ерөөсөө ч тасардаггүй. Зэгсийг нь хадах ч юмуу, амьтан хүн хайр гамгүй хандаад байхад ч байж байдаг. Хүн бүхэн мэндэлсэн цэгтээ эргэж очиж байваас, мэндэлсэн цэгээсээ мэдрэмж авч, тэрийгээ олж харж чадаж байваас эх орон эцэс төгсгөлгүй, өнө мөнхөд байх зүйл ээ гэж боддог.
-Нилээдгүй уншиж, өөрийгөө багагүй боловсруулж буй юмуу гэж бодогдох болж. Үнэхээр тэгж байна уу?
-Уншдаг хүнд сонины тасархай ч эрдэм гэж Р.Чойном хэлсэн байдаг. Миний аав тухайн үед бригад, багийн дарга хийдэг, уйгаржин монгол бичигтэй хүн байсан юм. Надад Б.Ренчин гуайн Заан залуудай, Үүрийн тухай роман, Д.Намдаг гуайн зохиолууд, за тэгээд үлгэр туульсийн ном авчирч өгч уншуулж байлаа. Д.Нацагдоржийн Учиртай гурван толгой-г хэд хэд ч уншиж байснаа санадаг… Сүүлийн үед хууль, улс төр, эдийн засгийн чиглэлийн дэлхийн том том эрдэмтдийн онолоос сонирхож уншиж байна. Тухайлбал, Адам Смитын эдийн засгийн онол, Марк Скаузны сүүлийн үед гарсан Баабарын орчуулсан номуудыг уншиж байна. Мильтон Фрейдман, Фоуз Фрейдман гэж эхнэр, нөхөр хоёрын бичсэн номыг Баабар, мөн эхнэр Амараатайгаа хамт орчуулсан Хувь заяагаа сонгох минь номыг дахин дахин уншиж байна.
-Яагаад тэр билээ?
-Хүний амьдралын жаяг гэдэг бол ерөөсөө л чөлөөт ертөнц, хүний эрхийг дээдэлсэн хэлбэрүүд, тэр нь үнэн байх хэлбэрүүд, зах зээлийн эдийн засагт хүн өөрөө өөрийгөө авч явах үндсэн гортигууд ч юмуу, тэр зүйлүүдийг тэндээс олж авдаг. Аль ч салбар, мэргэжлийнхэнд хүртээлтэй номыг орчуулж, түгээж баймаар санагддаг. Өнөөдөр тийм буянт үйл хийж буй айл бол Баабарынх байна. Би Баабараас бахархдаг. Хүмүүсийг байгаа цагт нь магтаж, урам хайрлаж баймаар байна л даа. Баабар бол манай үед заяагдсан оюун санааны эрч хүч, үзэгдэл гэж боддог. Гэр бүлээрээ, эхнэртэйгээ хоёулаа том том номуудыг орчуулж хэвлүүлэн олон хүний оюуны цангааг тайлж, тэрүүгээрээ ертөнцийг таних гэж, зүтгэж буй хүмүүст их тус хүргэж байна гэж үздэг. Тэрүүгээр дамжуулж улс орныхоо хөгжилд их нэмэр болж байна шүү дээ.
-Айл өрхийн хувь нэмрийн тухай ярьж байна уу?
-Тийм л дээ. Айл өрх ч улс орны хөгжилд нэмэр болж, тэр чинээгээрээ улс, эх орныхоо өнгө төрхийг тодорхойлолцоход дэм үзүүлдэг. Тухайлбал, Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж… Биеэ зас гэдэг маань юуг хэлээд байнаа гээд үзэхээр толгойгоо цэнэглэ, оюун санааны хувьд баян бай гэсэн үг мэт. Төрөлхийн зан чанар, төрөлхөөс заяадаг авьяас гээч дан ганц жүжигчин хүнд байдаг юм биш, эгэл жирийн цэвэрлэгчид ч авьяас бий. Төрөлхийн зан чанар дээрээ зөв олдмол зүйлүүдийг нэмбэл тэр хоёр чинь холилдоод гэрэлтэй, гэгээтэй ертөнцийг нээх бололцоотой гэж боддог. Харин өөрийн мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлээ бусдаас анзаарч, мэдэж авч чадвал, мөн өөрт байгаа мэддэг чаддаг бүхнээ бусдад харамгүйгээр бэлэглэж чадаж байвал хүн болсны хэрэг бүтдэг гэж үздэг. Түүнээс биш нэг муу жижигхэн атаа жөтөө, хорон санаагаа агуулаад явах юм бол улс орны хөгжлөөс, айл гэрийн сайхан амьдралын гэрэл гэгээгээс хумсалж хагасалж, залгилж байна гэсэн үг.
-Танай гэр бүлийн хувьд улсдаа хэр нэмэр оруулж байна…
-Сосорбарамынх гэдэг айл Монгол улсад тодорхой хэмжээний нэмэр өргөж яваа. Залуу хосууд хурим хийхэд гэрийн нэмэр гэж манай нутагт ярьдаг юм даа. Тэр бол улс оронд айлаас өргөж буй хувь нэмрийн тухай яриа юм. Бүл нэмнэ, хөлс хүчээ нэмнэ, бодол саналаа нэмнэ. Манайх ч гэсэн тийм л юм…
-Яриагаа өөр зүйл рүү хандуулъя. Уран бүтээлийн хувьд хурцалж, өдөөж байдаг найз нөхөд олон бий биз?
