Цэргийн алба хаагаагүйн нөхөн төлбөрийн хэмжээг 841300 төгрөгөөр тогтоожээ

Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын ажилтан, дэд хурандаа Г.Ганзоригоос тодруулахад,
-Зарлан дуудах хуудас авсан бүхэн цэргийн албанд явдаггүй, тэгж явах ч бололцоогүй. Тиймээс зарлан дуудах хуудас авсан иргэнд цэрэг татлагын байранд ирж асуудлаа шийдвэрлүүлж цэрэгт явах нь явж, хуульд заагдсан шалтгаанаар үлдсэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтээ зохих тэмдэглэлийг хийлгэх ёстой.
-Дүйцүүлэх албанд цэрэг элсүүлэх үү?
-Дүйцүүлэх алба хаахыг хүсч буй иргэдийн хүсэлтийг үндэслэн тухайн жилд дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Энэ тоондоо багтааж энэ удаа дүйцүүлэх албанд хүн элсүүлнэ.
-Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах талаар?
-Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Зэвсэгт хүчин, бусад цэргнийн аль нэг салбарт цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 хүртэлх насны эрчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаана гэж заасан байгаа. Ингэхээр 18-25 насны залуус мөнгөн төлбөрт хамрагдахгүй бөгөөд тухайн жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын сүүлчийн өдрөөр тооцож насыг боддог. Энэ мөнгөн төлбөрийг цэргийн жинхэнэ алба хаагаагүйн төлөө төлж байгаа төлбөр гэж ойлгож болно. Мөнгөн төлбөрийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоодог. Энэ жилийн мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2004 оны 40-р тогтоолоор 841300 төгрөгөөр тогтоосон.
Жишээ нь, 1976 онд төрсөн, хууль гарахад 21 настай байсан иргэн 2002 онд Засгийн газрын 41-р тогтоолоор тогтоосон 750878 төгрөгийн 67 хувь буюу 503088 төгрөгийг төлөх болж байна. Үүнээсээ мэргэжлийн сургуульд суралцаж байсан буюу хуулийн заалтаар чөлөөлөгдөж байсан нь тогтоогдвол болзлоор чөлөөлөгдсөн дөрвөн жилийг хасч тооцно. Ингээд уг иргэн 226389 төгрөгийн төлбөр төлөх болж байх жишээтэй юм.
Энэ маягаар цэрэг татлагын байранд ирж хуулийн заалтын дагуу чөлөөлөгдөж, түүнийгээ цэргийн үүрэгтний үнэмлэхтээ зохих ёсоор тэмдэглүүлж байсан тэмдэглэл бүрийг хасч тооцох юм. Иймд иргэд цэргийн үүргээ биелүүлж цэргийн зарлан дуудах хуудас авсан тохиолдолд цэрэг татлагын байранд ирж асуудлаа шийдвэрлүүлж байх нь манай ажилд төдийгүй амьдралд нь хэрэгтэй гэдгийг дахин хэлэх байна.
-Гэрээт цэргийн албанд иргэдийг элсүүлэх үү?
-Энэ татлагаар Зэвсэгт хүчинд сайн дурын үндсэн дээр гэрээгээр алба хаах иргэдийг сонгон шалгаруулж авна. Ер нь энэ ажлыг бид бүтрэн жилийн турш үргэлжлүүлэн хийж гэрээт цэрэг элсүүлэн авч байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Иймд цэргийн жинхэнэ албыг хаасан 25 хүртэлх насны иргэд цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаахыг хүсвэл бид сонгон шалгаруулалтаар элсүүлсэн авч Улаанбаатар хот, Төв, Өвөрхангай аймгуудын нутгуудад байрлаж байгаа цэргийн ангиудад алба хаалгах юм. Тэгэхээр гэрээгээр алба хаах хүсэлтэй иргэд өөрийнхөө харьяа дүүргийнхээ цэргийн штабт очиж бүртгүүлэх юм. Харин цэргийн жинхэнэ албыг найман сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч түрүүч нар гэрээгээр алба хаахыг хүсвэл анги байгууллагынхаа удирдлагуудтай уулзан санал хүсэлтээ гаргаж болно. Цэргийн анги байгууллагууддаа гэрээт цэрэгт элсүүлэх ажил хийж байгаа.
2004.11.05, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button