Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол ах дүү нартаа хандах УРИАЛГА

Ийм ч учраас Монгол Улсын төр засгаас энэ асуудалд чухал ач холбогдол өгч дээрх ажлыг хариуцан эрхлэх Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг шинээр байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Энэ салбарыг хөгжүүлэхэд нэг талаас төрийн зөв бодлого, төсөв мөнгөний дэмжлэг, нөгөө талаас байгууллага, хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Юуны өмнө аймаг, хот, айл өрх бүр рүү хүрсэн өргөн зурвасын шугамыг бид татах учиртай.
Үүнтэй зэрэгцүүлэн нэгэнт ирсэн шугамыг шургуулан биднийг дэлхийтэй холбож өгөх компьютерээ та бид базаасан байх ёстой. Компьютерээ холбосны дараа хүссэн мэдээллээ авч, хэрэгтэй үйлчилгээгээ хүртэх хэрэглээний орчинг бид хамтад нь бий болгосон байх шаардлагатай. Эцэст нь энэ компьютерээ ажиллуулах мэдлэг, чадвараас бид суралцсан байх ёстой. Энэ бол шинээр байгуулагдсан агентлагийн хийж гүйцэтгэх олон талт ажлын зөвхөн нэгээхэн хэсэг нь.
Гэхдээ энэ их ажлыг бид нэг өдөр хийж амжихгүй. Төр засаг хичнээн хичээсэн ч дангаараа энэ их хөрөнгийг босгохгүй. Ийм учраас байгууллага, хүн бүхний идэвхтэй оролцоонд, ялангуяа мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийн үр шимийг хүртэн, тэрхүү орчинд нь байгаа хүмүүс болох гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа Та бүхний маань үүсгэл санаачилга, эх орон, элэг нэгтнүүдээ гэсэн идэвхтэй үйл ажиллагаанд тань бид ихээхэн найдвар тавьж байна.
Мэдээж, их ажлыг амжуулж, бүтээх зуур хоосон шүүмжлэгчид, үл ойшоогчид багагүй тааралдана. Гэхдээ энэ их ажил үйлсийг дэмжигчид, эх орноо гэсэн сайхан сэтгэлтнүүд, ажил хэрэгч хүмүүс, хамтран зүтгэгчид нь тэднээс хавьгүй олон гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.
Сүүгээ гашилгахгүй, махаа гэсгээхгүйн тулд өрх бүр хөргөгчтэй болсон шигээ, мэдээгээ сонсож, киногоо үзэхийн тулд айл бүр радио, телевизтэй болсон шигээ улс орныгоо, гариг дэлхийтэй нь хамт гэртээ авчрахын тулд одоо бүгдээрээ компьютертэй болцгооё. Бүх зүйлийг дээрээс бэлэнчлэн бэлдэж өгөхийг гар хумхин зүгээр хүлээх бус байж болох бүх хувилбарыг хамтдаа эрцгээе.
Шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой төсөл, хөтөлбөр, ажил хэрэгч санал, санаачилгуудыг тань бид маш анхааралтай сонсож хамтран ажиллах болно. Хөнгөлөлттэй, тааламжтай нөхцөлөөр Монголд нийлүүлж болох компьютер, тоног төхөөрөмжүүд, шинэ технологийн саналыг бид Та бүхнээс, Таны гадны түнш, харилцагч байгууллагаас тань доорх хаягаар хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна.

Манай хаяг
211213 Улаанбаатар хот, Чингэлтэй
дүүрэг, Сүхбаатарын талбай 1,
Утас 31-96-26, 33-07-81, Факс 976-1-33-07-80
Е-майл [email protected]ү.mn website http//www.icta.goү.mn

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button