-Байнаа. Миний онгодыг сүлж, хийморийг минь бадрааж байдаг сайн найз нөхөд бол байна. Тухайлбал, Нямгаваа найруулагчийг нэрлэнэ, манай киноны ерөнхий продюссер, бүрэн эрхт элчин сайд Хүрэлбаатар ахыг хэлнэ. Сэвжидийн Сүхбаатараа хэлнэ, ангийн бөгөөд дотнын анд Найдандоржийгоо хэлнэ. Ер нь Инээдмийн ТҮЦ-ийн хүүхдүүдийн хүндлэл надад их эрч хүч, урам зориг өгдөг.
-Яагаад хошин урлаг хөөхөө больчихов?
-Болих юу байхав дээ. 1999 оноос хошин урлагаас жаахан татгалзаж байгаа юм. Хоёрт энэ сайхан авьяастай залуучуудад зай тавьж өгөх хэрэгтэй байна. Лай болоод, гай болоод, өөрийгөө худлаа магтаад, дөвийлгөөд суугаад байх шаардлагагүй. Сэтгэдэг, хийдэг өч төчнөөн залуус гарч ирж байна. Тэдэнд тээр болоод байх хэрэггүй. Нөгөө талаар бол хошин урлагт оруулсан миний хувь нэмэр нэлээн бий, тэгээд ч хошин урлагийнхны алдааг нь ч бас хуваалцах ёстой. Тиймээс хошин урлагийнхнаа муулаад, муулуулаад байх дургүй.
-Догшин ноён хутагтын дүрд тоглосон нь таныг ихэд өдөөж өгсөн гэлтэй мэдрэгддэг…
-Б.Догмидын зохиол, И.Нямгаваагийн найруулсан Хутагтын сахиус киноны Догшин хутагт Равжаагийн дүр бол нуугдмал асан дотоод ертөнцийг минь ямар нэг хэмжээгээр нээсэн гэж үздэг. Хамгийн гол нь миний оюун санаанд их хөрөнгө оруулалт болсон. Яагаад гэхээр Равжаагийн бүх бүтээлийг уншлаа. Мөн Цагаан сүүний домог гэж Г.Жигжидсүрэн багшийн найруулсан киноны Шар баатарын дүр ч намайг бас ухаж төнхөж уудалсан бүтээл болсон.
-Одоо та Чингис хааныхаа дүрд тоглохоор болсон…
-Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой холбогдуулж Энуа Ясущи гэж Японы алдартай зохиолч агсны зохиолоос сэдэвлэж, Японы нэрт кино зохиолч, найруулагч, холливудтай хамтарч ажилладаг Кожи Такада, манай талаас Нямгаваа найруулагч, Жамъян зохиолч нарын хамтарч бичсэн зохиолоор Чингис кино хийх гэж буй. Хэд хоногоос Японы кино хорооныхон дахин ирж, бэлтгэл ажил ямар байгааг харж, цаашид эрчимжүүлэхээр ирэх гэж байна. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн учраас энэ кино тодорхой хугацаанд бүтээгдэж гарна. Одоохондоо бэлтгэл ажилтай байж байна. Морь мал, эмээл хазаар, сэлэм, жад… гээд түүхэн кино учраас асар их бэлтгэл шаардаж байна. Манайхан тэр бүгдийг эмхэлж цэгцлээд байж байна даа.
-Өмнөх Чингис-үүдийг харьцуулж судлав уу? МУГЖ А.Энхтайваныг багагүй шүүмжилсэн…
-Би бол хүмүүсийг нулимаад, үгүйсгээд байх дургүй. Энхтайваны хувьд бол гадна төрх нь их сайхан төрх шүү дээ. Зарим хүмүүс Чингис хааны дуу биш байна, гонгиноод… гэж мэдэмхийрдэг. Өнөөгийнхнөөс хэн Чингис хаантай цуг байсан юм бэ? Баатар хүн болохоор л бүдүүн, паржигнасан дуутай байх ёстой гэж боддог шиг байгаа юм. Амьдрал дээр хар л даа. Дамдин аварга ямархуу яриа хөөрөөтэй хүн байлаа даа. Гаднаас нь харахад өөрийнх нь бие хаад байхааргүй дуутай байсан биз дээ. Жаахан баримжаатай ярьж сурмаар юм шиг. Миний хувьд Мөнх тэнгэрийн хүчин дор кино ийм, тийм гээд яриад, шүүгээд байх шаардлагагүй. Би ямар судлаач биш. Уран бүтээлчид бол өөрсдийнхөө цар хэмжээ, бядыг гаргаж, хөлсөө урсгаж байж тэр киног хийсэн нь мэдээж. Ер нь ч миний хувьд бусдыг муулж байж өөрөө том болж, өөрөө өөдөө гарч явах дургүй. Ямартаа л Бурууг өөрөөсөө хайж, бусдаас өгөөмөрийг эр гэсэн хоёр мөр хүртэл бичиж байх вэ дээ. Бас Цэцэг нь өргөсөө үгүйлж, цэнгэл нь зовлонгоор цангаж байдаг хүний хорвоо, эцэс төгсгөлгүй гэж ч бичиж байлаа.
