Ирэх дөрвөн жилд монополь шинжтэй, дэд бүтцийн салбарын голдуу компаниудыг хувьчилна

-Таны томилгооны дараа З.Энхболд эргэж ирлээ гээд бүх сонинд ижил өнгөөр мэдээлжээ. Энэ яриа таныг хүлээсэн итгэл найдвар байв уу, гайхаж цочирдсон явдал болов уу?
-Хариулахад хэцүү юм. Сонинууд өөр өөрийнхөөрөө л гэж дуугарч байгааг би тайлбарлахад хэцүү. Гэхдээ хуучин байсан, ажлаа мэддэг хүн эргэж ирсэнд талархаж байгаа байлгүй.
-Төрийн өмчийн хорооны ажилд таны дарга байх үеийнхээс ямар ялгаа гарч вэ?
-1996 онд анх энэ ажлыг авч байхад маш их ажил байсан. Тооны хувьд гэхэд зөндөө олон аж ахуйн нэгжийг хувьчлах ёстой байв. Одоо бол хамаагүй цомхон болчихжээ. Дандаа том аж ахуйн нэгжүүд хувьчлагдаагүй үлдсэн байна. Шууд хувьчилж болохгүй, бүтцийн өөрчлөлт хийх ёстой, заах зээлд гараад амьдрах чадвартай болгоод хувьчлах ялангуяа, монополь бүтэцтэй аж ахуйн нэгжүүд үлджээ. Тэдгээрийг их ажиллагаа орж, цаг зав зарж олон хууль шийдвэр гаргаж байж цаашдаа 20-30 жил ажиллаж нөхцлийг нь хангаж өгч байж хувьчлах ажил л үлдлээ.
-Өмч хувьчлалын тухайд ярихад яг ямар ажил хүлээж авсан бэ?
-Өнөөдрийн хувьд ажлаа судалж байна. Сонинуудаар бичигдээд байсан асуудлуудыг сонирхож үзэх шаардлага байгаа. Төрийн өмчийн хорооны мэдээлэл олон түмэнд нээлттэй байх учиртай. Төрийн өмчийн хорооны үйл ажиллагаа нь хаагдмал байсан учраас зарим хардлага, сэрдлэг байгаа. Олон нийтэд шаардлагатай мэдээллийг хүргэнэ ээ. Миний үед Төрийн өмчийн хорооны ажил нээлттэй басан учраас элдэв юм гардаггүй байсан. Үйл ажиллагаа нь хэдийчинээ хүн бага харддаг юм л даа. Хэн гэдэг хүн ямар обьектийг, ямар үнээр яагаад авчихсан нь тодорхой байсан. Тэрүүн шиг системийг буцааж нэвтрүүлнэ.
-Таны үед төр өмчөө тоолж байсан. Түүнээс хойш нэг л чимээгүй болчихоо юу даа?
-Саяхан тооллого хийсэн. Тооллогын комиссын дарга нь Сангийн сайд Ч.Улаан, орлогч дарга нь Төрийн өмчийн хорооны дарга байсан юм билээ. Дүн байг судалж боловсруулаад олон түмний хүртээл болгоно доо.
-Төрийн өмчийн хороо ажил үүргийнхээ хувьд үеэ өнгөрөөх болж байгаа болов уу?
-Өмч хувьчлалын хувьд болж байгаа. Яагаад гэвэл хувьчлагдах олон аж ахуйн нэгжүүд хувьчлагдаад дууссан. Одоо дэд бүтцийн салбарын чанартай уул уурхайн гэдэг ч юмуу, томоохон аж ахуйн нэгжүүдээ хувьчилчих юм бол болно. Тэгэхдээ төсөвт байгууллагын өмч гээд том өмч үлдчихэж байгаа. Эмнэлэг, сургууль, Засаг даргын тамгын газрын даргын байр гээд өөр юу байдаг юм. Энэ болгонтой холбоотой ажил нь үлдэхээр Төрийн өмчийн хороо их цомхон болно гэж бодож байгаа.
-Таныг улс төрийн чинь хувьд жаахан яриулмаар байна. УИХ-ын сонгуулийн дүн 5-6 сараар хүлээгдэх болж байгаа гэсэн үү?
-Улсын дээд шүүхэд Захиргааны хэргийн шүүх байхгүй байна. Томилогдох асуудал нь УИХ дээр хүлээгдэж байгаа. Танилцагдаад, шийдэгдлээ гэхэд Дээд шүүх дээр ахиад хоёр шат байгаа. Энэ болгоныг тооцоод үзэхээр багаар бодоход хагас жилийн зай бий байх. Энэ хооронд Төрийн өмчийн хорооны ажлыг жаахан явуулаадах, цэгцлэх хэрэгтэй байна, тавдугаар сараас хойш даргагүй ажиллаж ирлээ гэж л үүрэг өгсөн .
– Төрийн өмчийн хороо төсөвт орлого оруулах үүргээ хэр биелүүлж байна вэ. Та гэхэд энэ ажилд томилогдохдоо ямар даалгавар авсан , юу хийхээр зэхэж байгаасан бол ?
