608-р вагонд харх дайгдаж ирсэн эсэхийг тандаж байна

Төмөр бетоныг ч хүртэл цоо мэрдэг хар харх буюу монголчуудын нэрлэдгээр чөтгөр харх Москвагаас суудлын галт тэргэнд дайгдан нийслэлд маань зочилсон байж магадгүй гэнэ.Дээрх мэдээллийн мөрөөр Улаанбаатар дахь Суудлын вагон депог өчигдөр зорьж очлоо. Суудлын вагон депо уруу нэвтэрч, хамгийн түрүүнд тааралдсан төмөр замчнаас галт тэргэнд харх дайгдаж ирсэн нь үнэн эсэхийг лавлахад Тийм яриа гарсан байна билээ. Манай удирдлагуудаас тодруул гээд даргынхаа өрөөг зааж өглөө.
Суудлын депогийн үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга албан өрөөндөө байсангүй. 13.50 цагт Москваг зорьж хөдлөх тавдугаар галт тэргийг шалгахаар явсан гэнэ. Даргын араас очсон боловч олдсонгүй. Тавдугаар галт тэрэгний 509-р вагоны үйлчлэгчээс Дарга цагийн өмнө шалгачихсан.Цайндаа явсан байх гэсэн хариуг сонслоо. Дараа нь бид Улаанбаатар вагон депогийн засвар эрхэлсэн орлогч дарга Л.Насанбатын өрөөнд очсон юм. Тэрбээр Москва-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний нэг вагонд баас байсан гэсэн. Чухам хархных уу, хулганых уу гэдгийг мэдэх аргагүй. Тэр амьтныг харсан хүн байхгүй юм шиг байна лээ. Баас илэрсэн болохоор сэжиглэж, тэр вагоныг тусгаарласан байгаа. Энэ удаагийн аяллаас тэр вагоныг чөлөөлсөн байх. Үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Гончигсүрэн энэ талаар сайн мэднэ гэж тайлбарлалаа.
Энэ хооронд Ч.Гончигсүрэн дарга албан өрөөндөө ирээгүй байв. Тиймээс үйлчилгээ эрхэлсэн инженер Туяатай уулзлаа.
-Москва-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэрэгнээс харх илэрсэн гэсэн мэдээллийн үнэн эсэхийг тодруулах гэсэн юм?
-Москва-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэрэгний 608-р вагоноос сэжиг илэрсэн. Одоогоор хархыг нүдээр хараад тогтоочихоогүй байна. Бид шалгаж байгаа. Орост харх их байдаг болохоор зорчигчдын ачаа тээштэй дайгдсан байж магадгүй гэж сэрэмжилж байгаа.
-608-р вагонд харх байж магадгүй гэсэн сэжиг илэрсэн юмуу?
-Би Москва-Улаанбаатарын өмнөх аяллын галт тэрэг ирэх үеэр ээлжийн амралттай байсан. Ирээд хархных байж магадгүй дуу чимээ 608-р вагоноос гарсан гэж сонссон. Тэр даруйд нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдэгдэж, тэндээс эмч нар ирж вагонд хор тавьсан.Мөн эмч нар манай үйлчлэгч нартай хамт вагонд хонож, тандалт хйисэн. Юм мэдэгдээгүй болохоор харх байгаагүй юм болов уу гэж бид үзээд байгаа. Дахин хэлэхэд Орост харх их байдаг болохоор зорчигчийн ачаа тээштэй вагонд орж ирсэн байж болзошгүй гэж сэрэмжилж байгаа юм шүү.
-Хархных байж магадгүй дуу чимээг анх ямар хүн сонссон юм бол, тэр үед галт тэрэг аялалд явж байсан уу эсвэл энд ирээд зогсчихсон байсан уу?
-Түүнийг би мэдэхгүй юм Гончигсүрэн дарга сайн мэдэж байгаа. Ирэхээр нь асууя.
-Нэг вагоноо сэжиглэж вагоноо тусгаарласан юм байна. Харх байвал илрүүлэх арга хэмжээ авч байгаа юу?
-Мэдээж. Шөнө хонож тандалт хийж үзсэн гэдгийг түрүүн хэлсэн. Мөн вагонд хархны мөр гарч магадгүй гэж гурил цацсан байгаа. Халдвартын эмнэлгийн эмч нар хор тавьсан. Харх ч юмуу, эсвэл хулгана ч юмуу, аль нь ч байсан илрүүлэхээр бүх л аргыг хэрэглээд байгаа ч одоогоор юу ч мэдэгдээгүй байна. Бид бүр тодорхой болгохын тулд 608-р вагоныг энэ удаагийн аяллаас авч үлдсэн. Дахиад хэд хоног тандалт хийнэ. Оронд нь өөр вагон явуулсан.
-Урьд өмнө галт тэргэнд дайгдан харх айлчилж байсан тохиолдол гарсан уу?
-Депод байрлаад хөдөлгөөнгүй зогссон вагоноос дуу чимээ гарсны улмаас сэжиглэн, хор цацаж, хулгана агнаж байсан тохиолдол бий. Зорчигчид мэддэггүй л болохоос биш галт тэрэгний үйлчлэгчид маш их хөдөлмөрлөж байдаг. Харх, хулгана битгий хэл жоом үзэгдсэн вагоныг тусгаарлаж хор цацдаг, устгадаг. Манайх жилд хоёр удаа, хавар, өвөлд бүх вагонууддаа засвар үйлчилгээ хийдэг. Энэ үеэрээ жоомны, шаардлагатай гэвэл бусад төрлийн хорыг цацаж ариутгадаг.
-Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэрэг хэд хоног аялдаг юм бэ?
-Арав хоног аялдаг. Өнөөдөр Москваг зорьж байгаа галт тэрэг энэ сарын 12-нд Улаанбаатарт ирсэн. Хүмүүс, ялангуяа орон нутгийн, ойр, ойрхон зогсдог галт тэрэгний зорчигчид үнэндээ соёлгүй байна. Энэ дашрамд зорчигчдод галт тэргээр соёлтой үйлчлүүлж байгаач ээ гэж хүсмээр байна.
Туяа инженертэй ийнхүү ярилцаад Улаанбаатар суудлын депогийн үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Ч.Гончигсүрэнгийн өрөөнд орлоо. Тэрбээр Монгол телевизэд энэ талаар мэдээлэл өгсөн. Тодорхой хугацаанд тандалт хийсний дараа харх байсанг эсэхийг мэдэх болно. Тэр үед нь мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүргэх болно гэв. 2000 онд Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд урилгагүй харх дайгдсаныг вагоны үйлчлэгч нь цохиж алсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Мөн 2002 онд орос 3-р сургуулийн орчмын хогийн цэг дээр амьдарч байсан хархыг хүн цохиж алсныг зохих байгууллагууд нь олж байсан. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь нэгэн траншейнд харх байсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн баривчилж байсныг уншигчид мэдэх байх. Хэнтийн Дадал сумын Гурван нуурын амралт орчимд хар харх байсныг устгасан гэдэг.
2004.11.06, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button