-…/Тэгэхээр дахин гэр бүлийн асуудал хөндсөн сэдэв рүү орлоо. Би ч дуу хураагчийнхаа хуурцгийг сольж амжив/…
-Би боддог юм, нэг айл ч гэсэн өнгөтэй, өөдрөг байгаасай гэж. Хурим найр хийгээд хүний бүсгүй үрийг хүүдээ авч өгчихөөд, хүний сайхан хүүтэй охиноо суулгчихаад, бэрээ муулж байдаг, тийм арчаагүй, өтөнгөтэй араншин бол хүний эсвэл өөрсдийнхөө хувь заяаг идэж, дүүлж ялзруулж байна гэсэн үг. Нэгэнт л хоёр хүн хоорондоо хань бүл болж суусан бол тэдэнд саад бололгүй орхих хэрэгтэй. Өөрөө өөрсдийнхөө жаргалыг эдэлж, зовлонг туулаг.Ертөнцийн жам яаж явдгийг нүдээр харж, биеэр туулаг л дээ.
-Улс орныхоо талаар эмзэглэл тээж явдгийн хувьд Л.Гумилевийн Монголчуудад 500 жилийн нас байна гэснийг хэрхэн эргэцүүлдэг вэ?
-Монгол орныг маань гадаадын эрдэмтэд, судлаачид янз бүрээр хэлж, үзэж ирсэн шүү дээ. Муу талыгнь харж байсан нь ч дийлэнх. Тэгэхэд Л.Гумилев биднийг харин ч өмөөрч, Энэ ард түмний чинь захын хүн нь булган хөнжил нөмөрдөг байсан юм шүү гэж өөрийнхөө номд бичиж байсан. Тэгэхээр биднийг өмөөрч явсан тэр их хүн хаанаас мууг зөгнөө аж… Юмыг яаж мэдэх вэ. 500 жил байтугай одоо ингээд лус савдагаа энхрийлж хайрлахгүй, бие биетэйгээ дайсагналцаад, бие биеэ шулах бодолтой яваад байвал үүнээс ч богино хугацаанд түүний хэлсэнд хүрч мэднэ. Яагаад гэхээр лусыг хилэгнүүлнэ, лусаар оролдоно гэдэг хамгийн эмгэнэлтэй зүйл. Байгаль маань цөлжилтийн хандлагад орчихоод байна. Энэ аюул улам нүүрлэх юм бол мөхөл рүүгээ л явна.
-Чойном агсныг та багагүй алдаршуулж яваа. Ижил төстэй ааш араншин та хоёрыг холбосон уу?
-Чойном 43-хан наслаад хорвоогоос хальж, нөгөө төрөлдөө очсон ч гэсэн өөрийн хөшөөгөө мөнхөд босгочихоод одож… Араншингийн хувьд нэг нь Чойном, нөгөө нь Сосорбарам болохоор мэдээж ангид байх байх. Яахав, чиглэж буй зорилго, үзэл бодлын хувьд бол ижил төстэй юм их бий. Тухайлбал, үндэсний ёс заншил, араншин, ихэс дээдсийнхээ дэлхийд үлдээсэн оюун хийгээд ааг омог, бяр чадлаар бахархрах нэгэн чигт бахархал бид хоёрыг уран бүтээлээр ингэж холбосон гэж боддог. Нөгөө нь гэвэл бид хоёрын энэ насанд байж болшгүй шударга бус зүйлтэй, худал хуурмагтай эвлэрдэггүй чанар нэг юм. Чойном гэдэг бол аугаа сод ертөнц, том үзэгдэл байж. Тэгэхээр түүнтэй зиндаархана гэдэг мань мэтэд хол.
-Түүний гал цогтой, хурц дайчин хэллэг-ээр өнөөгийн Төр засаг, ард түмэнд хандаж хэлье гэснээ хүргэж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Яагаад гэхээр миний чиг зорилго, ардчилалд хандаж буй хандлага, нийгэм төрөө анзаарч буй анзаарга ямар нэг хэмжээгээр түүний бүтээлд туссан байдаг учраас Чойномыг шинээр нээх, дотоод ертөнцийг нь уудлахад дөхөм болдог.Би анх түрүүн Чойномын бүтээлээр Диваажин, Монголгэж нэртэй хос цомог гаргасан. Энэ бол миний хүндэлсэн, биширсэн авьяастнаа мөнхөлж, улам илүү баттай үлдээж буй санаа юм. Мөн хаалттай байсан шүлэг найраглалаар нь Нүцгэн биеийг алдаршуулъя гэсэнцомог гаргасан. Одоогийн яруу найрагч дунд Чойномд дургүй хүн их байдаг. Цаадах нь арай түрүүн гишгэчихсэн учраас атаа жөтөөний юм байдаг биз дээ, хөөрхий… Чойномд их юм бий, эргэж сөхөөд барагдахгүй.
