Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдлаа

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл гишүүдийн 100 хувийн саналаар, анхныхаа хэлэлцүүлгээр батлагдсан юм. Төслийн талаархи байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 132 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалгасан. Магадгүй энэ УИХ-ын гишүүд сонгогдсоноосоо хойшхи хугацаанд анх удаа ингэж нэг дор их санал өгсөн биз. Мэдээж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн өгөх талаар тусгасан. Нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур өрхийн гурав ба түүнээс дээш 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 3000 төгрөг олгох боллоо. Энэ саналыг Б.Жаргалсайхан гишүүнээс бусад нь бүгд дэмжсэн. Мөн ирэх дөрвөн жилд төр, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэднийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгана гэсэн Б.Мөнхтуяа гишүүний санал мөрийн хөтөлбөрт тусч чадлаа. Гишүүн Д.Дондог, Д.Дэмбэрэл нарын саналаар төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэхээр болсон. Энэ тохиолдолд гагцхүү тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь зөв гэж гишүүдийн олонхи нь үзсэн. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагын бүтцийг чадварлаг, цомхон болгох бодлоготойгоо уялдуулан энэ саналыг хүлээн авах боломжтой гэж Ерөнхий сайд тайлбарласан. Гэвч цомхтгол хийнэ гэсэн агуулгаар яриагүй шүү гэдгийг зарим гишүүн анхааруулаад авсан.
Энэ мэтчилэн гишүүдийн зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмж оруулах гэсэн санал их байлаа. Тэр бүхэн тодорхой хэмжээгээр төсөлд орж чадсан. Нэгэнт батлагдчихсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс харвал ирэх жилүүдэд төрийн үйлчилгээний хүнд суртал багасах нь. Түүгээр зогсохгүй бүх төрлийн зөвшөөрөл, лиценз олгодог журмыг хялбарчилж, иргэдэд бизнес эрхлэх тэгш нөхцөл олгох болж байна. Тэр ч байтугай засаг захиргааны одоогийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг ч ярьж шийдвэрлэхээр хөтөлбөрт нэмж тусгалаа. Гэвч иргэдэд үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбоо зэрэг зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг энэ хэвээр нь хадгалах нь зөв гэдэгт гишүүд санал нэгдсэн.
Бүсийн төвүүдэд спортын, нийслэлд олимпийн цогцолбор барина
Харин төрийн жинхэнэ албанд заавал цэргийн алба хаасан хүнийг авна гэсэн Э.Бат-Үүл гишүүний саналыг дэмжсэнгүй. Түүнчлэн Ж.Наранцацралт гишүүний Хотын захирагчийг тухайн хотын нийт оршин суугчдын сонголтоор томилдог тогтолцоог бүрдүүлнэ гэсэн санал олонхийн дэмжлэг авч чадаагүй. Энэ саналын дагуу бол Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг дарга гэсэн албан тушаалыг хоёр салгаж, хотын захирагчийг нь нийслэлчүүд мэдэж томилдог болох байлаа. Өнөөдөр нийслэлд манай хүн амын бараг талаас илүү нь оршин сууж байгаа. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээрээ сонгодог шиг ард түмний тал хувь нь энэ хүнийг сонгох болох нь. Тэр утгаараа хотын захирагч маань хэнд ч захирагддаггүй, том толгойтой хүн гарах вий гэж гишүүд болгоомжлох шиг болсон. Мөн Д.Ганхуяг гишүүний гаргасан Төрийн үйлчилгээний байгууллагуудын ачааллыг багасгаж, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой хэсгүүдийг иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх санал дэмжигдээгүй. Гишүүн Р.Амаржаргалын 35-50 насны хүмүүсийг ажлын байраар хангах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх санаа хөтөлбөрт тусгалаа олж чадсангүй. Хэдийгээр аль болох ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийг бууруулах нь чухал ч иргэдийг насаар нь ялгаварлан хандаж болохгүй гэсэн Засгийн газрын байр суурь гишүүдэд нөлөөлөх шиг болсон. Боловсролын салбарын чиглэлээр Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, тухайлбал Б.Эрдэнэсүрэн гишүүний хичээлийн шинэ жилийг хэдэнд эхлүүлэхээ тухайн орон нутаг нь шийддэг байвал зүгээр гэсэн санал ч дэмжлэг авч чадсангүй.
Тэгвэл ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах нь зөв гэсэн Ч.Авдай гишүүний санал хөтөлбөрт тусч чадсан. Англи хэлээр хичээл, сургалт явуулах, зарим хичээлийг англиар заах болон төрийн албанд англи хэлний мэдлэгийн шалгуурыг нэвтрүүлнэ гэсэн төслийн заалт тэр чигээрээ хасагдлаа. Бүсийн төвүүдэд спортын цогцолбор барьж, нийслэлд олимпийн цогцолбор байгуулах болж байна. Аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй зарим гишүүний эл саналыг хүлээж авсан. түүнчлэн 145 мянган ажлын байр шинээр бий болгохоор хөтөлбөрт тусгажээ. Харин ажил олгогчид ногддог татвар, шимтгэлийн ачааллыг бууруулах гэсэн Ц.Сүхбаатар гишүүний санал дэмжлэг авч чадсангүй.
Хүүхэд төрсөн цагаасаа л иргэний үнэмлэхтэй болно
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ингэж тусгасан. Байнгын хороо хэдийгээр энэ саналыг хөтөлбөрөөс хасах саналтай байсан ч гишүүд хүлээж авсангүй. Татвартай холбоотой гаргасан хэд хэдэн саналыг Засгийн газар дараа нь нэгэн багц болгон УИХ-д оруулж ирнэ гэж тайлбарлаж байснаас татвартай холбоотой гарсан хэд хэдэн санал дэмжлэг авсангүй. Зарим гишүүн ч санал хураалгалгүйгээр саналаа татаж авна билээ. Тухайлбал, А.Мурат нарын гишүүний малчдыг мал бүхий иргэний албан татвараас чөлөөлөх, онцгой албан татварын хувь хэмжээг нэмэх гэхчлэнгийн саналууд мөрийн хөтөлбөрт тусгалаа оллоо. Харин Экспорт, импортын банк байгуулах Г.Занданшатар гишүүний санал дэмжлэг авсангүй. Р.Гончигдорж гишүүн монгол иргэдийн давхар харьяаллыг хүлээн зөвшөөрөх асуудлыг судалж, боловсруулах гэсэн санал гаргасан ч цаг хугацааны хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заавал байх шаардлагагүй гэж үзээд өөрөө саналаа татаж авсан юм. Ийнхүү Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлуулж чадлаа. Одоо төсөв, үндсэн чиглэл гэсэн томоохон баримт бичгүүд шийдлээ нэхэн үлдэж байна.
2004.11.06, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button