– Сангийн яамны өмнө үүргээ биелүүлж байгаа. Тэр орлогыг нэмэгдүүлэх зорилго тавьж намайг ирүүлсэн. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.
– Өмч хувьчлалыг эрчимжүүлнэ…. гэж Та нэгэнтээ хэлжээ . Яаж ?
– Мөнгөн талдаа л эрчимжүүлэх хэрэгтэй дээ. Говь – ийг хувьчилна гэсэн үг. Эднийхийг хувьчилж чадалгүй их удлаа шүү дээ.
– Өмнөх өмч хувьчлалын үр дүнд маргаантай байгаа хэд хэдэн компани бий гэх . Энэ талаар тодруулна уу ?
– Гарсан яриа хөөрөөг шалгаж байна. Үр дүн гарахаар нь олон нийтэд мэдээлнэ ээ. Одоогоор бол шалгалт дуусаагүй байна.
– Эдүүгээгийн Засгийн газрын Өмч хувьчлалын хөтөлбөр ямар дүр төрхтэй төрөхөөр дуншиж байна вэ?
– Ирэх дөрвөн жилийн хувьд өмч хувьчлал монополь шинжтэй, дэд бүтцийн салбарын голдуу компаниудад чиглэгдэнэ. Үүнд эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр төмөр зам зэрэг байгууллага дээр хувьчлал явагдана.
– Энэ салбарын хувьчлалын онцлог нь юу байх бол?
– Дэд бүтцийн салбар өөрөө натурал монополь салбар . Натурал монополь гэдэг маань ганцаараа байхад л үр дүн ашигтай байдаг гэсэн үг. Ийм салбар төрийн зохицуулалтыг заавал шаардаж байдаг. Төр өөрөө татвар төлөгчдийн мөнгийг хурааж авдгийнхаа хувьд нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө ганц байгаа натурал монополь – ийг зохицуулах ёстой. Одоогоор төрийн өмчийн монополь дэд бүтцийн салбарыг хувьчилж , өөрчлөн байгуулалт хийхийн өмнө төр өөрөө хувьчилсны дараагааар хувьийн монопол үүсэхэд зохицуулж чадах зохицуулахтынхаа орчинг бүрдүүлэх ёстой. Өнөөдөр тэгвэл дэд бүтцийн салбарт тэр зохицуулалтын орчинг бүрдүүлэх асуудлыг идхийж байна. Энэ асуудлыг маш эрчимтэй , зөв шийдвэрлээд, дараа нь хувьчлах ёстой . Өнгөрсөн хугцаанд харилцаа холбоо, эрчим хүчний зохицуулах бүтцийг бий болгосон. Тэр бүтэц нь өөрөө зөв ажилладаг, юу юуг нь яаж зохицуулах юм бэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Ингэж гээмнэ дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнг оруулалтыг татах боломж бүрдэнэ . Зах зээлийн зохцуулалт ямар байдгийг цаадуул чинь маш сайн мэдэж байгаа. Тэрүүн шигээ орчин Монголд байна уу гэдгийг л харж буй хэрэг . Анхны зорилгод нь саад болохуйц шийдвэр гарвал тусгуй. Манай улсын дэд бүтцийн нэлээд салбарт ийм зорилт нь тодорхой бус, хөрөнг оруулалт татах хэмжээнд хүрээгүй байгаа юм. Бид өмч хувьчлал дээр гаднын туслалцаа авч байгаа юм бий. Европын, Азийн хөгжлийн банк ажиллаж, тусалж байна. Энэ бүхнийг цаасан дээр гаргаад, батлуулаад, хууль зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарчихвал дэд бүтцийн салбарын хувьчлалыг 2005 он гараад хийх боломжтой.
-2005 оны тухайд ажил ийм байжээ. Ер нь өмч хувьчлалаар хэтийн төлөв юу байгаа бол ?
-Одоо Монголд төрийн өмчтэй, эвсэл төрийн өмчийн оролцоотой 70 гаруй үйлдвэр байна. Эдгээр үйлдвэрийг хувьчлах асуудлыг ойрын дөрвөн жилд шийдвэрлэх ёстой. Хувьчилчихдаггүй юм аа гэхэд хувийн хэвшилд шилжих бэлтгэлийг нь хангах асуудал чухал.
Нэгэнт хувьчлагдсан секторуудыг төрөөс эргээд дэмжих асуудал бий. Барууны орнууд хувьчлалыг хийхдээ нэг бол хувьчлалын өмнө бэлтгэлийг нь хангаж өгдөг, эвсэл хувьчилсны дараагаар эргээд дэмждэг. Ихэнх тохиолдолд, үнэ хүргэж зарахын тулд аятайхан болгочихоод хувьчилдаг. Эдүгээ манай улсын хувьд хувьчлалын өмнө өөд татах мөнгө хөрөнгө алга. Тиймээс шинэ эзэнд хувьчилж өгчихөөд, араас нь төрөөс дэмсжих асуудал байж болохоор байна.
2004.11.03, Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button