-Со гавьяат ямар шинэ уран бүтээл хийж буй бол гэж уншигчид сонирхож буй байх…
-Миний ард түмэн гэж Чойномын найраглалаар нэрлэсэн дуу, найраг хоршсон цомог гарна. Мөн миний өөрийн шүлгээр бүтсэн дууны Сэтгэлийн уянга нэртэй цомог гарна. Өөрийн бичсэн шүлгийн дуунуудаасаа шилээд голдуу хайр сэтгэлийн сэдэв бүхий дуунуудаа энэ цомогтоо оруулж буй. Хоёр гурвын зэрэг эх орны сэдэвт дуу бий. Ийм хоёр цомог мөдхөн сонсогчдод хүрнэ дээ.
-Дөч гарчихаад хайр, энэ тэр гэж нялхраад буй юмуу даа?
-Хайр бол мөнхийн, шавхагдашгүй сэдэв шүү дээ. Ихэнх нь залуудаа бичсэн шүлгүүд бий. Одоо бичсэн байлаа ч гэсэн хүний бие бие рүүгээ татагддаг хүч, бие биенийгээ энхрийлдэг эрхэм зан чанар, тэр бүхнийг дуундаа шингээхийг хичээсэн юм. Хайр гэдэг бол мөнхийн юм, хайр гээгч юм байхгүйгээр, хүн бие бие рүүгээ тэмүүлэхгүйгээр, татагдахгүйгээр энэ хорвоод яаж амьдрах юм бэ?
-Ханийнхаа тухайд…
-Миний эхнэрийн аав, ээж нь Завханы гаралтай улсууд. Эхнэр маань өөрөө Улаанбаатарт мэндэлж өссөн хүн. Нэр нь Б.Нинжбадгар. Эдүгээ Ард кино компанийн захирлаар ажиллаж буй. Бид хоёр танилцаж ханилаад 24 жил болсон байна. 25 жил болохоор мөнгөн хурим хийе гэж бодож байгаа. Би бол эхнэрээ, хрань ижлээ манай гэж ярьдаг хүмүүст жаахан дургүй байдаг. Манайх гэдэг бол дундынх болно гэсэн үг. Би бол миний эхнэр, энхрий гэж ярих дуртай. Миний хонгороо гэж бас дуудна. Сүүлийн үед бол дандаа миний хүү гэх болж дээ. Албаар тэгж дуудъя гэж бодсонгүй, нэг л мэдэхэд дуудаад эхэлсэн. Бие биедээ улам бүр татагдаж, ээнэгшиж, бараг нэг хүн болж буйнх юм болов уу. Миний эхнэр надад хоёр сайхан хүүхэд мэндлүүлж өгсөн. Хүү, охин хоёртой.
-Хүүхдүүд тань…
-Хүү маань СУИС-ийг энэ жил төгссөн. Сайн ханьтай болсон. Миний хүүгийн эхнэр нь бүжигчин хүн бий. Нутгийн бэртэй болсондоо баяртай байгаа. ЭХнэр, бид хоёр ач охинтой болсон. Охин маань Японд ахлах дунд сургуульд суралцаж байна. Танай сонин шарлаагүй, уншигчддаа гэрэл гэгээ хайрласан сайхан сонин гэж боддог. Нийтлэлүүдээс нь хүн хүндээ хандаж байгаа хүмүүнлэг, сэтгэлийн эрч хүч өгдөг, зөв дулаан энерги мэдрэгддэг учраас унших дуртай байдаг. Тиймээс цаашид гадны янз бүрийн, сэтгэлзүйн бохирдол, булингарт орчихгүй явах хэрэгтэй юм. Ер нь бол…
-Ер нь бол юу гэж…
-Би бол хүмүүст сэтгэлгээний өгөх юмсан даа, урам өгч байх юмсан даа, хүмүүсийг буртахлахгүй байх юмсан даа гэсэн бодолтой явдаг. Ерөөсөө орчин тойрноо хэн буртагладаг вэ? Хүн л буртагладаг. Бие биенээ хэн гундаадаг вэ? Хүн л гундаадаг. Хүн бүхэнд муу муухай юм бий, хүн болгонд муухай чанар бий. Тэр муу муухайг нь битгий хар, харсан ч битгий тоо. Хараагүй юм шиг бай… Хүн бүхэнд сайхан юм, сайн зан чанар бий. Тэрийг нь олж харж бахарх. Би хүүхдүүддээ хэлдэг юм. Аавдаан байдаг муухай чанарыг өрсөлдөөн байдаг муу чанартай холих юм бол та нар хүний адаг болно шүү. Аавдаан, ээждээн байгаа сайхан чанаруудыг гэгээтэй мөрөөдөмтгий сайхан зүйлүүдийг олж мэдрэд өөрсдийнхөө сайн чанаруудтай сүлж амьдарбал та нар жаахан дөмөгхөн амьдарна шүү гэж хэлдэг. Айл болгоны ээж, аавууд ингэж боддог байх. Монголчууд билэгдлээ их дээлдэлдэг ард түмэн шүү дээ.
