Татварын нэг шатлалд шилжүүлэхэд 22 тэрбум төгрөгийн зөрүү гарна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг байнгын хороогоор хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явагдаж байгаатай холбогдуулан гишүүд энэ асуудлыг сөхөж тавьсан юм. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө татварын бодлогоо тодорхойлохдоо татварыг нэг шатлалтай болгох асуудлыг судалж, бодлого боловсруулна хэмээн оруулсан. Гэхдээ энэ удаа шууд татварын нэг шатлалын бодлогыг хэрэгжүүлбэл, татвараас төсөвт орох орлогын хэмжээнд даруй 22 тэрбум төгрөгийн зөрүү үүсэх учраас аажимдаа асуудлыг сайтар судалж, бүх талаас дүгнэлт хийж байж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн бодлого барьж байгаа аж.
Мөн хуралдаанаар гишүүн Р.Амаржаргал нэгэн сонирхолтой санал оруулан хэлэлцүүлж дэмжлэг авсан. Гишүүн Р.Амаржаргал саналаа тайлбарлахдаа, манайд өнөөдөр 35-50 насны хүмүүс ажил эрхлэхэд туйлын хүнд болоод байна. Ажил олгогчид хүнээ авахдаа шүдний өнгө, хөлийн урт, өндөр нам, өргөн туранхайг заавал асууж, харгалздаг болжээ. Тиймээс энэ байдлыг бага ч гэсэн цэгцэлж 50 хүртэл насныхныг ажлын байраар хангах асуудлыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгаж, ажлын байраар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулъя гэсэн санал оруулсанд гишүүд олонхийн саналаар дэмжсэн.
Харин гишүүн Б.Жаргалсайхан, архи спиртийн хэрэглээ манайд арай хэтэрлээ. Гэтэл эндээс улсын төсөвт орж буй орлого хэрэглээтэй нь харьцуулбал хангалтгүй байна. Социализмын үед манай улс төсвийнхөө орлогын 30 хүртэл хувийг сархи, спирт, тамхины татвараас авч байсан гэсэн. Одоо дөнгөж арваадхан хувьтай байна. Тиймээс энэ төрлийн татварыг одоо байгаа хэмжээнээс 150 дахин нэмж авахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгая гэсэн санал оруулсан. Гишүүний энэ санал байж болох санал хэмээн Сангийн сайд хэлээд яг тэдэн хувь гэдэг тал дээр дахин эргэн харж авч үзэх шаардлага бий. Энэ төрлийн татварыг нэмэгдүүлэн татахыг дэмжиж байна гэж хэлсэн. Ингээд байнгын хороодын гишүүдийн дунд санал хураалтыг явуулахад дээрх санал дэмжигдэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмж тусган нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой эдгээр болон бусад асуудлын талаар өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
2004.11.04, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button