Ээлжит бус хуралдаан боллоо

МОНГОЛЫН ХЭСГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАВ
Монгол Улсын Засгийн газар, гадаад орны Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж тогтоол гаргалаа. Тухайн оронтой явуулж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд Монголын талаас оролцох төлөөлөгч, шинжээчдийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар дээрх тогтоолоор тогтоолоо.

КОМИССЫН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Хоёр талын харилцаа хамтын ажиллагааны цар хүрээ, бодит шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газар болон ОХУ, БНХАУ, Европын холбоо, Франц, ХБНГУ, Турк, Канад, Болгар, Вьетнамын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, ОХУ-тай байгуулсан Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг 2005 онд хуралдуулах тухай асуудлыг Гадаад хэргийн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулсныг хэлэлцээд зүйтэй гэж үзлээ. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас санхүүжүүлж байхаар зарчмын хувьд тогтож, хуралдаан болох үед нь зардлын төсвийг Сангийн яамаар хянуулан шийдвэрлэж байхаар боллоо.

МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГО ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Төрөөс мөнгөний талаар 2005 онд баримтлах бодлогын төсөлд Засгийн газраас санал, дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцээд, инфляцийн түвшин нэмэгдэх хандлагатай байгааг харгалзан мөнгөний хатуу бодлого явуулах нь зүйтэй гэсэн санал өгөхөөр тогтлоо. Түүнчлэн, банкны системд гарч болзошгүй аливаа эрсдэлийн эсрэг зохион байгуулалт, хяналт шалгалтын ажлыг сайжруулах, банкны буе санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах, банкны буе санхүүгийн зах зээлийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороог байгуулах, үйл ажиллагааг нь зүгшрүүлэх, мэн эрх зүйн орчныг боловеронгуй болгох замаар банкны зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах тухай заалтуудыг Төрөөс мөнгөний талаар 2005 онд баримтлах бодлогын төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа төсөл санаачлагчдад уламжлахаар болов.

ОРОН СУУЦЫГ ЭЗЭМШИГЧДЭД НЬ ХУВЬЧЛАХААР БОЛЛОО
Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн багш, ажилчдийн 60 айлын орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах асуудлыг хэлэлцээд, зүйтэй гэж үзэн, хувьчлалыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод зөвшөөрлөө.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харъяа Өвөрхангайн Технологийн сургууль нь 1974 онд хичээлийн болон дотуур байр, багш, ажилчдын 60 айлын орон сууцны хамт ашиглалтанд орсон байна.

БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР ТОГТОВ
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батласантай холбогдуулан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцээд, шийдвэрийн төслийг УИХ-д өргэн мэдүүлэхээр тогтлоо. УИХ-ын тогтоолын төсөлд, Үндэсний зөвлөлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүлэн ажиллах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газар, даатгуулагчид, ажил олгогчдын тэнцүү тооны төлөөллийг оруулахаар, мэн тэдгээр гишүүд албан тушаалаас өөрчлөгдөх зэргээр тухайн талаа төлөөлөх боломжгүй болсон нөхцөлд шинээр томилох гишүүнийг хуульд заасны дагуу УИХ-д оруулж шийдвэрлүүлж байхаар тусгасан байна.

ЕГИПЕТТЭЙ БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА
Каир хотноо энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр-ийг баталж тогтоол гаргалаа. Хэлэлцээр нь хөрөнгө оруулалтыг дэмжиж хамгаалах, хохирлыг нөхөн төлөх, улсын орлого болгох буюу хураан авах, маргаан шийдвэрлэх, эрх үүрэг шилжүүлэх, хэлэлцээрийг хэрэглэх, хүчин төгэлдер болох зэрэг 13 заалттай бөгөөд энэхүү хэлэлцээрээр талууд нөгөө талын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын орлогод өөрийн хөрөнгө оруулалт буюу гуравдагч орны хөрөнгө оруулалтад олгож байгаагаас дутуугүй тааламжтай нөхцөл олгох үүрэг хүлээж байгаа юм.

ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн аравдугаар сард Канад Улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурж батласан Ялтан шилжүүлэн өгөх тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын гэрээ-г соёрхон батлуулах тухай асуудлыг хэлэлцээд, УИХ-д өргэн мэдүүлж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Монгол-Австри болон Монгол-Украины Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаануудыг энэ сард зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцээд, зүйтэй гэж үзэн уг хуралдаанд оролцох Монголын төлөөлөгчдийн удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хоёрдугаар хуралдааныг энэ сарын 16-19-нд Вена хотноо, Монгол-Украины Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааныг энэ сарын 15-17-нд Киев хотноо тус тус зохион байгуулахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
/olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button