-Айл өрх, хувь хүн бүр ийм чанарыг мөрддөг бол сайхан байлгүй яахав. Харамсалтай нь тэгдэггүй юм шиг…
-Тийм л дээ. Би ч гэсэн гэр бүл бүхэн дотроо зөрчилгүй, дандаа л энхрий сайхан, хайр баясал, жаргал цэнгэлээр бялхаж байдаг гэж хэлж чадахгүй. Амьдралд тохиодог эрээн барааныг тэнцүүлэх ухааны тэнхлэг, ухааны чагтага хүн болгонд заяасан байдаг. Тэгэхээр түүнийгээ гаргаж, бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй юм. Хувь хүний хувьд, уран бүтээлчийн хувьд би эхнэрээсээ асар их зүйл олж харж мэдэрдэг. Миний төлөө, нэгэн насныхаа ханийн төлөө миний эхнэр болбол хэнбугайд ч доромжлуулахаас айхгүй, хэнбугайд ч муу хэлүүлэхээс ичихгүй. Тэр талаараа бол миний эхнэр Сосорбарам гэдэг хүнийг аливаа буруу зүйл рүү оруулчихгүй юмсан гэж өнөөг хүртэл аварч ирсэн буянтай хүн юм. Тиймээс би боддог юм. Ахан дүүстээ ч хэлдэг. Миний эхнэрийг өөлөх, муулах эрх та нарт хэнд нь ч байхгүй шүү гэж… Бид хоёрын амьдралд бид хоёр л оролцоно, бид хоёр л шийднэ. Түүнээс биш хэн нэгэн хөндлөнгөөс зохицуулах ёсгүй. Иймд үр хүүхдийнхээ амьдралд аав нь, ээж нь хэтэрхий оролцоно гэдэг гадны халдлага гэсэн үг. Нөгөө талаар айл өрх төдий бус, хүн бүхэн өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй. Таныг та л хамгаална, таныг та л өмөөрнө, таныг та л аварна, танаас өөр хэн ч биш. Сайн ханьтай бол хань чинь аварна. Би үнэхээр онгирдог байхгүй юу.
-Өөрийгөө хамгаалж, өмөөрч, аварч яваа даа юу…
-Үгүй ээ. Монгол гэдэг орныг. Монгол гэдэг цэгийг олж мэндэлснээрээ л онгирдог. Ямар азаар Ирак, Израйльд төрчихөөгүй юм бэ? Яахаюв. Монгол орон хэдий жаахан хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаа ч гэсэн би эх орноосоо гараад Япон, Америкт хэд хонохоороо нутгийнхаа хаврын хавсарганаар нүд нүүргүй шуурдаг шороо, хийсэж буй хог цаасыг хүртэл зүүдэлдэг. Тэгэхээр бол эх орон гэж ямар үнэтэй юм бэ? гэж… Ч.Чимэд гуай Маш нууц жижигтээ Хүн эхийн хүйснээс салж болдог юм, эх орны хүйснээс даанч тасарч болдоггүй юм шүү, цаана чинь нэг юм бий шүү гэж өнө мөнхөд шивнэж байдаг… гэж хэлсэн байдаг. Тиймээс хүн бүхэн унасан газар, суугаал нутаг, уугуул ус руугаа гүйгүүл морь шиг зүтгэж, тэмүүлж байдаг байх.
-Таны хувьд авгай хүүхний асуудалд холбогдоод байдаггүй юм шиг санагддаг. Хувь хүнээсээ л болдог байх даа?
-Хүслээс зовлон төрдөг гэсэн үг бий. Шунал тачаалгээч бол хүн болгонд байдаг асуудал. Энэ нь зөвхөн эр хүний хувьд ч биш, эм хүнд ч байдаг асуудал. Тэгэхээр үүнийг яаж барьж хазаарлаж байдаг юм бэ? гэвэл тэр хүсээд байгаа хүсэл, шунаад байгаа шуналыг чинь тохируулдаг зүйл байна. Тэр нь юу вэ, хэн бэ? гэвэл хүн өөрөө. Хаана байдаг юм бэ? гэвэл энэ оюун тархинд , ухаанд байна. Хүний хязгааргүй зорилго, хязгааргүй хүсэл, шунал тачаалыг тэр ухааны чагтагаар бөхөлж, амгай зуузайг нь татаж зогсоож байх ёстой юм. Хүний сэтгэлийн хөдлөл, мөрөөдөлд хязгаар байхгүй. Тэр хязгааргүй зүйл рүү хэтэрхий их живчих юм бол тэгээд л өнгөрч байгаа юм. Эд рүү шунах, гоо сайхан руу шунах шунал хүнд байх асуудал. Түүнийгээ тодорхой хэмжээний заагт аваачиж барьж байх нь хүний ухаан шүү дээ.
-Найз нөхдийн тухайд таны бодол…
-Хүн хэнтэй нөхөрлөж, ханилахаас их зүйл хамааралтай. Хэн ч бай найз нөхөдтэй байх хэрэгтэй. Гэхдээ бас зааг байх ёстой гэж боддог. Хоёр гурван зуугаад жилийн өмнө Д.Пушкин Нөхөд ч дээ, ноход юм даа гэж хэлжээ. Тэр богинохон насалсан хүн яагаад тэгж мэдэрч хэлэв. Нөхөд болгоныг нөхөд гээд байж, нөхөд болгоныг ноход гээд байж болохгүй, тийм л юм. Угтаа бол найз нөхөд гэдэг маань биднийг хүрээлж байгаа ертөнцийн цогцос болгоныг бүрдүүлж өгдөг ч юм шиг санагдах нь бий. Сайн нөхөд бол авраад явна, муу нөхөд бол гишгээд өнгөрнө. Сайн хань бол авраад явна. Муу хань бол алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр түлхээд хаяна.
