Ерөнхий сайдын эгзэгтэй томилгоо

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж таван зөвлөхөө томилж байх үед л тэднийг нь уг албандаа удахгүй дэвшээд явчих хүмүүс байна гэлцэж байна. Н.Алтанхуяг, П.Цагаан нар сайд болж Да.Ганболд ийнхүү монголын ганц тогтвортой үйл ажиллагаа бүхий Вант улс-ын дарга болсныг олон хүн энэ халзан ч хаанаас мөнгө олж болохыг андахгүй эр шүү хэмээн хүлээн авсан. Томилогдсон өдрөө л ажлаа хүлээж авахаар шуурхайлсан Да.Ганболд УБТЗ-ыг шууд хавсраад удирдчих бодолтой байсан болов уу. Гэтэл хоёрхон хоногийн дараа Т0ХЭГ бол төрийн, УБТЗ бол аж ахуйн алба учир хоёр албыг хамтад нь нэг хүн удирдах нь муу талтай гэсэн мессеж тарлаа. Ингээд хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох УБТЗ-ын оросын талыг хариуцсан талаас гурван хүн ирж ТЗХЭГ-т сэтгүүлчдийг ойртуулалгүй гурав хоног хуралдсан юм. Уг хурлын уур амьсгал нь ямар ч нөхцөлд Да.Ганболдыг УБТЗ-ын даргаар хавсран ажиллуулж болохгүй гэсэн зүйлд чиглэгдсэн нь одоо нэгэнт тодорхой болжээ. Хоёр улсы төмөр замынхан ийнхүү хуралдаж байх үед УБТЗ-ын ажилчин, албан хаагчид мэргэжлийн тэгээд санхүүгийн элдэв бульхай луйварт оролцож яваагүй нэр цэвэр хүнийг УБТЗ-ын даргаар тавих ёстой гэсэн хэд хэдэн бичгийг оруулсан сурагтай. Ингэснээр нэг сумаар хоёр туулай буудчих гэсэн Да.Ганболдод УБТЗ-ыг давхар удирдах боломж олдоогүй гэнэ. Төмөр зам бол цэрэгжсэн зохион байгуулалттай, нарийн мэргэжил шаарддаг газар учир УБТЗ-ын даргын албыг Да.Ганболд давхар хашиж болохгүй нэгдэх шалтгаан. Хоёрт Оросын талынхнаас илүү монголчуудын хувьд тэр дундаа төмөр замчид Да.Ганболдыг өөрсдийн ажил албаа залгуулдаг салбарыг нь өмч хувьчлалын үе болон АХ эвслийн үеийнх шиг үрэн таран болгохоос айсны үндсэн дээр асуудлыг ийм хурдан тавьж шийдвэрлэсэн нь энэ гэнэ. Да.Ганболд 1991-1992 онд Монгол улсын шадар сайд байхдаа Алт диллер, 1996-2000 онд УИХ-ын гишүүн байхдаа Банк операци болон Казино-той нэр холбогдож, зохион байгуулагч нь гэгдэж байснаас болж төмөр замчид ийм шуурхай арга хэмжээ авсан гэсэн үг.
З.Энхболдыг 2000 оны сонгуулийн үеэр сандаргажээ
Ерөнхий сайд ТӨХ-ны даргаар З.Энхболдыг томилсон нь Да.Ганболдыг ТЗХЭГ-ын даргаар томилсноос илүү шуугиан дэгдээгээд байна. УИХ-ын сонгуульд З.Энхболд Эх орон-Ардчилал эвслээс Өвөрхангайн 24-р тойрогт нэрдэвшин ялчихсан хэрнээ ийнхүү дахин ТӨХ-ны даргаар томилогдсон нь янз бүрийн хэл ам гарах шалтгаан болоод байгаа. Хэдийгээр З.Энхболд өөрөө би ТӨХ-ны даргын албыг зургаан сар л хашна гэж байгаа ч МАХН, эвсэл хоёр тохиролцсоны үндсэн дээр З.Энхболд ТӨХ-г, ДСугар УИХ-ын гишүүний суудлаа авч байгаа нь энэ хэмээх шивэр авир яриа чих дэлсэнэ. Энэ томилгоо аль нь байлаа ч гэсэн эвсэл болон АН-д Алтан гадас маш хүчтэй байгааг л баталсан явдал гэдэгтэй маргаад хэрэггүй байх. Хатуу самар гэгддэг энэ шавилхан залуу бүр Шавар-т оюутан байхдаа л Монголд 80 байртай баян эр хэмээн ярьсан том гар байж. Байрны хувьд нутаг буцсан оросуудаас 20 байрыг өөрийнх болгосон ч өдийг хүртэл түүнээсээ ашиг шимийг нь хүртэж чадаагүй хэмээн одоо ч гоморхдог. 1996 онд АХ эвсэл сонгуульд ялж 30 настай З.Энхболд ТӨХ-г удирдах болсны ард экс соцдек Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар байсан гэдэг. З.Энхболд болон ТӨХ-ны газрын дарга асан өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Одхүү хоёрыг Н.Алтанхуягийн хасар, басар гэдэг байсан нь ч ийм учиртай. Тэр үед З.Энхболдыг соцдекүүдэд хувьчлалаас хөрөнгө олж өгөхөөр уг албанд томилогдсон гэж ярьж бичдэг байлаа. Гэхдээ тэр бүхэн баримтаар нотлогдоогүй учир З.Энхболд их том дуугарч явдаг гэдэг. 2000 оны сонгуулийн үеэр мань эртэй холбоотой нэгэн томоохон баримт нэг сониныхонд олдож түүнийг маш их сандаргасан сураг бий. Тухайн үед хоног хугацаа давчуугаас сэтгүүлчид уг материалыг олонд дэлгээгүй нь үнэн гэж батлах хүн бас байдаг гэнэ. Энэ удаад З.Энхболд ахиад л Монгол Жангүм гэгдээд буй Р.Гончигдорж, Сангийн сайд болчихсон Н.Алтанхуяг нарынхаа түлхээсээр ТӨХ-нд очсон нь тодорхой. Харин түүнийг энэ удаад ТӨХ-нд ямар ажил амжуулахыг сонирхох хүмүүс олшрохын хэрээр үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьчлал тойрсон Аалзны тор-ыг сөхөж шалгах эсэх, Говь, цахилгаан станцууд, Монголросцвемет, Монгол шуудан гээд компаниудыг хувьчлах эсэхийг маш их харж хүлээжж байнаө. Улс төрийн хүрээнд тараад буй хов живээс үзвэл нэгэнт МАХН, эвсэл зөвшилцсөн болохоор урьд хийгдсэн хувьчлалууд сөхөгдөхгүй харин түүний шанд ч гэдэг юмуу хэд хэдэн томоохон компанийг хувьчлах операцийг л явуулж болзошгүй аж. Тухайлбал Говь, Монросцветмет, Монгол шуудан компаниуд хувьчлагдах эсэх нь Ц.Элбэгдоржийн дараагийн томилгооноос тодруулбал Д.Дорлигжав, Б.Баабар нар хаана очихоос шалтгаалах сураг ч гарлаа.
2004.11.03, Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button