Дүүргийн засаг даргад нэр дэвшигчид тодорлоо

Өнөөдөр сонин өмнөх дугааруудаараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг даргад нэр дэвшигчдийн тухай мэдээлсэн билээ. Нийслэлийн дүүргүүдийн хувьд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нараа өчигдөр орой нэр дэвшүүлж дууссан байна. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар өмнө нь тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Батхуягийг сонгож, Засаг даргад Нийслэлийн хүүхэд, залуучуудын газрын дарга Ц.Цогзолмаагийн нэрийг дэвшүүлсэн бол Баянзүрх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Б.Төмөрбаатарыг улируулан ажиллуулахаар болов. Харин Засаг даргад Э.Мөнх-Очирыг санал болгосон байна. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Б.Очирбат, Ц.Тунгалаг нарыг хэвээр үлдээхийг зөвшөөрсөн аж.
Сонгинохайрханы ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар өмнө нь Засаг даргын орлогч байсан Д.Баярсайхан, Засаг даргад Л.Найданг дахиулах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Хан-Уулын Засаг дарга Д.Загджав, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Совдоо нар улиран сонгогдохоор байна. Баянгол дүүргийн Засаг даргад Зоригийн нэрийг дэвшүүлжээ. Гэхдээ өмнөх дарга Зоригт бус Материалимпекс компанийн захирал гэсэн. Хурлын даргаар нь Дэмбэрэлдаш улиран сонгогджээ. Налайх, Багануурын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар С.Батдорж, Л.Шагдарсүрэн нар сонгогдож, Засаг даргад Ш.Энхсайхан, Ч.Оюунбаатар нарын нэр дэвшээд байна.
Нэр дэвшсэн хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч батламжлах ёстой. Гэхдээ шинэ Засаг дарга нар албан ёсоор тодрох арай болоогүй гэсэн. Учир нь Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсний дараа дүүргүүдийн дарга нарыг батламжлах юм байна.
2004.11.06, Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button