-Чойном судлаачийн хувьд асуухад тэрээр олон бүсгүй, хүүхнүүдэд зориулж шүлэг бичсэн байдаг. Бүтээлээс нь үзэхэд чухам хэнд илүү ханддаг байж вэ?
-Чойном бол өөрийнхөө жинхэнэ гэр бүл, эхнэр, үр хүүхдүүдээ юу гэж тооцсон бэ? гэвэл өөрийнхөө шүлэг найргийг гэж үзсэн байдаг шүү дээ. Намайг Чойном судлаач гэвэл хүмүүсийн уур хүрэх байлгүй. Телевиз, радиогоор хүмүүс Чойномын тухай ярихаар миний нуруу дээгүүр шоргоолжгүйдэг. Жаахан баримжаатай ярьж баймаар юм. Мэндэлсэн он тоолол, цаг хугацааг оноод хэлчих нэг хэрэг. Дотоод ертөнцийг нь уудлах гэдэг арай өөр юм шүү дээ. Ш.Сүрэнжав гуай ч юмуу, ярих ёстой хүмүүс бол бий л дээ. Чойномыг архичин, авгай хүүхэнчин гэж цаг үед нь муулж байж. Одоо бол тэгж ярихгүй л байгаа юм. Хүний амьдралын тогоо руу хэтэрхий өнгийх юм бол өөрийнх нь амьдралын тогоо ширгэдэг, хүний хөнжлийн сэжүүр байн байн сөхөж үзээд байвал тэр хүний өөрийнх нь заар ялзардаг гэж. Энэ бол миний гаргасан онол байгаа юм. Тэгэхээр би Чойномын авгай хүүхний асуудал руу өнгийхөөсөө илүүтэй уран бүтээл рүү нь өнгийхийг хичээдэг. Ийм ч хүн, тийм ч байхаас яахав дээ гэж хааяа дотроо өмөөрч, өмөлздөг дөө.
-Дээр ярьж аснаас тань үзэхэд хойт төрөл гэж байдаг болов оо доо?
-Байна, байна. Хойт нас, дараагийн төрлийн сүнс гэж бий. Хүн энэ төрөлдөө хэдий их нүгэл үйлдэнэ, дараагийн долоон төрөлдөө сэхдэггүй, өөдтэй төрөлд очдоггүй гэж шаштирт бичсэн байдаг. Хүнд өөрт нь цаанаас заяасан тодорхой хэмжээний сав байдаг шиг байгаа юм. Тэрийгээ сагуулчих уу, хэм хэмжээнд нь авч явах уу гэдгээс их зүйл хамаардаг. Сагаад ирвэл л өөрөө өөрийгөө сүйрэлд хүргэж буй нь тэр. Хүн амиа бодож болохгүй. Ар гэрээ, хань ижлээ, үр хүүхдээ бодож амьдрах ёстой. Би бол хэд хэдэн зүйлээр баян хүн. Онцгой баян нь гэвэл, миний хоёр хүүхэд, ач, ирээдүйн гуч нар маань Миний аав чинь, бидний өвөө чинь ямар адгийн, балиар амьтан байсан юм бэ? гэж л лав ярихгүй байх. Миний аав, өвөө хүний амьдралаар амьдарч явсан юм байна. Хүн яаж явдаг, тэрүүгээр амьдарчээ. Хүний амьдралдаа арай жаахан тэнгэрлэг амьдарч байсан юмуу даа гэж ярина. Би тэрүүгээрээ баян хүн юм. Би хань ижлээ, үр хүүхдээ дээдэлдэг учраас баян. Ер нь шуналгүй байна гэдэг дээдийн баян байгаагийн илрэл юм болов уу даа.
-Дөчин наснаас амьдрал эхэлдэг гэж ярьдаг…
-Хорвоод хүн болж мэндлээд, хүүхдийн өсөх хөгжлөөр бойжоод, орны ивээс мөргөж унаад, толгойгоо хагалаад, босож тэнцсээр яваад хүн боллоо хөөрхий. За тэгээд хориос гучин насны хооронд хяналт багатай туугаад л байдаг, туугаад л байдаг юм шиг байгаа юм. Миний бодлоор шүү дээ. Зарим нь ч хэрсүүжчихсэн байдаг л байх. Гучаас дөчин нас хүртэл хөөрхий бүдрээд, унаад, босоод, харайгаад байдаг байх даа. Дөчин насны босгыг алхаж эхлэхдээ хүн Юув дээ… гэж өнгөрсөн амьдралаа бодох ч юмуу,эр зоригийн хувьд чивчрээд, эр хүний хувьд ч бүрэн бүтэн бойжоод ирдэг юм болов уу гэж боддог. Тавин наснаас цааш яаж ч кардаан-аа татаад дийлэлгүй өнхрөөд туучихдаг шиг байгаа юм. Би тэгж ойлгодог, тэгж мэдэрдэг. Гэлээ гээд яахав дээ. Амьдрал бол жүжиг, хүмүүс бол жүжигчид гэж В.Шекспир хэлсэн байдаг. Платониний багш, тэгэхдээ үнэн гэдэг бол тэрнээс агуу гэж Аристотель бас хэлсэн нь бий. Мөн В.Шекспир Авьяастай хүний алдаан дээр авьяасгүйчүүд нь вальс эргэдэг гэж… Энэ гурваас анзаарахад нэг хэсэг нь нэгнийхээ алдаан дээр вальс эргээд, ер нь тэгээд бүгд жүжигт тоглоод л, өөр өөрсдийн хэр хэмжээгээрээ дүр бүтээгээд өнгөрдөг. Хүн гэдэг нэг талаар танигдаж дуусахгүй амьтан юм байна л даа. Тиймээс бусдыг таних гэж тамаа идэж байхаар, өөрийгөө л таних, өөрийгөө төнхөх хэрэгтэй. Хүний араншин их сонин ш дээ. Өөрийнхөө мөнгийг тоолж түрийвчээ зузаалахын оронд хөндлөнгийн Довдонгийн мөнгийг тоолоод л, хаанаас яагаад мөнгөтэй болчихов гээд, гэр орноо өөд нь татахын оронд эднийх яагаад гоё болчихов, шатаах юмсан гэсэн хорон санаа агуулаад эхэлбэл өөрөө өөрийгөө мөхөөж буй гэсэн үг. Тэгж явахынхаа оронд өөрөө өөрийгөө хүчилж, ялж, тэмц л дээ.
