Солонгосоос эргээд ирсэн бүсгүйн тухай

Ийм сонирхолтой бүсгүйчүүд зонхилох нь биш ч гэсэн олон арваар тоологдох биз ээ.
Ихэвчлэн ази харчууд монгол
эмэгтэйтэй ханилан суух сонирхолтой байдаг нь зуучлагч хүмүүст хандаж байгаагаас харахад илт гэнэ. Хятад, солонгос, япон, вьетнам эрчүүдээс гадна хааяа нэг орос, англи эр гэр бүл зуучлагчдад ханддаг байна. Энэ тухай зөвхөн ийм бизнес эрхэлдэг солонгос эзэнтэй байгууллагын орчуулагч өгүүлсэн билээ. Харин дор өгүүлэх ярилцлагын эзэн бүсгүй зарын дагуу солонгос иргэнтэй танилцаж юм юм үзээд ирсэн нэгэн юм. Солонгос хүнийг сонгож танилсаны учир юу билээ? Би өөрөө сонгож танилцах хүслээ илэрхийлсэн хэрэг биш л дээ. Манай найзууд ийм зарын дагуу утасдаад холбоо тогтоочихсон байсан. Би үзээд алдъя гэж бодсон. Яагаад гэвэл тэр үед надад алдаад байх юм үгүй мэт санагдаж байлаа. Миний байж байгаагаас л ядаж дээр биз ээ гэж бодогдож байснаа нуугаад яахав. Тэр үе бол миний хувьд ажил амьдрал бүтэлгүйтсэн мөч байв. Эдийн засагч, нябо мэргэжилтэй, дээд боловсролтой боловч сургууль төгсөөд 3,4 жил болоход мэргэжлээрээ ажиллах боломж надад заяасангүй, ажил үнэндээ олдоогүй. Хувиараа бизнес хийж байсан минь явцгүй болсон үе. Над шиг мэргэжилтэй хүн маш олон. Ажилд авах зараар очиход хар мянган хүн бүртгүүлчихсэн байдаг, анкетаа өгөөд утасдана гэснийх нь дагуу хүлээсээр горьдлого тасарсан. Нябогоор дор хаяж гурван жил ажилласан, туршлагатай хүн авна гэдэг болохоор танилгүй, мөнгөгүй хүнд ажилд орно гэдэг мөрөөдөл болох нь ойлгогдсон.
Тэгээд миний амьдрал эх оронд минь биш гадаадад хар бор ажил хийснээр үргэлжлэх юм байна гэдгийг мэдэрсэн. Найзууддаа ч ингэж ярьдаг байлаа. Тэр надад туслах гэж л солонгос хүн сонгосон хэрэг л дээ. Тэгээд гадаадын иргэнтэй танилцах ажиллагаа яаж өрнөв? Өөрөө Солонгост ажиллана гэсэн бодолтой байсан юм байна шүү дээ. Тийм ээ. Харийн хүнтэй суухад юунд нь дурлав гэж дээ. Монгол, солонгос хүмүүсийн хамтарсан ийм бизнес дэлгэрчихсэн юм билээ. Миний зургийг солонгос талын зуучлагч эр монгол бүсгүйтэй гэрлэх хүсэлтэй хүнд үзүүлж түүний сэтгэлд би нийцэж тэр Монголд ирсэн. Би солонгосчуудын хобби болсон караоке баараар нэлээд зугаацлаа. Тэр Улаанбаатарт хэд хонохдоо аав ээжтэй минь уулзаж намайг эхнэрээ болгох хүслээ хэлээд буцахдаа намайг Солонгост очих хугацааг товлосон. Уг нь бол надад Солонгост ажиллах нь хүнтэй суухаас чухал байсан юм. Тэнд иймэрхүү байдлаар солонгостой суугаад дажгүй амьдардаг хүн байдаг л юм билээ.
Таны хувьд гэрлэлт бүтэлтэй болоогүйн учир юусан билээ? Хэрэв танилцсан залуу боломжийн байсан бол миний амьдрал түүнтэй өнгөрөхийг үгүйсгэх аргагүй ч байсан байж болох юм. Гэвч түүний арчаагүй байдал, дунджаас доогуурт тооцогдох амьжиргаа, эмэгтэй хүний гэрийн үйлчлэгч мэтээр санах сэтгэлгээ нь надад огт таалагдаагүй. Би чинь эх нутагтай, монгол хүний бардам зантай, мэдлэг боловсролтой хүн шүү дээ. Инчоны нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлээд л дээрх бүхэн надад анзаарагдаж эхэлсэн. Хөлсөлж суудаг гэр орон нь эгээ л намайг цэвэрлэгч мэтээр тосч авсан. Бохир заваан, тэр залуугийн өмссөн хувцас нь ч ой гутмаар. Иймээс би тэр айлд дөнгөж нэг хонохдоо л байж ядсан. Тэгээд өөр газар руу явж хүсч байсан мөнгөний ажлаа хийж байгаад нутагтаа ирлээ. Бүх юм сайхан байна.
Таныг тэгээд зүгээр л явуулчихсан уу? Яалаа гэж. Тэндээс зугтах шахуу л юм болсон. Түндэмүнд явж байгаад хаяад явчихсан. Монголд ирэхэд нь та түүнийг өөртөө таалагдахгүй нь ээ гэдгийг мэдээгүй юу? Энд байхдаа боломжийн хувцастай, мөнгө хөрөнгөтэй л санагдсан. Хүний газар ирж байгаа, тэгээд хүүхэн хүнтэй танилцах гэж байгаа хүн чинь хичээсэн байж таарна биз дээ. Тэгээд бас Монголд мань мэтэд их мөнгө шиг тооцогдох 1000 доллар гэдэг Солонгост бол юу ч биш эд л дээ.
Та тэр үед маш их харамсаж байв уу? Онгоцонд суугаад нисэхдээ л би юу хийчихэв ээ гэж бодож байлаа. Аав, ээжийгээ хориод байхад нь зөрсөөр байж шийдсэн өөртөө эргэлзэж эхэлсэн. Гэсэн ч бурхан намайг ивээсэн дээ. Нэг ч төгрөгийн зардал гаргалгүй Солонгос яваад ирлээ. Тэр үед би үнэндээ тийшээ явъя ч гэхнээ мөнгөгүй л байсан даа. Солонгос залуугийн илгээсэн урилга, тийз намайг ямар ч хүндрэлгүй аваачсан. Айж ичих юмгүйгээр ажиллаж байгаад толгойгоо цэнэглэхэд хүрэлцэхүйц мөнгөтэй ирсэн. Одоо Баруунд гарч сурч, ажиллана.
Манайхаас олон хүн солонгос хүнтэй сууна гээд очиж байна. Тэд нарын дийлэнх нь бас л над шиг хууртагдаад л явж байгаа байх. Та нарт хандаж үнэнийг хэлэхэд солонгосчууд амьдралдаа хүрэлцэхүйц хөрөнгө хурааж байж авгай авдаг. Бололцоогүй бол эхнэр олддоггүй, ганц бие байдаг бололтой. Миний танилцсан хүн гэхэд 40 гаруй насны хүн байсан. Амьдрал муутай болохоор эхнэр олдохгүй өдий хүрчихээд арга ядан монгол хүүхнүүдийг сонирхдог гэж хүмүүс ярих нь ортой ч байж болно. Санаж байхад илүүдэхгүй л болов уу. Ер нь тэгээд монгол залуучууд маань арай л дээр санагдсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button