Хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж байна

Засгийн газар улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зардал хэмнэх арга хэмжээнүүд, орлого нэмэгдүүлэх тодорхой эх үүсвэрүүдийг тооцож үзсэний үндсэн дээр хандивлагч байгууллагатай олон уулзалт, яриа хийж идэвхтэй ажилласны үр дүнд доорхи саналыг гаргаж байна.

Засгийн газраас энэ саналыг боловсруулахдаа намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон нийгмийн шинжтэй амлалтууд нь ойролцоо зорилготой, өөрөөр хэлбэл хүүхдийг тэтгэх бодлогоор дамжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байсныг анхааралдаа авсан болно. Мөн эдгээр амлалтуудын хэрэгжилтийн биелэлтийг ядуурлыг бууруулах зорилттой уялдуулан оновчтой, хаягласан, хүндээ хүрсэн хэлбэрээр хангахыг зорьж Хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж байна.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ уг дэмжлэгийг авах эзэн, шалгуур маш тодорхой байхаас гадна уг мөнгө нь тухайн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон ирээдүйн хуримтлалд зарцуулагддаг, тэр нь төр, олон нийтийн зүгээс хяналттай байхыг чухалчилж байна. Үүнээс гадна одоогоор хүүхдийг дэмжихэд зориулагдаж байгаа хөрөнгийн үр ашгийг нарийвчлан тооцох шаардлага ч гарч байна.

Шинээр хэрэгжүүлж эхлэх Хүүхдийн мөнгө хөтөлбөрт нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур өрхийн гурав ба түүнээс дээш 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөг олгохоор шийдвэрлэж байна. Уг мөнгийг олгох ажлыг 2005 оны 1 дүгээр сарын 1-нээр тооцож эхлүүлэхээр төлөвлөж байна. Хүүхдийн мөнгийг олгох талаар Засгийн газраас тодорхой журам гаргаж мөрдүүлэх болно.

Засгийн Газраас боловсруулсан энэхүү саналын дагуу хагас сая орчим хүүхдэд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хаягласан тэтгэмж жил бүр олгогдох юм. Дээрх тооцоо нь амьжиргааны баталгаажих доод түвшинг хэр оновчтой тогтоох, түүнд хамрагдах хүүхдийн тооноос шалтгаалж өөрчлөгдөх магадлалтай. Мөн Засгийн газраас амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд дээрх байдлаар туслахаас гадна онцгой авъяастай, чадварлаг хүүхдүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ дахь МАХН, Эх орон-Ардчилал Эвслийн бүлгүүдийн 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдааны шийдвэрт Сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд нийгмийн хамгааллын чиглэлээр орсон зорилтуудыг судалж хэрэгжүүлэх талаар Засгийн газраас оруулж ирэх саналыг дэмжих гэж тохиролцсон нь Их эвслийн Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх нийгмийн шинэ бодлогын суурь гэж үзэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн Засгийн газраас боловсруулсан хүүхдийн мөнгөний саналыг улс орныхоо эдийн засаг, нийгмийн бодит байдалтай уялдуулан анхааралтай судлан үзэж дээрх зөвшилцлийн саналыг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button