-Ярьж хэлж байгааг тань сонсохоор адраад буй ч юм шиг, аагархаад ч буй юм шиг санагдах нь бий. Та тэгдэг үү?
-Хэндээ ч аагархах билээ. Адраад ч хаа хүрэх юм билээ. Яахав дээ, аагархах юм надад байдаг. Өөрөө өөртөө итгэхгүй бол хэн надад итгэх юм, тийм биз дээ… Миний нэг шүлэгт Сэвлэгний минь үнэрийг ижийгээс минь өөр хэн ч үл мэднэ, сэтгэлийн минь зовлонг надаас өөр хэн ч үл анзаарна гэж бий. Ер нь бол тийм л шүү дээ. Би өөрийнхөө зовлонг өөрөө үүрнэ, өөрийнхөө жаргалыг өөрөө эдэлнэ. Эцсийн эцэст өөрийгөө мэдэрч, өөрөө өөртөө итгэж, үнэлж чадаж байж гэмээн бусдыг мөн ойлгож, хүндэлж, хайрлаж чадна. Яагаад гэвэл бусад маань надтай адил зовдог, шаналдаг, надтай адил гунидаг, омгорхдог, сагсуурдаг байж таарна. Бусдын зовлонг өөрт эргэцүүлэх гэж нэг лут юм бий. Тэр бол уран бүтээлчдийн шаналал, тайтгарал юмуу даа.
-Жүжигчний хувьд тоглохсон, хийж гүйцэлдүүлэхсэн гэсэн ямар дүр, ямар уран бүтээл сэтгэлийг тань чилээж явдаг вэ?
-1996 онд В.Шекспирийн Отелла жүжгийг тайзнаа дахин амилуулж тоглох гэж зүтгэж, оролдсон. Гэхдээ өөрийн санаж байсанд хүрээгүй. Баатар найруулагч найруулж, залуу жүжигчид оролцсон. Тэд одоо Сосорбарам намайг урьж, Отелла-д оролцон тоглож, би бас тэгж байж билээ гэдгээ мартчихсан яваа юм шигб айна лээ. Тэр жүжгийг бүрэн дүүрэн хийж чадсан гэж бодохгүй, өөрийгөө чамлаад байгаа юм. Чингис кино дуусаг, тэрний дараа Отелла дээр хүчтэйхэн найруулагчтай хамтраад ажиллачих юмсан гэсэн бодолтой яваа. Нямгаваа найруулагч бид хоёр ярьж байгаа ч юм бий. Тэгээд болж өгвөл Шекспирийн Макбет гэж эмгэнэлт жүжиг байдаг. Драмын театрын уран сайхны зөвлөлийн гишүүний хувьд, мөн тэр тайзны өлөн шороо, хумхийн тоосыг арваад жил идэж явсны хувьд ч залуу уран бүтээлчдийн хүчийг сориод үзэхсэн,авьяас чадварыг нь бага ч атугай нээхсэн гэсэн бодол бий. Сая Равжаагийн Саран хөхөө-гөөр хийсэн жүжгийг үзээд баярлаж суулаа.
-Нээрэн Равжаа хутагтыг Шекспиртэй адилтгаж үздэг гэсэн яриа байдаг шүү дээ?
-Аа, тийм нэг явдал бий шүү. Италийн Вероно хотод Жульетын гэр музейд эхнэрийнхээ хамт орж сонирхсон юм. Музей рүү орох үүдэнд нь Шекспирийн толгой бүхий хөшөө байсан. Намайг урьж аваачсэн. Эгшиглэн хамтлагийн Төмөрсайхан видео бичлэг хийж л дээ. Би ч анзаарсангүй. Шекспирийн толгойг тэврээд амьд хүнтэй ярьж буй юм шиг Би таны Отелла жүжгийг тавих гэж оролдсон. Сэтгэлдээ хүртэл хийж чаддаггүй, намайг уучлаарай. Та бол 16-р зууны хүн, гэвч манай Монголд тантай зиндаархах зохиолч 19-р зуунд амьдарч асан Догшин ноён нутагт Равжаа гэж бий… гээд баахан ярьчихсан байдаг юм. Түүнийг тэд бичээд авчихсан байсныг сүүлд үзээд өөрөө ч гайхсан шүү. Зарим нь тэр бичлэгийг хараад энэ жаахан өвчтэй юм болов уу гэж бодсон байх. Тэр битгий хэл их юм болох юм байна шүү дээ.
