Хоёрдмол харьяаллыг мөрийн хөтөлбөрт тусгая

Сүүлийн үед манайд гадаад иргэдтэй гэр бүл болох, гадаадад олон жилээр ажиллаж сурах, удаан хугацаагаар эх орондоо ирэхгүй байх үзэгдэл ихсэх болсон тул Монгол улсын иргэний хоёр улсын харьяат байх тухай дээрх санал олны анхаарлыг ихээр татсан юм. Энэ саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж томъёолон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулахаар оруулж ирсэн юм. Гишүүнээс Монгол улсын иргэний хоёрдмол харьяаллын асуудлаар байр суурийг нь сонслоо.
-Та өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэний харьяаллын асуудлыг тусгуулахаар санал орууллаа. Гаргасан саналын тань үндэслэлийн талаар сонирхмоор байна?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн монгол иргэдийн давхар харьяаллыг бий болгох асуудлыг судалж, бодлого боловсруулах гэсэн асуудлыг дэвшүүлэн оруулахаар байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүллээ. Энэ асуудал монголчуудын хувьд туйлын тулгамдсан хүндрэлүүдийн нэг болоод байгаа юм. Учир нь өнөөг хүртэл манай иргэд давхар харьяалалд багтах талаар эрхзүйн нөхцөл нь шийдэгдээгүй явж ирсэн. Энэ байдлыг өөрчилж өөрсдийн иргэдийн ашиг сонирхлыг хангах үүднээсмонгол иргэдийг хоёрдмол харьяалалтай байлгаж болох юм гэж үзсэн. Нөгөө талаас гадаадын иргэд манай улсад хоёр дахь харьяаллаа бий болгох асуудал дээр тодорхой хязгаартай болгох, зарим агуулгаараа зөвшөөрөхгүй байхаар Монгол дахь хоёрдмол харьяаллын асуудлыг шийдэх нь илүү оновчтой шийдэл гэж үзэж байгаа юм.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаархараахан шийдэлд хүрч чадаагүй дээрх асуудал амархан шийдэгдчихгүй гэж зарим улстөрчид санал бодлоо хэлж байсан?
-Өнөөдөр гадаадын улс орнуудад манай оюуны чадавхита йолон хүн ажиллаж, зарим нь сайн бизнес эрхэлж, нөгөө хэсэг нь оюунаа зохих хэмжээнд үнэлүүлэн амьдарч байна. Тиймдээ ч тэд өөрсдийн ажил хэргийг өргөжүүлж, цаашилбал амьдрал ахуйгаа өөд татахын тулд хамгийн наад зах нь тухайн амьдарч буй улс орны иргэний харьяалалтай болох хэрэгтэй болдог. Тэгж байж сая ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж эхэлдэг. Гэтэл өнөөдөр иймэрхүү байдлаар тодорхой хугацаанд өөрийн оюуныг ашиглан гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд тухайн улсын иргэний харьяалалтай болоход заавал өөрийн эх орны иргэний харьяаллаас гарч байж асуудлыг шийдэхээс өөр аргагүйд хүрч байгаа нь хэтэрхий өрөөсгөл хандлага болдог. Тэгэхээр бид иргэдийнхээ харьяаллын асуудлыг шийдэж эхлэхгүй юм бол гадаадад ажиллаж байгаа оюуны өндөр чадавхитай иргэдээ өөр улсад бүрмөсөн алдах байдалд хүрч болзошгүй. Энэ бол зүгээр нэг иргэдийн харьяаллын асуудал биш. Улс орны эрх ашгийн томоохон асуудал. Монгол иргэд хүүхдүүдээ гадаадад төрүүлэхэд тэр хүүхдүүд тухайн төрсөн улс орныхоо иргэн болж бүртгүүлж байгаа болохоос монгол ээж аавын хүүхэд гэдэг утгаар иргэний харьяаллаа баталгаажуулах боломж байхгүй байгаа шүү дээ. Энэ бүхнийг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй.
-Таны дэвшүүлсэн саналыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах хэрэггүй. Тусгайлан боловсруулж оруулж ирэх хэрэгтэй гэж Гадаад хэргийн сайд хэлсэн?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёрдмол харьяаллын асуудлыг тусгаснаар ард иргэдийн дунд хүлээлт үүснэ. Иргэдийг ингэж хэтэрхий эрт хөдөлгөөнд оруулна гэж Засгийн газар болгоомжилж байгаа юм билээ. Миний бодлоор энэ хүлээлт буруу үр дагавар авчрахгүй. Харин ч энэ хүлээлт ач холбогдолтой хүлээлт байх болно. Гадаадад ажиллаж амьдарч байгаа манай иргэд улс оронд нь энэ асуудлыг шийдэх гэж байгаа гэсэн үүднээс өөрийн орны иргэний харьяатаас яаран гарахаа азнана. Иргэний харьяаллаа тухайн цагт хүсч буй тэр орны иргэний харьяалалтай давхар эдэлж болох нь гэдэг үүднээс илүү найдвартайгаар, итгэл үнэмшилтэйгээр дээрх асуудал шийдэгдэхийг хүлээх болно. Хүн гэдэг бол Монгол улсын хамгийн үнэт баялаг шүү дээ. Бид иргэнээ гадны иргэн болгож хувиргахгүй байх нь манай төрийн зүй ёсны бодлого байх ёстой. Цаашдаа магадгүй Монгол улсын иргэн байж байгаад ийм аргагүй нөхцөл байдлын улмаас гадаадын харьяат болсон иргэдэд ч өөрийн орны иргэний харьяаллыг сэргээх асуудлыг авч үзэх боломж бий. Тиймээс иргэний харьяаллын тухай дээрх асуудал Монгол улсын Засгийн газрын өмнө тулгамдсан асуудал мөн. Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэх ч ёстой. Ингэснээр Монгол улсын болоод тухайн иргэний эрх ашиг хамтдаа хангагдах ёстой юм.
2004.11.04, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button