Хувьсгалт намын ургац хураалт нэмэгдэв үү…

Гэхдээ л манайд эвслийн үед ХААҮ-н сайд Л.Нямсамбууг Ногоон хувьсгал өрнүүлэх гэж байхад МАХН-ынхан түүнийг Чи хадан дээр ногоо тарина гэл үү хэмээн тавлан хэлж суусан шиг улстөрчид лавтай хаана ч байхгүй биз. Мөн МАХН-ынхан 2000 онд засгийн эрхэнд гарч ирчихээд Эвслийн тариа ургасангүй хэмээн эх орны тариагаа бидэнд хамаагүй мэтээр Ерөнхий сайдаасаа эхлээд ярьж байсан. Тэгвэл талцаад байдаг тэр утгаар өнөөдөр МАХН-ынхны ургац хэр ургав?
Ес, аравдугаар сард зарим газар цочир хүйтэрч цас орсныг эс тооцвол энэ жил цаг уурын хувьд харьцангуй таатай уур амьсгалтай, урт намар болж байна.
Саяхан тариалалт, ургац хураалтын дүн гарлаа. МАХН-ын Засгийн газар засаглалынхаа дөрвөн жилийн өндөрлөг 2004 онд 177 мянган га газарт 148,9 мянган тонн үр тариа авахаар амласан. Гэтэл дүн нь 154,8 мянган га-гаас 137,4 мянган тонн үр тариатай гарав. Үүнийг өнгөрсөн онтой нь харьцуулбал ургац 28,4 мянган тонноор, талбай 43,1 мянган га-гаар багассан байх юм. Нөгөө 2000 онд Засгийн эрхэндээ гарч ирэхдээ газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний хэмжээг 2-2,5 дахин нэмэгдүүлнэ гэсэн Н.Энхбаярын амлалт ч өнгөрч. Тариалсан талбай, хураасан тариа хоёрыг эвслийн үеийнхтэй харьцуулбал гуравны нэгээр багасчээ. Ургац алдсанаа хяруунд цохиулсан, хулганад идүүлсэн гэсэн нөгөө л улиг хариугаа хэлж сууна.
Энэ намар Алтан тариа, Улаанбаатар гурил зэрэг компаниуд дотоодоосоо авах буудайгаа нэмэгдүүлсэнгүй. Үүнийг бид өчигдөр тодруулахад тэд Буудай хог, хольц ихтэй, чийгтэй байна. Бид ийм буудайгаар гурил үйлдвэрлэж хэрэглэгчээ хохироохыг хүсэхгүй. Зах зээлээ л дагана хэмээн тайлбарласан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ жил буудайн чанар мөн л дээрдээгүй гэсэн үг. Мэргэжилтнүүд 1990-ээд оноос хойш хамгийн их талбайгаас хамгийн бага ургац авсан мөртлөө хамгийн их хөрөнгө зарцуулсан жилээр өнгөрсөн Засгийн газрын дөрвөн жилийг, тэр дундаа 2003 оныг онцолж байх юм. Үүний учрыг зарим хүн МАХН 2004 оны сонгуулийг угтаж газар тариалангийн компаниудад үрийн зээл ихээр олгосонтой холбож байна. Өнөөдөр энэ хөрөнгө эргэн төлөгдөөгүй байна. Шаварт унасан шарын эзэн нь мэдээж ХХААЯ. Энэ яам, түүний эзэн Д.Насанжаргал сайд уг нь газар тариалангаа яаж хөгжүүлэх вэ гэдэгт бодлого явуулж ургацаа нэмэгдүүлэн хүн амынхаа иддэг талхаа ихэсгэх ёстой байлаа. Тэгвэл үүний оронд юу хийв гэхээр бизнес, тендер хоёрыг л их өрнүүлж сүүлийн дөрвөн жилийг өнгөрөөлөө гэж олон хүн ярьж байна. Үүнийг газар сайгүй нэмэгдсэн спиртийн үйлдвэрүүд, түүнээс улбаатай
архидалт харуулна. Сүүлийн хоёр жилд талх, гурилын үнэ нэмэгдсэнийг өнөөдөр бид амьдралаараа мэднэ. Гэтэл Д.Насанжаргал сайд өнгөрсөн дөрвөн жилийг тархинд тариа ургуулсан он жилүүд байлаа гэж ярьж суух юм. Үүнийг нь манай хошин урлагийнхан Тариа газарт л ургадаг байхгүй хэмээн шоглож байна. Харин тариаланчид бол үүн дээр Яриа бол тариа биш хэмээн нэмж байна.
Өнөөдөр манай тариаланчид малчдынхаа нэгэн адил хурмастад захирагддаг хэвээрээ л байна. Уг нь хөгжилд захирагдах ёстой байх. Энэ нь эвсэл, МАХН хэмээн улстөрийн хүчнүүд нь нэг бие болон талцалгүй аль ч төр, засаг нь фермерийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн эргэлтийн хөрөнгөөр дэмжих мэдээллээр хангах, мэдээллийг шуурхай болгох, цаашлаад хувьчлал, даатгал гээд олон асуудалд тариаланчдадаа хэр тусалж тэднийг хэр дэмжиж буйгаар илэрхийлэгдэх ёстой байлтай.
2004.11.06, Өдрийн сонин