-Тухайлбал…
-Ноднин, 25 жилийн дараа би аавынхаа шарил дээр очиж, тавьсан газрыг нь тахисан юм. Тэр үед цементлээд л хийдэг байлаа. Зарим бурхан болоочийн газрыг огтоно, тарвага зурам ухчихсан л байдаг. Гэтэл аавынх маань дөнгөж нутаглуулаад байж байгаа юм шиг янзаараа байсан. Тэгэхэд би бас аавтайгаа ярьсан. Таны хүн болгож бойжуулсан хүү чинь Монголдоо нэртэй яваа. Энэ бол таны хүч, багаас минь эрдэмд сургасан таны ач… гээд л… Тэгэхэд үнэхээр ч аавтайгаа уулзаж ярилцсан юм шиг нөхцөл миний дотоод ертөнцөд бий болж байсан. Ах дүүс маань ч байсан. Тэдэнд чухам таатай санагдсан уу, бүү мэд. Миний хувьд л ааваасаа асар их эрч хүч аваад ирсэн… Одоо бол байсхийгээд л бурхан болооч Бадрууганыг, Цэвээнравданг, Доржсамбууг, Мог Лхагвасүрэнг зүүдэлнэ. Бүр уулзаж учирна, ярина. Заримдаа гар утсаар ярьж ч байх шиг…
-Ямар хачин юм бэ. Зүүднээсээ айдаг уу?
-Үгүй. Хувь хүн зүүдээ яаж тайлахаас шалтгаалдаг юм. Хэрэв зүүднийхээ мэдрэмжийг буруу сэдлээр бодох юм бол өөрт нөлөөлдөг гэдэг. Ямар нэг сэжиг төрөх юм бол, мунхаг бодлоосоо болоод эвгүй сэтгэл төрөх юм бол заавал зүүд ч биш, барагтайхан зүйл бодож байхад ч муугаар нөлөөлдөг. Надад бол сэжиг төрөөд байдаггүй. Харин ч найзтайгаа ямар гоё байв ч гэх шиг бодол төрдөг. Дэндүү тодорхой зүүдэлнэ дээ. Аав, ээжийгээ ч тэгж зүүдэлдэг. Тухайлбал, Бадрууган нэг удаа над руу утасдаад Чи одоо энд хүрээд ирэхгүй юугаа хийгээд наанаа байгаад байгаа юм гэж байсан. Найзын минь эрч хүч надад ирж буй юмуу гэж боддог. Миний муу ижий бол их уншлагатай хүн байсан. Маань их уншина. Таалал төгсөхдөө ч зовж зүдрээгүй, өвдөж хавдаа ч үгүй. Орондоо ороод зүрх нь зогсчихсон. Аав маань ч хэлдэг цөөн хэдэн тарнитай байсан. Тэрийг нь дотроо хэлээд л болчихдог. Олон сайхан хувилгаан багш нар байна. Тэд нарыгаа тархи оюундаа дуудаад, тэдэндээ даатгачихсан байхад бол яах ч үгүй.
-Өөрөө өөрийгөө тоож явахаас ч аргагүй цаг үе юм даа, тийм ээ гавьяат аа?
-Би өөрийгөө хэзээ ч муу хүн гэж хэлдэггүй, адалдаггүй хүн шүү дээ. Чамд авьяас бий, чамд зөндөө хүч бий, чамд мэдээгүй зүйл зөндөө бий, чи түүнийг мэдэхийн төлөө явах ёстой, чамд ирээдүй их бий гэж өөртөө ташуур өгч амьдрах дуртай. Тиймээс би бусдыг Битгий хүний муу муухайг шинжиж амьдраасай, харин өөрт байгаа сайхныг бие биедээ цацаж яваач ээ гэж уриалдаг. Хүний сайхан бүхнээс цэнэг авч явах шиг сайн зүйл үгүй. Би тэгж л явахсан гэж хичээдэг. Төрөөд үхэх хүртэлх энэ орон зайд хүн шиг байж байгаад дуусахсан. Тиймээс амьд хүн л юм бол та амьдарсан шиг амьдар. Амьд байгаа юм бол амьдаа мэдрүүлж бай, нотолж бай. Үхсэн хойно хийж бүтээсэн болон уран бүтээл чинь үлдэж таныг амьдруулдаг юм гэж бусдад хэлдэг. Миний бусдаас зөрж амьдарч буйн учир утга ч энд оршдог юм даа.
-Хань сонины уншигчдад хандаад үг хэлэхгүй юу? хэмээхэд минь тэрээр үзэг цаас авангаа доорхийг бичээд мутрын үсгээ зурж манай сонины уншигчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Цаг, зав гарган ярилцсан Со гавьяатдаа уран бүтээлийн онгод хийморь билэгдэхийн сацуу гэр бүлийнхэнд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
2004.10.28, Хань

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button