Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэл

Уулзалт нь ХМА, сонинуудын хамтын ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох асуудлыг хөндсөн үр бүтээлтэй ярилцлага боллоо.
Энэ уулзалтын үеэр тохиролцсоны дагуу эхлээд салбарын товч сонингоос хүргэе.

Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан 2004 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Монгол улсад суугаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Суурин төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Тус яамны Мэдээллийн төвийг орчин үеийн холбооны дэвшилтэт технологи ашиглан шинэчлэн тохижуулж байна.
БСШУЯ-ы дэргэд 18 аймгийг хамарсан алсын зайн сургалтын сүлжээ байдаг бөгөөд энэ төв нь ашиглалтанд орсноороо орчин үеийн мэдээлэл холбооны дэвшилтэт технологид тулгуурлаж дээрх аймгуудыг хамран алсын зайнаас мэргэжилтэн бэлтгэх, мэдээллээр хангах сургалтыг зохион явуулах бүрэн боломжтой болно. Цаашид бүх аймгийг энэ сүлжээнд хамруулах зорилт тавьж байна.

Yйлдвэр худалдааны яам

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаан дээр сайд С.Батболд Геологи, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, ашигт малтмалын лиценз олголтын тухай мэдээлэл хийсэн байна.

Гамшгаас хамгаалах ерөнхий газар

Сайд У.Хүрэлсүх Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудад 10-р сарын 30-наас 11-р сарын 06-ныг дуустал ажиллаж байна.
Далайн шуурга, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн барааг цаг хугацаанд нь хүргүүлэх ажлыг уг газраас шуурхай зохион байгуулсан байна.

Өнгөрсөн хагас сайн өдрийг Ерөнхий сайд Хархорины асуудалд хандуулсныг манай хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд хүргэсэн. Энэ долоо хоногийн хагас сайн өдрийг сэтгүүлчдийн дунд өнгөрөөх болно.

Өнөөдөр 2 гол үйл явдал болоод байна.

Япон улсын Нийгата мужид газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст Засгийн газрын шийдвэрээр хүмүүнлэгийн зохих тусламжийг үзүүлсэн билээ. Їүнтэй холбогдуулан Япон улсын Ерөнхий сайдаас хариу талархал ирүүлжээ.

Далайн шуурга, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Японы ард иргэдэд туслах нэгэн шинэ санаачилгыг Монгол Улсын Засгийн газраас гаргаж, Монголын хувийн зочид буудлын холбоотой хамтран Монголын элчин сайдын Яам, тэнд байгаа манай сумогийн нэр хүнд бүхий бөхчүүдээр дамжуулан зохион байгуулах гэж байна.

Учир нь 50 мянга гаруй хүмүүс өнөөдөр янз бүрийн шалтгаанаас үүдэн гадаа амьдарч байгаа юм байна. Энэ хүнд байдлаас гарахад нь тодорхой хэмжээгээр тус дэм болох үүднээс өнөөдөр Ерөнхий сайдаас Элчин сайд ноён Тода-тай уулзахдаа дараахь саналыг тавилаа. МИАТ компани тусгай рейс гаргаж, маш хямд үнээр 1500 хүртэлх хүмүүсийг УБ хотод авчирч, орон байрныхаа асуудлыг шийдтэл түр хугацаагаар манай зочид буудлуудаар 70 хүртэл хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр байрлуулах ажлыг зохион байгуулж болохыг Ерөнхий сайд санал болголоо. Энэ нь бизнесийн утга агуулаагүй бөгөөд монголчуудын хүнлэг ёсны санал болохыг, мөн тохиолдоод байгаа бэрхшээл, хүндрэлийг даван гарах олон боломжуудын нэг нь байж болохыг Ерөнхий сайд танилцууллаа. Элчин сайд саналыг талархан хүлээн авсан бөгөөд саналыг зохих байгууллагуудад уламжлахаа илэрхийллээ.

Өнөөдөр УИХ дахь нам эвслийн бүлгүүд зөвшилцсөний үндсэн дээр Хүүхдийн мөнгөний саналыг Засгийн газраас боловсруулан оруулсныг зөвшөөрч хамтарсан мэдээлэл хийсэн байгаа. Та бүхэнд энэ саналын танилцуулгыг тарааж байна.

Засгийн газрын ээлжит Лхагва гаригийн хуралдаан цаг үеийн ажлаас шалтгаалан хойшилсныг Та бүхэн мэдэж байгаа. Энэ Баасан гаригт ээлжит бус хуралдаан хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлын жагсаалтанд зохион байгуулалтын зарим асуудал багтан орох төлөвтэй байна.

/Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв/
oloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button