С.Зориг агсны хөшөөг хулгайлжээ

Талийгаачийн шарилд хүндэтгэл илэрхийлэн түүний цээжин хөшөөг зэсээр үйлдэн залснаас хойш эдүгээ зургаан жил С.Зориг агсны хөшөө алсыг анирлах сүндэрлэсээр байсан. Харин өнөөдөр хөшөөг нь булга татан, төмөр нь сэрийж байна. Үүнээс өмнө талийгаачийн хөшөө рүү боронзон будаг цацаж хөшөөний нүдний шилний хэсэг нь хугарсан байсан гэнэ. Талийгаачийн гэр гэрийнхэн будгийг цэвэрлэж, хөшөөг зассан. Гэтэл дахиад л талийгаачийн нас барсан өдрөөр нь хөшөөнд нь өргөсөн цэцэг хагдарч амжаагүй байхад хүндэтгэлийн хөшөө нь сүйтгэгдэв.
Бусдын гарт харамсалтайгаар хөнөөгдсөн түүний алуурчид ч олдоогүй байхад ийнхүү хөшөөг нь доромжлон сүйтгэв. Зэс цээж баримлыг пүрэвээс баасан гаригт шилжих шөнө буюу өчигдөр хулгайлжээ.
Өмнөх өдөр нь баримлыг ар хэсгийн зэсийг ховхолж авсан байсан гэнэ. Иргэдээс С.Зориг агсны хөшөө алга болсон талаар мэдээлэл ирсний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэсгийнхэн байдалтай танилцсан байна. Алтан-Өлгийн оршуулгын газар нь манаачтай бөгөөд түүнээс мэдүүлэг авсан бололтой.
С.Зориг агсны дүү УИХ-ын дэд дарга С.Оюунаас энэ талаар мэдсэн эсэхийг асуулаа.
-Ийм хэцүү зүйл сонсоод сэтгэл их эмзэглэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга н.Ганхүүтэй ярихад шуурхай арга хэмжээ авч байгаа. Хэдийгээр урьдчилан сэжиг, таамаг дэвшүүлмээргүй байгаа ч төмөр, зэс хулгайлдаг хүмүүс авсан болов уу гэж бодож байна гэсэн. Миний хувьд ч гэсэн таамаглаж хэлэхэд хэцүү байна. Хөдөөний нэг өвгөн одооны хүмүүс сүжиг ч үгүй, сэжиг ч үгүй болж дээ гэсэн үг л санагдаад байна даа.
-Танд энэ талаар хэн хэлсэн бэ?
-УИХ-ын хуралдааны үеэр миний нөхөр Ч.Энхбаяр надад утсаар хэлсэн. Түүнд сэтгүүлч Ж.Отгондаваа энэ талаар хэлсэн гэсэн. Тэгээд миний туслах газар дээр нь очсон. Цагдаагийнхан бас ирчихсэн байсан гэсэн. Одоо Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг Алтан-Өлгий рүү шилжүүлэх талаар яригдаж байна. Монгол улсын төрийн зүтгэлтэн, нэр хүндтэй хүмүүсийн шарил байгаа энэ газрын хамгаалалтыг сайжруулж, статусыг нь нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна.
-Одоо дахин хөшөөг нь хийх үү?
-Тэгэлгүй яахав. Урчуудын эвлэлийн хорооны дарга н.Болд, н.Бэхбат нар их сайхан хөшөө хийсэн юм. н.Болд дахин хөшөө хийхэд тусална аа гэсэн. Зэсээр лав хийж болохгүй бололтой.
Ийнхүү талийгаачийн хөшөө зэсийн хулгайчдын гарт орж хаягдал төмөр болгон хэмх цохигдсон байх вий гэж бодохоос харамсмаар. Баримлыг урласан н.Болдын хэлж байгаагаар хөшөөг бүтээхэд арав гаруй кг зэс орсон аж. Хаягдал зэс нэг мянга хүрэхгүй төгрөг байдаг гэнэ. Арав хүрэхгүй мянган төгрөгний төлөө ардчиллын алтан хараацай, төрийн нэр зүтгэлтнүүдийнхээ дурсгалын хөшөөг сүйтгэсэн байх вий дээ гэж эмзэглэхээс өөр аргагүй болоод байгаа бололтой. Алтан-Өлгийд талийгаач Ц.Ганхуягийн дулаан инээмсэглэл тодруулсан дүрийг хар гантиг чулуун дээрээ мөнхөлсөн байдаг. Би маргаашийн төлөө яарч явна гэсэн бичээс бүхий уг хөшөөний нүүрийг ч цөм цохичихсон байна билээ. Бүр талийгаачийн нэрийг сийлсэн зэс үсэгнүүдийг ч ховхлоод аваад явчихдаг болсон гэнэ.
Монгол төрийн төлөө зүтгэж асан хүндтэй хүмүүсийнхээ хөшөө, дурсгалыг тонуулсаар байх уу? Бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдөж алуурчин ч олдоогүй байхад дээр нь хөшөөг нь хулгайлан доромжилж байдаг…
2004.11.06, Өдрийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button